Шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.2.11/ мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-д Ухань хотоос ирсэн 31 оюутнаас гадна нэг иргэнийг тусгаарлаад байгаа юм байна. Мөн Гашуунсухайтаас 12 хүнээс авсан дээж ирж байгаа ажээ.
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:
Шинж тэмдэг илрээгүй үедээ халдвар тарааж буйг өдөр тутмын үйл ажиллагаа, судалгааны явцад илрүүлж байна. Коронавирусийн халдвар тахлын хэмжээнд хүрэх өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна хэмээн ДЭМБ-ын ерөнхий захирал анхаарууллаа. Халдвартай нэг хүнээс 10 хүнд тарах эрсдэл байна.
1134 ИРГЭН БНХАУ-ААС ИРЖЭЭ
Хил хамгаалах газрын ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж:
Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэн БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох ч юм уу, зайлшгүй шаардлагатай иргэнийг БНХАУ руу нэвтрүүлж байгаа. Өнөөдрийн 01.00-08.00 цагийн байдлаар БНХАУ-аас 634 иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсний 625 нь Монгол иргэн байна. Мөн 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байсан. Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын 11354 иргэн БНХАУ-аас орж ирсэн байна. Мөн нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчоод байна.
ГАШУУНСУХАЙТААС 12 СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫГ ИЛРҮҮЛСЭН
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:
2020 оны нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Тухайлбал, Буянт Ухаа боомт дээр 66, Замын-Үүдийн боомтоор тав, Хавиргын боомтоор гурван тохиолдол илрүүлсэн. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгсөн.
НУУЦ ҮЕ 24 ХОНОГ ГЭХ СУДАЛГАА ГАРСАН
Хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.
-Шинэ коронавирусийн халдварын нууц үеийг 24 хоног гэх судалгаа гарсан байна. Уг нь 14 хоног гэж мэдэгдэж байсан. Аль нь үнэн бэ?
-Халдварын нууц үеийг судалсаар байна. Sars-тай адил дунджаар 2-12 хоног, дээд тал нь 14 хоног гэж үзэж байсан. Зарим судалгаагаар 24 хоног хүртэл байж болно гэсэн хариу гарсан байна. Үүнийг яг нотолж, дүгнэлт өгөх боломжгүй байгаа.
-ХӨСҮТ-д тусгаарласан 31 оюутныг 14 хоног тусгаарлана. Давтан шинжилгээгээр хариу нь сөрөг гарвал шууд явуулах уу?
– Дээрх 31 оюутанд шинж тэмдэг илрээгүй, шинжилгээний хариу сөрөг гарсан тул нууц хугацааг 14 хоног гэж үзээд давтан шинжилгээ сөрөг гэж гарвал, тусгаарлалтыг зогсоогоод ХӨСҮТ-өөс гаргахад аюулгүй гэж үзэж байгаа.
-Бусад сэжигтэй тохиолдлыг шинжилгээний хариу нь сөрөг гарвал тусгаарлалгүй шууд явуулж байна. Энэ нь зөв үү?
-Батлагдаагүй болохоор тусгаарлах шаардлагагүй. Томуугийн дэглэлт нь шинэ коронавирусийн дэгдэлттэй давхцаж байгаа энэ үед ижил шинж тэмдэгтэй болохоор сэжигтэй тохиолдолд түр хамрагдах нь бий.
ХӨСҮТ-ээс авч байгаа арга хэмжээ нь ДЭМБ-ын дагуу сэжигтэй, магадлалтай тохиолдлыг тодорхойлоод явж байгаа. Шинжилгээний хариуг баталгаажсан лабораторид хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар 43099 тохиолдол бүртгэгдэж, 1018 хүн нас барсан. Сүүлийн үе Франц, Герман, Солонгос, Малайз, Сингапур, Испани, АНУ, Тайланд, Хятад улсад зорчсон түүхгүй тохиолдлууд нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Үүнээс гадна шинж тэмдэг илрээгүй хүмүүст халдвар батлагдсан тохиолдол ч гарч байна.
Холбоотой мэдээ