“Эгийн гол” усан цахилгаан станц төслийг удирдаж байсан Д.Одхүү намаа, намын даргаа ч өмөөрөв.
Тэрбээр “С.Эрдэнэ гэдэг их муу хүн. Ийм муу хүн АН-ыг удирдаж байгаа учраас энэ нам муу байна. Түүнийг сольчихвол л АН сайн болчих гээл байна.Тэгвэл л би дэмжинэ” гэж ярьдаг хүмүүс бий. Зүгээр л сэтгэл хөдлөл, туйлшралаа орхиод бодит байдлыг харъя. Үнэхээр юм ойлгох гэж оролдоод, түүхээс харах юм бол АН нэг хүнээс гэхээсээ илүү нүүр царай нь болсон лидерээсээ, тэдний байр суурь ямар байхаас хамаарч ирсэн. Энэ нь АН-ын гайхалтай сайн, бас сул тал нь. АН-ын нүүр царай болж байсан үе үеийн дарга нар янз бүр л байсан. Өнөөгийн АН-ын дарга С.Эрдэнийн сайн чанар нь намын үзэл баримтлалыг маш тодорхой ойлгомжтой болгож, тэр зарчмуудаасаа няцахгүй хатуу, тууштай зогсож байгаа. Магадгүй тийм ч учраас нам дотроо болон гаднаа дайсан ихтэй байдаг байх. Өөрийн байр сууриа бодлоо илэрхийлэхдээ боловсон гоё үгээр бус шулуухан заримдаа хатуу хөтүү хэлдэг. Тэр нь зарим хүмүүст таалагдахгүй, буруу харагддаг зүйл ч бий.
С.Эрдэнийг нэг их намбатай, сул үг хэлдэггүй, ярвагар, гоё дарга болгож харагдуулах боломж байгаа л байх. Тийм пиар ч хийж болно. Эргэн тойрныхон нь бүгдээрээ эв нэгдэлтэй гэсэн дүр эсгэсэн, тал зассан, толгой дохисон, нижигнэтэл алга ташсан болгож харагдуулах тийм ч хэцүү зүйл биш. Тэгээд АН ийм болсон гээд төсөөлдөө. Бууж байна уу. Надад л лав буухгүй байна. Шударга байна гэдэг чинь дүр эсгэхгүй, байгаагаараа байх гэж л би ойлгодог. Өмнө нь ч байсан, одоо ч байгаа байдал бол АН хэвийн байгааг л харуулж байгаа хэрэг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012-2016 оны үед Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр болж, Д.Одхүүг даргаар нь томилсон. Ажил нь урагштай байж, нэлээд ажил хийгдсэн байсан ч Засгийн эрх МАН-д шилжсэнээр энэ ажил буцаж унтсан гэж хэлж болно. Хэрвээ уг төсөл хэрэгжсэн бол Монгол Улс цэвэр усны нөөцөө хамгаалаад зогсохгүй эрчим хүчнийхээ 30 хувийг дотоодоосоо хангах бололцоо бүрдэх байлаа. Нэг талаар энэ нь ОХУ-аас авах эрчим хүчний хэрэглээг бууруулна гэсэн үг. Гэвч эрх баригч хүчин төслийг хөдөлгөх талд хуруугаа ч хөдөлгөөгүй юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ