Улсын онцгой комиссын шийдвэрээр өчигдөр /2020.02.10/ нүүрсний тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр зогсоохоор болсон. Нүүрс тээврийн нөхцөл байдлын талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодруулсан юм.
-БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Нүүрс тээврийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Нүүрс тээвэрлэлтийн жолооч нар өчигдөр, өнөөдрийг хүртэл хилээр машинтайгаа гараад машинтайгаа орж ирнэ гэж бодоод БНХАУ-ын хил рүү гараад байсан. Гэтэл коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн боомтын тээврийн хөдөлгөөнийг хааж байгаа учраас хилээр зорчигчоор орж ирэх шаардлагатай болсон.
Өнөөдрийн байдлаар /2020.02.10/ Монгол Улсын хилээр тээврийн 27 жолооч зорчигчоор орж ирсэн. Тэдний гурав нь гүнээс буюу цаанаас ирсэн. Тийм учраас 27 жолоочийг Цагаан хадны боомтын наана байрлах “Гурван шар” хэмээх байранд түр тусгаарлаж, хяналтад байлгаж байгаа гэдэг мэдээллийг авлаа.
-Хилийн боомтоор өмнө нь хэчнээн тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт хийдэг байв?
-Хилийн боомтоор өдөрт 850-1000 тээврийн хэрэгсэл гардаг байсан бол сүүлийн 14 хоногт өдөрт 85 машин болтлоо буурсан. Ингэснээр нүүрс тээвэрлэлт 10 дахин буурсан гэсэн үг. Үүний улмаас нүүрс тээвэрлэлтийн компаниудад орж ирдэг санхүүгийн орлого багасч, банкны өр, эдийн засгийн хямралд ороод байна. Албаныхан одоогийн байдлаар Монгол Улс 200 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна гэдэг мэдээллийг өгч байсан.
БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай холбоо, Тээвэрчдийн гэргий нарын холбооноос Авто тээврийн байгууллагатай хамтран ажиллаж, замд очерт ороод буцаж чадахгүй байсан машинуудыг зам чөлөөлөн эргүүлэн татаж, Цагаан хад орчимд парклуулах ажлыг хийж жолооч нарыг гэрт нь буцаасан.
Ингэснээр 1200 орчим машины жолооч нар байснаас 500 орчим нь машинаа тавьж хот буцсан. Сүүлийн долоо хоногт зам дээр хүлээж байсан машинууд хилээр гарч дуусаад байна. Одоо Гаалийн хяналтын талбайн гадна талд хүлээгдэж буй 400 орчим тээврийн хэрэгслийн жолооч нар байгаа гэсэн тоог албаныхан өгсөн.
-Хилийн гадна хүлээж буй жолооч нар ямар нөхцөлд байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Хамгийн гол нь Гашуунсухайт боомтоор орсон тээвэрчид хилийн цаана орох орон гэр, буудал байхгүй маш хүнд нөхцөлд байгаа. Өнөөдрөөс Гаалийн хяналтын нүүрс ачилт, буулгалтын талбайнууд бүгд долоо хоног ачихгүй гэж мэдэгдсэн тул жолооч нар буцаж эхэлсэн. Хилийн цаана нүүрсээ буулгасан жолооч нар амрах байргүй, хоол унд муутай маш их эрсдэлд орж эхлээд байна.
Жолооч нар машиндаа байгаа учраас нэг удаагийн маск тогтмол зүүж байгаа. Зарим нь амны хаалтаа угааж, цэвэрлэж чадахгүй тул маскаа хилээр гарахдаа л зүүж байна. Өөр маскны нөөц байхгүй, маш их эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна гэдгээ хэлж байна.
Хятадын Ганцмод боомтод дэлгүүр үйлчилгээ газрууд ажиллахгүй, хөл хорио тогтоосон учраас хятад эзний машин барьсан жолооч нар хонох газаргүй болсон. Хөтөч гэх машин зуучилдаг Өвөрмонголчууд жолооч нарт ганц хоёр өндөг, ойр зуур хоол машиных нь цонхоор өгөөд буцдаг талаар зарим эх сурвалж хэлж байгаа. Бүх жолооч гэртээ харих санал тавьж байгаа ч ачаатай машинаа хаана тавьж парклахаа мэдэхгүй, бүртгэлтэй компани нь тоохгүй байна.
-Эрүүл мэндийн яамнаас Гашуунсухайт боомттой хил залгаа, Халиут гэдэг газарт шинэ коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Гашуунсухайтын орчимд онцгой байдал зарласан гэсэн үү?
-Гашуунсухайт боомтын залгаа Баяннуур аймгийн Халиут гэх газар коронавирусийн хоёр тохиолдол илэрсэн. Манай жолооч нарын нүүрс буулгаж байгаа талбай БНХАУ-ын боомтоос 120-хон километрийн зайтай. Хятадын талаас хилийн ажилчдадаа хяналт шалгалтаа сайжруулах үүрэг өгсөн. Монголын тал руу халдвар алдвал хатуу хариуцлага хүлээлгэхээр болсон гэдгийг албаныхан мэдээлсэн.
Өмнөговь аймгийн онцгой комисс болон Ханбогд сумын онцгой комиссоос Цагаан хад Гашуунсухайтын орчимд онцгой байдал зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор үйлчилгээний газрууд ажиллахгүй, тээвэрчид Монгол талдаа ч хоол хүнсээр тасрах эрсдэлтэй болсон.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ