Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасанг АТГ-аас баривчлан саатуулж, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж шалгаж эхэлжээ. Хуулийнхан түүнийг НДЕГ-ын харилцах дансны жилийн үлдэгдлийг НДС-нд буцаан төвлөрүүлээгүй, "Капитал" банкинд давуу байдал олгож, тус сангийн 230 тэрбумыг шамшигдуулсан гэж буруутгаж байгаа. Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед НДЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.
Түүний баривчилгааг сөрөг хүчин эсэргүүцэж, Ардчилсан намын дэд дарга Б.Дэлгэрмаа “Энэ бол эрх баригчдын сонгууль угтсан улс төрийн акц. Шинэ үе шинэ цагт хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Шүүгч прокуроруудын хонгил үүсч байна” гэж мэдэгдсэн нь У.Хүрэлсүхээс гадна улсын нэгдүгээр хүнд хаягласан үг байлаа.
УИХ-ын сонгууль болгоноор улс төрийн баривчилгаа ширүүсдэг нь энгийн феномин болсон, энэ удаад С.Эрдэнэ дарга руу “хэн нэгэн” сумаа тавиад нумаа нуужээ. Ц.Уртнасангийн баривчилгаа бол С.Эрдэнэ даргад илэрхий анхааруулсан сүрдүүлэг гэж хэлж болно. С.Эрдэнийн нам УИХ-ын сонгуульд амжилттай оролцох нь У.Хүрэлсүхэд төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгад ашиггүй. АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан, ардчиллын үр шимийг хамгийн их хүртсэн, хөлжсөн хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга. Гэвч, Төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш Монголын ардчилалд хамгийн их харшилтай хүний нэг болж хувирсан нь түүний Тамгын газрын даргын үг, үйлдлээс нь тодорхой харагддаг.
Монголыг ШХАБ-д элсүүлэх, цаазын ялыг “албин” хүслээс нь эхлээд Ерөнхийлөгчийн засаглал гэх адын мөрөөдөл зэргийг нь дурдахад хангалттай. Тиймээс Ардчилсан намд Ерөнхийлөгчийн улс төрийг эсэргүүцдэг, шүүмжилдэг хүмүүс Э.Бат-Үүлээс эхлээд цөөнгүй.
С.Эрдэнийн намын үнэт зүйл, үзэл бодолтой ил, далд зөрчилдөх болсон Ерөнхийлөгчид МАН-ыг ялуулах, АН-ыг ялагдуулах маш том шалтгаан байгаа ч биз. 2021 оны сонгуульд 2020 оны эхний өдрөөс бэлтгэж эхэлсэн Х.Баттулгад АН-аас ахиад нэр дэвших сонирхол маш их бий. Харин ардчиллыг тугаа болгож ирсэн АН, авторитори дэглэмийг хүсэмжилж яваа Х.Баттулга хоёрын хэн ялах нь хамгийн чухал болжээ. С.Эрдэнэ энэ удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулбал Х.Баттулгын “хаан” болох боломж хязгаарлагдана.
МАН-ын дарга У.Хүрэлсүхэд С.Эрдэнэ, С.Эрдэнийн нам хоёр муу дээрээ муухай харагдаж байвал ашигтай. Энэ бол улс төр, У.Хүрэлсүхийн буруу ч биш.
Гэхдээ У.Хүрэлсүх Монголын топ 10 улстөрчийг тэргүүлж яваа нь МАН сонгуульд босоо ялна гэсэн үг бас биш. Өөрийнх нь рейтинг тогтмол өсөлттэй, намынх нь рейтинг тогтмол бууралттай гарч байгаа. Гэхдээ АН-ын рейтинг ч МАН-аас дээрдэхгүй. С.Эрдэнийн рейтинг ч муу. Тэгэхээр С.Эрдэнэ рүү чиглэсэн улс төрийн энэ акц /АН-ын дэд даргын дүгнэснээр/ У.Хүрэлсүхээс илүү Ерөнхийлөгчийн “захиалга” гэж харагдаж байна.
Н.Номтойбаярыг дарж авахад У.Хүрэлсүхэд Ерөнхийлөгч тусалсан. Улсын ерөнхий прокуророор хүсэлт гаргуулж, УИХ-д оруулж чадах хүн бол Х.Баттулга. Аяганы хариу өдөртөө гэдэг. АН-ын даргыг АТГ-аар айлгахад даалгаврыг Ерөнхий сайд авсан байх. Өөрөөр хэлбэл, Ц.Уртнасанг баривчилсан нь “хонгилын эзэн”-ий зүгээс С.Эрдэнэд өгч буй мессеж гэж харагдаж байна.
Холбоотой мэдээ