АНУ нь БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн дөрвөн офицерийг кибер халдлагын хэрэгт буруутгаад байна.
2017 онд 147 сая гаруй Америк цэрэг болон Их Британи, Канад иргэдийн нэр, хаяг гэх мэт хувийн чухал мэдээлэл хулгайд алдагдсан хэрэг гарсан юм. АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Барр энэхүү хэргийг "түүхэн дэх хамгийн том мэдээллийн хулгай" хэмээн онцолсон билээ.
Анх 2017 онд "Equifax" компани тавдугаар сард болон мөн оны сүүлд халдлагад өртсөнөө зарласан. Халдагчид жинхэнэ байрлалаа нуухын тулд 20 орны 34 сервер ашигласан байжээ. Компанийн мэдээллийн санд 820 сая үйлчлүүлэгч болон 91 сая бизнесийн мэдээлэл хадгалаастай байдаг аж. Халдлагаар олон хүний хувийн мэдээлэл хулгайд алдагдсан нь байгууллагын аюулгүй байдлын ажиллагаа сул байсан, хариуцлага алдсантай нэг талаар холбоотой учир компани тухайн үедээ олны шүүмжлэл, их хэмжээний торгуульд унаж байв.
Шүүхийн мэдээллээс үзэхэд дөрвөн хакер нь БНХАУ-ын ардын чөлөөлөх армийн 54-р судалгааны институтын гишүүд гэнэ. Мөн тэд "Equifax" компанийн системд удаан хугацаагаар нуугдаж байгаад аюулгүй байдлын сүлжээ рүү нэвтэрч, мэдээллүүдийг хулгайлсан байна. Хакерууд зөвхөн хувийн мэдээллүүдээс гадна худалдааны нууц, мэдээллийн сангийн бүтэц зэрэг есөн төрлийн хулгайн хэрэгт буруутгагджээ.
Сэжигтнүүдийн байрлал одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд шүүх хуралд оролцох магадлал бага байна. Тагнуулын албаны захирал Дэвид Боудич "Бид тэднийг одоохондоо барьж, шүүж, хорьж чадахгүй" хэмээжээ.
Эх сурвалж: bbc.com