Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, хэрэгжилтийг эрчимжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар даалгалаа
Монгол Улсын Их Хурлын 2014 оны 34 болон 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн зэс-алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх юм.
Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв нь Оюутолгойн нөөцийн ная гаруй хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын тухай байлаа. Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар танилцуулав. Үүнд,
Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөндөв. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна.
Гурван сайдын ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний жагсаалтын дагуу олон ажил хийгдэж байгаагийн хүрээнд 2015 оны зуны ээлжит ТУЗ-ийн хурлаар Менежментийн багийг томилсон байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлсэн ажээ.
Онтре Гоулд компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийн асуудлыг шийдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, тус лицензүүдийг Оюу Толгой ХХК-т шилжүүлэх эсхүл Онтре Гоулд компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас дэмжлэг авч байгааг мөн онцлов.
Түүнчлэн Би-Эйч-Пи корпорацийн гэгдэх Хоёр хувийн роялтийн асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн болохыг дурьдав. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн ажээ. Цаашид энэ мэт асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжийг хатуу мөрдөж ажиллахыг Ерөнхий сайд үүрэгдэв.
Оюу Толгой ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгалаа. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд хэлэхдээ, энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурал (ХЭХ)ын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий. Гэхдээ дараагийн ээлжит Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно.
Өмнөговь аймгийг хөгжүүлэх чиглэлээр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн талаар асуусан Ерөнхий сайдын асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Гэрээний хэрэгжилт сайн байгаа. Ирэх долоо хоногт бид “Ханган нийлүүлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Энэ форумд орон нутгийн төлөөлөл ч идэвхитэй оролцоно” гэдгийг онцлов. Ерөнхий сайд Орон нутгийн дэмжлэг болон Хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулав.
ТУЗ-ийн түвшинд болон Оюу Толгой ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд энэ зун батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд тус асуудлыг байнга хөндөж тавьсаар ирсэн. Цаашид байнгын хяналтанд байх асуудлуудын тоонд оруулан ажиллаж байна. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь эдгээр асуудлаар Оюу Толгой ХХК-ийн удирдлага, ТУЗ, ХЭХ болон Татварын ерөнхий газартай хамтарч ажиллана. Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байна. Одоогоор эдгээр зардлуудыг Үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байна. Дашрамд дурдахад Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) үүнтэй болон бусад зардалтай холбоотойгоор өсөөгүй болно. Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нь гэрээнд өөрчлөлт оруулаагүй, учир нь уг төлөвлөгөөний 8.3-т “Энэхүү Төлөвлөгөөг Монгол Улсын хууль тогтоомж, ХөОГ болон НӨОДТХНГ-ий хүрээнд зохицуулж, тайлбарлана” гэж заажээ.
Төслийн санхүүжилтийг эцэслэх талаар Ерөнхий сайд мөн тодруулга авав. Хөрөнгө оруулагч тал Олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод буй ажээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгав.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА