Эл хаадын олдвороор жагсаалт гаргана

Хуучирсан мэдээ: 2015.10.28-нд нийтлэгдсэн

Эл хаадын олдвороор жагсаалт гаргана

Монголын Эл хаадын улс Иранд 100 орчим жил оршин тогтнож байсан. Энэ ч үүднээс эдүгээ Ираны түүхийн архивт Монголын түүх, соёл урлаг, зан заншилтай холбогдох арвин их дурсгал, олдворууд байдаг аж. Тэгвэл энэ их олдвор, түүхийг хамтран судлах ажлын хэсгийг хоёр орны Шинжлэх ухааны академи, Боловсрол судалгааны төвөөс байгуулсан юм. Багийнхан өнгөрөгч зургадугаар сард Иранд судалгаа шинжилгээний ажил явуулаад иржээ. Энэ ажлын нэг хэсэг болсон “Хижрийн 7-8, нийтийн тооллын 13-14 дүгээр зууны Азийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Гэрэгэ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд нэн тэргүүнд олдвор, түүхэн бүтээлүүдийг судалгааны эргэлтэд оруулж ач холбогдлыг тодорхойлох юм. Мөн Монголын талаас нэн тэргүүнд Ираны архив номын санд хадгалагдаж буй Иль хант улсын түүхийн холбогдолтой баримтын жагсаалт гаргахаар ажиллаж байгаа аж.

14 км үргэлжлэх Ираны түүхэн архивт Монголын хаадын үеийн алт, мөнгөн гэрэгэ, алтан тамга, зоос, Эл хаадын үеийн урлагийн шаазан зэргээс эхлээд түүхийн арвин олдвор бий. Эдгээрийг судалсны үндсэн дээр түүхэн баримтын жагсаалт гаргахаар ажиллаж байгаа юм.
Үүний томоохон хэсэг нь эртний монголчуудын соёл иргэншлийн нэг хэсэг болсон гэрэгэг судлах явдал гэдгийг салбарынхан онцлов. Гэрэгэ гэдэг нь тухайн хүний халдашгүй дархан байдлыг илтгэсэн, нөгөө талаас тухайн хүнийг илтгэх биеийн байцаалт ч байж болно. Одоогийнхоор бол гадаад паспорттой төстэй үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Алт, мөнгө гээд үнэт зүйлсээр чимэглэсэн гэрэгэ нь 13-14 дүгээр зууны үеийн монголчууд, цаашлаад Азийн соёл иргэншлийг харуулах томоохон олдвор гэдгийг академчид онцлов. Энэ ч үүднээс Япон, Хятад, Солонгос гээд олон орны эрдэмтэд гэрэгэг судалсаар иржээ. Хамгийн сүүлд л гэхэд Өвөрмонголын нутгаас алтан хийцтэй, дэлхийд өмнө нь олдож байгаагүй ховор гэрэгэ олджээ. Энэ талаар судлаач ингэж ярив.

Энэ ч үүднээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд Исламын бүгд найрамдах Иран улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУ зэрэг олон улсын судлаачид оролцож байгаа юм.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж