Татварын тайланг хүлээн авах хугацаа дуусахад 4 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

Татварын тайланг хүлээн авах хугацаа дуусахад 4 хоног үлдлээ

Татварын тайланг хүлээн авах хугацаа дуусахад 4 хоног үлдлээ

Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлээд буй. Үүнтэй холбоотойгоор татварын тайлангийн системийг шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх гэж байгаа аж. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах албаны татварын улсын ахлах байцаагч Я.Батжаргалаас тодрууллаа.


-Иргэдийн хувьд татварын тайлангийн систем гацаад байна гэдэг гомдлыг хэлдэг. Ер нь татварын тайлангийн системд ойролцоогоор жилд хэчнээн татвар төлөгч ханддаг юм бэ?

-Татварын тайланг 2013 оноос цахимаар авч эхэлсэн. Жилд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Суутган төлөгчийн татварын тайлан болон төлбөр хураамж, суутгасан татварын тайлангууд гээд жилд 700 гаруй мянган тайланг, татвар төлөгчийн бүртгэл, тайлан, орлоготой холбоотой хүсэлтүүдийг ч цахимаар хүлээн авдаг.  Татварын хууль шинэчлэгдсэнээр тайлан тушаах тоо цөөрсөн.

Жишээлбэл, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланг 100 гаруй мянган татвар төлөгч жилд дөрвөн удаа 400 гаруй мянган тайлан гаргаж, хүлээн авдаг байсан. Татварын хуулийн шинэчлэлээр  аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг зургаан тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлоготой бол жилд дөрвөн удаа, зургаан тэрбумаас бага татвар ногдуулах орлоготой бол жилд 2 удаа,  үйл ажиллагаа явуулдаггүй “Х” тайлан болон хялбаршуулсан горимоор бүртгүүлсэн татвар төлөгч  жилд нэг удаа өгөхөөр хуульд заасан. Ингэснээр нийт системд хандах тайлангийн давтамж цөөрч,  тайлангийн тоо 60 хувиар буурна. Энэ хэмжээгээр ачаалал буурна гэж үзэж байгаа.

-Цахим татварын системийг шинэчилж байгаа учраас сайтын нэр өөрчлөгдөх үү?

-Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдсан, татвар төлөгчид үзүүлэх үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд цахим татварын системээ шинэчилж байна. Цахим тайлангийн системийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн  шинэ систем хөгжүүлэлтийг  Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн улсын үйлдвэрийн газар хийж байна. Цахим татварын ситемийг шинэчилснээр татвар төлөгчдөд илүү хялбар, ойлгомжтой болохоос гадна нэвтрэлтийн нэгдсэн систем, цахим тоон гарын үсгийг хэрэглэх, татвар төлөгч өөрийн ашиглаж байгаа санхүүгийн програмаас татварын тайланг илгээх зэрэг давуу талуудыг бий болгож байна.

Энэ шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын татварын албаны цахим  тайлангийн систем болох www.e-tax.mta.mn сайтыг “Цахим татварын систем” болгон өргөжүүлж www.etax.mta.mn болгон өөрчилсөн.

-Шинэчилсэн татварын тайлангийн системд татвар төлөгчид хэрхэн нэвтрэх талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цахим татварын системд татвар төлөгч хувь хүний нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрнэ. Нэвтрэхийн тулд цахим тайлангийн системд бүртгүүлэх ёстой. Уг системд нэвтэрсний дараа өөрийн байгууллагын эрх холбох, эрхийг тохируулдаг болсноороо онцлог.  Өмнө нь хувь хүн, аж ахуйн нэгж тусдаа нэвтрэх нэр, хэрэглэгчийн нэр, кодоор ордог байсан бол нэвтрэлтийн нэгдсэн системээр нэг нэвтрэх нэр, нууц үгээр  нэвтрэх боломжтой болж тухайн нэвтэрсэн хувь хүн болон эрх холбогдсон байгуулагын татварын тайлан, хүсэлтийг илгээх, нэхэмжлэх, хүсэлт, тооцоолол, төлөлтийн мэдээлэлийг харах, хянах боломжтой болно.  Мөн цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу 1-3 цахим гарын үсгээрээ татварын тайлангаа баталгаажуулан илгээх боломжтой болно.

-Шинэ системийг хэзээнээс нэвтрүүлэх вэ? 

-2019 оны жилийн эцсийн тайлангуудыг 2020 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийг  дуустал хуучин системээр хүлээн авч дуусна. Энэ хугацаанаас хойш цахим татварын системийг нэвтрүүлж эхлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.  Мөн санхүүгийн програм хөгжүүлэгч компаниуд манай цахим татварын системтэй холбогдох хөгжүүлэлтийг хийснээр тухайн програмаас тайлан илгээх боломжтой болно.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж