АН: Хятадын Коммунист намаас санхүүгийн дэмжлэг авч байгаагүй

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

АН: Хятадын Коммунист намаас санхүүгийн дэмжлэг авч байгаагүй

АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-аас гаргасан мэдэгдлийг тус намын  дэд дарга Б.Дэлгэрмаа уншиж танилцууллаа.

Мэдэгдэлд "АН болон Хятадын Коммунист намын хамтын ажиллагааны хүрээнд 2019 оны арваннэгдүгээр сард АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Хятадын Коммунист намын урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын хүрээнд Хятадын Коммунист намын төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болон тус хорооны олон улсын харилцааны газрын дарга албаны бусад хүмүүстэй уулзаж улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах асуудлаар санал солилцсон. Хятадын Коммунист намын зүгээс дэлхийн улс төрийн намуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг бөгөөд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж ирсэн.Энэхүү зарчмынхаа хүрээнд Монгол Улсын улс төрийн хүчнүүд, улс төрийн намуудтай адил түвшинд харилцан хамтран ажиллаж УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөгчдийг солилцох хөтөлбөрийг олон жил хэрэгжүүлж ирсний нэг жишээ нь АН-ын төлөөлөгчдийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал юм.

УИХ-ын сонгууль ойртсон энэ үед АН-ын  нэр хүндийг унагах, АН-ын гадаад харилцаа бусад улс орны улс төрийн намуудтай хийж буй хамтын ажиллагаанд сэв сууж болзошгүй гүтгэлийн чанартай мэдээг зарим намын удирдлагууд мөн нэр хаяг тодорхой бус хаягуудаас тарааж байгааг АН-ын гишүүд, дэмжигчид эрс буруушаан эсэргүүцэж байна. АН-ын зүгээс бусад улс орон тэр дундаа Хятадын Коммунист намтай сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратеги түншлэлийн харилцааг намуудын хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар аливаа уулзалт яриаг хийж байгаа бөгөөд сонгуулийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн талаар огтхон ч дурдаагүй яриа хэлэлцээр хийгээгүй цаашид ч ийм агуулга бүхий харилцаа манай намын гадаад бодлогод огтоос үгүйг хариуцлагатайгаар хатуу мэдэгдэж байна.

Цаашид Монгол Улсын нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдлэн Монгол Улсын нэр хүндийг эрхэмлэн үзэх, сонгуулийг сурталчилгаа өөрсдийн улс төрийн байр суурийг илэрхийлэхдээ гадаад улсын нэр хүндэд бүдүүлгээр халдах ард түмнээ талцуулах өдөөн турхирах ор үндэсгүй гүтгэн доромжлохоос ангид байж улс төрийн соёлтой, бие биеэ хүндэтгэн үйл ажиллагаагаа явуулахыг АН-ын зүгээс нийт улс төрийн намуудад уриалж байна” гэжээ.

Мэдэгдлийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

-АН-ын БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн юу байв. Яригдсан асуудлуудаас дурдвал?

-БНХАУ-ын төрийн эрхийг барьж байгаа Коммунист намтай манай улс төрийн намууд бүгд л байнга харилцдаг. Коммунист намын зүгээс ч тэр манай улсын улс төрийн намуудтай ижил түвшинд харилцаж ирсэн. АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн айлчлал нь хоёр жилийн өмнө яригдаад хэрэгжсэн айлчлал байсан. Мөн хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан уг айлчлалыг хийсэн бөгөөд айлчлалаар сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, бэхжүүлэх, улс төрийн намуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллахаа илэрхийлсэн.  Намуудын шугамаар эмэгтэй улстөрчдийг  солилцоог хэрэгжүүлдэг мөн өсөж яваа залуу улстөрчдөдөө  туршлага судлуулах түүнчлэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Хятад Улсын хөгжилтэй танилцуулах, аялуулах талаар ярилцсан.Энэ айлчлал 70 жилийн ойг тохиолдуулсан гэдгээрээ онцлог.

-АН БНХАУ-ын Коммунист намаас үзэл суртлын хувьд тэс өөр шүү дээ?

-БНХАУ-ын Коммунист нам бол эрх баригч нам. Бид үзэл бодол нийлэхгүй гээд харилцахгүй байна гэсэн ойлголт биш. Мөнхийн хөрш орнууд. Өөр өөрсдийнхөө улсад намынхаа үзэл суртлаа хийнэ. Манай нам дэлхийн аль ч улс төрийн хүчнүүдтэй харилцаатай явж ирсэн. Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод үйл ажиллагаанд оролцохгүйгээр хамтарч ажилладаг.

-БНХАУ-ын Коммунист намаас АН санхүүжилт аваагүй гэж ойлгох уу?

-Энэ нь хуулиараа хориотой. Улс төрийн нам гаднын аливаа байгууллагаас санхүүжилт авахыг хуулиар хориотой. Тиймээс ямар ч санхүүгийн дэмжлэг авч байгаагүй.Гагцхүү намуудын хоорондын хамтын ажиллагааны асуудал ямар хэлбэрээр явагддаг вэ гэвэл хамтарсан сургалт зохион байгуулах, тодорхой төлөөлөгчдөө харилцан солилцох зэргээр хамтарч ажилладаг. Аль ч улс төрийн намын дэргэд ийм байгууллагууд бий. Бид БНХАУ-ын Коммунист намтай  сайн хөршийн харилцааны асуудлыг ярьж байгаа. БНХАУ-ын Коммунист намын нэг онцлог нь УИХ-д суудалтай улс төрийн аливаа намын хамтын ажиллагааны асуудлыг хөгжлийн хөтөлбөртөө тусгасан байдаг. Тэр хүрээнд айлчлал хийгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж