“Би мэргэжлийн биш мэргэшсэн зураглаач”

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

“Би мэргэжлийн биш мэргэшсэн зураглаач”

“Би мэргэжлийн биш мэргэшсэн зураглаач”

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн “Хийморь” уран сайхны киноны ерөнхий зураглаач Б.Баатартай ярилцлаа. Тэрбээр өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсаас анх удаа Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд урилгаар оролцоод ирсэн юм.

Түүнийг киноныхон “action Б.Баатар нэрээр андахгүй. Учир нь тэрбээр сүүлийн үед дэлгэцнээ гарсан “Зангараг”, “Үргээлэг 2”, “Яллагч”, “Ар хударга” зэрэг адал явдалт, тулаант жанрын киноны ерөнхий зураглаачаар ажилласан уран бүтээлч. Залуу уран бүтээлч маань дэлхийн нэр хүндтэй наадамд урилгаар оролцож, эх орноо сурталчлаад зогсохгүй, алдартай уран бүтээлчдээс хамтран ажиллах санал хүлээн авсан гэдгээ дуулгасан юм.

-Явсан газрын сонин сайхнаас ярилцлагаа эхлэе. Монгол Улсаас анх удаа Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд урилгаар оролцоод иржээ. Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн тусгай урилга хүлээн авсан гэв үү?

-Өнгөрөгч тавдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан “Холливуд Монголд” фестивальд Холливудын алдартай продюсер, найруулагч, жүжигчин, зураглаачид уригдан ирж, Монголын кино уран бүтээлчидтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, ур чадварын сургалт зохион байгуулсныг хүмүүс мэднэ. Уг фестивалийн үеэр “Хийморь” уран сайхны киног хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид үзээд, их таалагдсан юм билээ.

Тэр дундаа Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Kees Van Oostrum надтай тусгайлан уулзаж, зураглаачийн ажлыг маань магтан сайшаасан. Тэрбээр “Манай нийгэмлэг Монгол гишүүнтэй болвол бид баяртай хүлээж авах болно” хэмээн өөрийнхөө мастер класст урьсан юм.

Тэгээд “Хийморь” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, продюсертэйгээ ярилцаад, өөрийнхөө материалыг бүрдүүлж, нэгдүгээр сарын эхээр 34 дэх удаагийн Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслолд оролцох урилга хүлээн авсан.

Америкийн зураглаачдын холбооны шагнал гардуулах ёслол нь Оскарын наадмын өмнө болдгоороо онцлогтой. Тэр ч утгаар дан ганц кино зураглаачид бус бүхий л томоохон алдартай уран бүтээлчид уригдан оролцдог. Монгол Улсаас “Холливуд Монголд” төслийн санаачлагч, мисс А.Баярцэцэг надтай хамт уригдан оролцсон.

-Дэлхийн нэр хүндтэй наадамд үндэсний дээлээ өмссөн нь үнэхээр сайхан харагдаж байсан. Монгол уран бүтээлчдийг гадны уран бүтээлчид хэрхэн үнэлж, хүлээн авсан бол?

Энэ жилийн ёслолын арга хэмжээнд Монгол кино зураглаач уригдсаныг хараад хүмүүс “Монголоос хүрэлцэн ирсэн юм уу” гэж их гайхаж, хүлээж авсан. Миний хувьд ёслолын ажиллагаанд үндэсний “Хуяг” брэндийн дээлээр гоёсон. Мисс А.Баярцэцэг маань “O.Couture Mongolian” брэндийн үндэсний хувцсаараа гоёж, үндэсний өв соёлоо сурталчилсан.

Ёслолын арга хэмжээний дараа “Joker” киноны зураглаач ирж уулзаад “Би та хоёрыг орж ирэхэд л харсан. Миний нүдэнд шууд туссан” гээд цуг зургаа авахуулсан. Ер нь Монгол уран бүтээлчид үндэсний дээл хувцаслалтаасаа эхлээд л олны анхаарлыг татаж чадсан.

Бид дэлхийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслолд шагнал урамшуулал гэхээсээ илүүтэй уригдан оролцож байгаа нь чухал. Ёслолын арга хэмжээнд оролцож, олон сайхан уран бүтээлчидтэй танилцсан. “Явсан нохой яс зууна” гэдэг шиг ямар ч байсан хоосон эх орондоо буцаж ирээгүй ээ.

-Уран бүтээлийн богцоосоо задлаач?

-Миний хувьд дараа дараагийнхаа төлөвлөгөөгөө гаргаж, ажлын санал хүлээн авсан. Надад ийм том боломж олдсон учраас “АSC” нийгэмлэгийн гишүүн болох том зорилгыг өмнөө тавиад байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд АНУ-ын Лос Анжелес хотод 100 өдөр ажилласан байх ёстой юм билээ. Тэгээд нийгэмлэгийн гишүүнчлэлийн 10 мянган ам.долларын хураамж төлж, хоёр хүний саналаар гишүүн болох эрхээ авдаг юм байна. Би ямар ч байсан энэ нийгэмлэгийн ерөнхийлөгч, уран бүтээлчидтэйгээ танилцлаа. Эхний ээлжинд хамтран ажиллах санал дээрээ ажиллаж, өөрийнхөө бүх хүчийг дайчилна.

Намайг Монгол Улсад байхад АНУ-ын J Salomon Gill гэдэг телевизийн найруулагч, продюсер фэйсбүүкээр найзын хүсэлт явуулж, ажлын санал тавьсан. Тэр хүн маань “Хийморь” уран сайхны киноны трейлерийг нь үзээд, намайг фэйсбүүк хуудсаар хайсаар байгаад олсон юм билээ. Тэгээд надад морины тухай кино хийх гэж байгаагаа хэлээд төслөө танилцуулсан. Сая АНУ-д очихдоо найруулагчтайгаа уулзаж, танилцаад, кино найруулагчаар суралцдаг хүү нь надтай танилцмаар байна гэсэн. Тэрбээр “Манай өвөг эцэг Монгол хүн байсан” гэж ярьж байсан шүү.

-Яагаад кино зураглаач болох замыг сонгов. Эсвэл хэн нэгэн энэ мэргэжлийг сонгоход нөлөөлөв үү?

-Би чинь мэргэжлийн их сургууль төгсөөгүй хүн. Хүүхэд байхад ээж маань ажлаасаа камер авч ирээд, баяр болгоноор гэртээ бичлэг хийдэг байлаа. Ээж маань “Хүнс трейд” компанид нярав хийдэг байсан юм. Одоо хүртэл бидэнд тэр үеийн дурсгалтай бичлэгүүд хадгалаастай байдаг. Хүүхэд байхын л “Би урлагийн хүн болно” гэж ярьдаг байсан. Гэхдээ кино зураглаач болох бодолгүй явж байгаад л гэнэт хальтраад л кино урлаг руу орчихсон. Тэгээд л анх 2000 оны эхээр Гавьяат жүжигчин Н.Нэргүйбаатар, Ё.Цог гуай нартай хамтран телевизийн зохиомжны зураг авалтад их явдаг байлаа. Би авсан зургаа эвлүүлж, ажилдаа улам дуртай болж уран сайхны зураглаач чиглэлээр ажиллаж эхэлсэн дээ.

-Тэгвэл киноны хувьд?

-Би анх “Боловсрол суваг” телевиз үүсгэн байгуулагдаж байхад зураглаачаар ажиллаж байсан юм. Тэгээд 2009 оноос найзуудтайгаа хамтран студи байгуулж, кино урлаг руу орсон доо. Хамгийн анх Монголд “48 цаг” кино наадмыг зохион байгуулахад богино хэмжээний киногоор оролцож, тэргүүн байр эзэлсэн. Тэгээд АНУ-д очин шалгаруулалтад оролцож, шилдэг 15 киноны нэгээр шалгарсан. Мөн Каннын кино наадамд өрсөлдөж байлаа.

Яг бүрэн хэмжээний уран сайхны кино гэвэл зохиолч, найруулагч А.Миеэгомбын “Сайн, муу, хэрцгий” гээд анхны 3D киноноос эхэлсэн. Тэгж явж байгаад уран бүтээлчийнхээ хувьд өөрийгөө олсон кино гэвэл Ш.Доржсүрэн ахын найруулсан “Дүүлэн нис”.

Тэр киноны зураг авалтыг БНСУ-д хийсэн. Бид эндээс тав, зургуулаа явсан. Ерөнхий зураглаач нь Италиас, БНСУ-аас нүүр будаг, дууны найруулагч, жүжигчин, туслахууд нь Энэтхэг улсаас ирж, ажиллаж байсан. Миний хувьд анх киноны эвлүүлэгчээр явсан юм. Тэр киноноос их сургууль төгссөн дайны их зүйлийг сурч, мэдсэн. Тэгээд туршилтаар нэг сцени аваад үзсэн чинь Дооёо ахад таалагдсан юм шиг байгаа юм “Өнөөдрөөс эхлээд Б.Баатар ерөнхий зураглаачаар ажиллана” гээд л надад баяр хүргэсэн. Тэгж л анх би айдсаа ялан дийлж, өөрөө киноны зураг авалтаа гардан хийж эхэлсэн. Анх удаа усан дотор таван метрийн гүнд зураг авалт хийсэн. Монголд бүхэл бүтэн нэг сцени тийм зураг авалт хийсэн кино байхгүй шүү дээ. Кино багийнхан БНСУ-д хоёр сар зураг авалт хийж, Монголд нэг сар зураг авсан байдаг.

өрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн, Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” уран сайхны киноны ерөнхий зураглаачаар ажиллах саналыг анх хэрхэн хүлээж авсан бэ?

Би жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгтэй анх “Ар хударга” киноны үеэр танилцсан юм. Дараа нь “Аав” уран сайхны киног хийхдээ надад санал тавьсан ч би өөр зураг авалттай байж таарсан. Тэгээд дараагаар нь “Үргээлэг 2” уран сайхны кинонд хамтран ажилласан. Эби өмнө нь “Хийморь” киног хийх талаар ярьдаг байсан. Тэгээд л зохиолоо бичиж байна гээд нэг өдөр хамт зохиолоо ярилцаад л эхэлсэн. Ойролцоогоор “Хийморь” уран сайхны киноны зураг авалт хоёр жил үргэлжилсэн. Эхний зураг авалтууд Өмнөговь, Архангай аймгаар авсан бол дараагаар нь Казахстан, ОХУ-д зураг авалт хийсэн. Уран бүтээлчид маань энэ бүтээлдээ бүхий л зүрх сэтгэлээ зориулан ажилласан.

-“Хийморь” уран сайхны киноны зураг авалтын үеэр аль хэсгийн зургийг авахад хамгийн хүндрэлтэй байсан бол?

-Ерөнхий зураглаачийн хувьд киноны сцени болгон дээр өөрийгөө шаналгана. Яаж бүтээлээ төгс болгох вэ гэдгээ үргэлж бодно. Ер нь өөрийгөө шаналгахгүй байна гэж үгүй. Хамгийн хэцүү хэсэг бол “Хийморь” киноны хадтай хэсгийн зураг авалт байсан. Киноны эхний хэсэгт хүүхэд хаднаас дүүжлэгддэг шүү дээ. Хавцлын ирмэг дээр кран зоочихсон, хазгай дээр зураг авалтаа хийсэн. Кран бол таталцлын хуулиараа хэзээ ч хугарахад бэлэн байсан. Кино групп тэр чигээрээ краны суурин дээр айдастайгаар зураг авалтаа хийж байлаа. Би чинь хэр баргийн зураг авалтаас айдаггүй хүн. “Ар хударга” уран сайхны киноны үеэр 12 давхар барилга дээрээс илүү гарч агаар дээр зураг авч л байсан.

Сүүлийн үед жаахан айдаг болоод байгаа шүү. Ер нь тэгээд морины давхиж буй зураг авахад хэцүү шүү дээ. Гадны уран бүтээлчид морио амьд юм шиг хийгээд зураг авч болдог бол бидний нөхцөлд тийм боломж байхгүй шүү дээ. Тийм боломж байсан ч гэсэн өндөр төсөвтэй.

Өдийг хүртэл “Хийморь” уран сайхны кино маань олон шагнал хүртэж, хүмүүст таашаагдаад байгаагийн шалтгаан нь уран бүтээл маань амьдралтай, бодит учраас үзэгчдийн сэтгэлд нь хүрч байна уу даа гэж боддог.

-Одоогоор “Хийморь” уран сайхны киногоо олон улсын хэчнээн фестивальд “сойгоод” байна вэ?

-“Хийморь” уран сайхны кино маань олон улсын долоо, найман фестивальд оролцоод байна. Энэ ондоо Азийн олон улсын кино фестивалиудад сойх сурагтай байна лээ.

Монголын кино зах зээлд ур чадвараараа үнэлэгдэж, кино уран бүтээлчдийн дунд хамгийн эрэлттэй зураглаачаар нэрлэгддэг. Таны ажлын арга барил, онцлог гэвэл?

-Би уран бүтээл болгон дээрээ шинийг эрэлхийлэхийг хичээдэг. Миний уран бүтээлийн онцлог гэвэл тухайн ажиллаж буй кино болгон дээрээ 1-2 удаагийн үргэлжилсэн шот тавьдаг. Ямар ч монтажгүй гэсэн үг. Жишээлбэл, “Хийморь” кинон дээр морьтой хүүхэд давхиж, холдоод наана нь хүмүүс Монгол гэр бариад, хонио ноослоод л, буцаад камер нөгөө хүүхэд дээр ирж, гэр рүүгээ ордог ч гэх юм уу. Энэ бол миний зураглаачийн ажлын онцлог.

Би шинэ уран бүтээл дээр хамтран ажиллахдаа эхлээд найруулагч, продюсер юу хүсч байгааг нь сонсдог. Дараагаар нь тархиндаа зураглаж, киноны өнгө төрхийг тодорхойлно шүү дээ. Тэгээд л гэрэл сүүдрээ төсөөлнө. Яг дотроо төсөөлсөн төсөөллөө камерт буулгахыг зорьдог. Хэрвээ зураг авах камерын өнцөг, олдохгүй, гэрэл болохгүй бол зургаа авахгүй. Ер нь цаашдаа Монгол киноны өнгө төрхийг илүү өндөр түвшинд хүргэнэ гэж зорьж явна.

-Киноныхон таныг “action” Б.Баатар гэж нэрлэдэг юм билээ. Гэтэл сүүлд ажилласан “Хийморь” уран сайхны кино өөр төрлийнх. Цаашдаа ямар төрлийн киногоор өөрийгөө сорих бол?

-Намайг киноны уран бүтээлчид “action” Б.Баатараа” гэдэг. Одоо эргээд харахад цөөнгүй энэ төрлийн киноны зураг авалтыг хийсэн байна. Тодруулбал, “Ар хударга”, “Үргээлэг 2”, “Зангараг”, “Яллагч” зэрэг уран сайхны кино бий. Би сүүлд “Үргээлэг 2” уран сайхны киноноос хойш гурван жил энэ төрлийн кинонд ажиллаагүй юм байна. Ихэвчлэн драмын жанрын кинонд ажиллаж байгаад сүүлд 2019 онд адал явдалт, тулаант төрлийн “Сүүн замын сахиул” уран сайхны кинонд ажиллахад сайхан санагдаж байна лээ. Миний хувьд ямар ч зүйлд өөрийгөө сориход бэлэн байдаг. Бэрхшээлээс айхыг хүсдэггүй. Ямар ч ажлыг аль болох бүтэх талаас нь харж, хийхийг хичээдэг.

-Өнөөдөр Монгол киноны зах зээлд арын албаны уран бүтээлчдийн хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг вэ?

-Ер нь тухайн уран бүтээлчээс л шалтгаална. Арын албаны уран бүтээлчид киноны хамгийн хүнд, нарийн ажлыг хийдэг ч хүссэн хэмжээндээ хөдөлмөрөө үнэлүүлж чаддаггүй. Киноны нээлт болоход тэр кино найруулагчаар овоглож, жүжигчдээрээ олонд хүрдэг. Би тийм уран бүтээлчдийг байранд нь тавих ёстой гэж боддог. Киноны арын албаныхан адилхан л хүйтэнд даарч, халуунд нь халж явдаг хүмүүс. Миний хувьд өөрийн хэлсэн үнэ хөлсөөрөө л уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Манай киночид өнөөдөр нэгдмэл биш учраас энэ асуудал орхигдоод байгаа нь үнэн.

-Уран бүтээлийн цаашдын төлөвлөгөөнөөс хуваалцаач?

-Он гараад л зуны кинонууд хамтран ажиллах гэрээгээ хийгээд эхэлдэг. Мөн 2021 онд хийгдэх зарим ажлын гэрээ хийгээд эхэлсэн байгаа. Өвөрмонгол болон БНХАУ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар бичиг баримтаа бүрдүүлж, багийнхаа мэдүүлгийг өгөөд тэнцээд байна. Монголын киноны зураглалыг өндөр түвшинд хүргэсэн цагтаа найруулагч мэргэжлээр хүч үзэж эхэлнэ.

-Та хамгийн сүүлд ямар кино үзэв?

-Монголынхоо хуучны сайхан уран сайхны кинонуудаа үздэг. Мөн гадны уран сайхны киног үзээд өөрсдийнхөө уран бүтээлтэй харьцуулалт л хийдэг. Зарим киног юу ч бодохгүйгээр үзэгчийн нүдээр үзэхийг хүсдэг. Зарим шилдэг киног ухаж ойлгохыг хүсдэг ч ойлгодоггүй кино ч бий.

Сүүлд БНСУ-ын “Шимэгч” уран сайхны киног үзсэн. Сая АНУ-д явж байгаад Египет театрт Японы алдарт найруулагчийн “Ран” гэдэг уран сайхны кино үзсэн. Тэр киног 1978 онд Францын уран бүтээлчидтэй хамтран хийсэн юм билээ. Орон орны түүхээс сэдэвлэн бүтээсэн бага хаадын хагаралын тухай гайхалтай бүтээл байна лээ. Тэр киноны зураг авалтууд маш сайн байсан. Би бас ном унших их дуртай.

-Гэр бүлд нь уран бүтээлч хүн бий юу. Хүүхэд насныхаа тухай яриач?

-Манай аав тээврийн жолооч хүн байсан. Тийм учраас би хүүхэд насандаа зун болгон аавтайгаа тээвэрт явдаг байлаа. Манайх эцэг, эхээс дөрвүүлээ.

Миний амжилттай яваагийн гол хүч нь манай багийн залуус. Би доороо дөрөв, таван туслах дүү нар ажилладаг. Тэд маань байхгүй бол миний ажил явахгүй шүү дээ. Миний бүхий л бодол санааг багийн залуус маань бодит биелэл болгож өгдөг.

-Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань жүжигчин мэргэжилтэй, н.Өлзийсайхан гэдэг бүсгүй бий. Одоогоор гэртээ хүүхдүүдээ өсгөж байна. Хань маань “Нэгэн нарны дор” олон ангит кинонд тоглож байсан. “Боловсрол суваг” телевизэд ажиллаж байхдаа ханьтайгаа танилцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж