Хятадын дарга Ши Жиньпин коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Бээжин хотын Дитан эмнэлэгт айлчилж, нөхцөл байдалтай танилцжээ. Амны хаалт зүүсэн Ши Жиньпин дарга нийгмийн эрүүл мэндийн төвд айлчлах үеэрээ хамгийн түрүүнд халуунаа шалгуулжээ. Эмнэлэгт айлчлах үеэрээ Ши Жиньпин халдварт өвчний эсрэг илүү шийдвэртэй аргаар тэмцэхийг шаардсан байна.
Үхлийн аюулт халдвар гарснаас хойш Хятадын дарга Ши Жиньпин олон нийтийн өмнө ховорхон үзэгдсэн. Улмаар ард иргэд нь түүнийг нөхцөл байдалтай биечлэн танилцахыг шаардаж байв. Ялангуяа, Ухань хотын төв эмнэлгийн нүдний мэргэшсэн эмч 34 настай Ли овогт коронавирусийн халдвараар өнгөрсөн долоо хоногт нас барснаар олон нийтийн дургүйцэл, эсэргүүцэл нэмэгджээ. Ли олон нийтэд коронавирусийн халдварын аюулыг хамгийн түрүүнд анхааруулахыг оролдсон боловч хууль хүчнийхний сүрдүүлэгт авсан юм. Үүний дараа олон нийт үг хэлэх эрх чөлөөг шаардан олон нийтийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлэх болсон билээ.
Тэгвэл өчигдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянаар ахлуулсан ажлын бүлэг Ухань хотод очиж ажиллажээ.
Уханьд анхлан гарсан коронавирусийн халдвараар 1011 хүн нас барж, 42 мянга гаруй хүн өвчилж, дэлхийн 25 оронд тархаад байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ