“Золгохоор ирсэнгүй гэж гомдохгүй”

Хуучирсан мэдээ: 2020.02.11-нд нийтлэгдсэн

“Золгохоор ирсэнгүй гэж гомдохгүй”

“Золгохоор ирсэнгүй гэж гомдохгүй”

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор  нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг хязгаарлах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цагаан сарыг албан ёсоор цуцлах санал гаргасныг Улсын онцгой комисс хүлээн аваад буй.

Монголчууд өмнө нь цагаан сарыг тэмдэглэлгүй өнжсөн тохиолдол гарсан уу, мөн УОК-оос гаргасан шийдвэрийг иргэд яаж хүлээн авч байгааг сурвалжиллаа.  Сар шинийн бэлтгэлээ базаасан иргэдийн хөл хөдөлгөөнд зах, дэлгүүр дарагддаг байсан бол энэ жил харьцангуй нам жим байна.

ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ЁСЛОХ НЬ ЗӨВ

Цагаан сарын утга учир болон ямар үед уг баярыг тэмдэглэдэггүй байсныг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор (Ph. D), дэд профессор Д.Даваасүрэнгээс тодрууллаа.

-Хятадад дэлгэрсэн тахлаас болж монголчууд энэ жил цагаан сарыг тэмдэглэлгүй өнгөрч магадгүй байгаа.  Өмнө нь 1952 онд сар шинийг тэмдэглэхгүй байх шийдвэр гарч байсан гэдэг. Үүнээс өөр тохиолдол бий юу?

Монголчуудын ой санамжид нь ойрхон байгаа нь 1952 оны сар шинэ. Маршал Х.Чойбалсан битүүний өдөр нас барсан нь нэг хэсэгтээ Цагаан сарыг “Малчны" гэх тодотголтой, хязгаарлагдмал хүрээний болоход хүргэсэн. Гэвч, энэ бол гадна харагдах талаасаа болохоос бус дотоод агуулга талдаа ямархан байсныг бас хэлэхэд төвөгтэй юм.

Харин айл гэрийн хувьд гэр бүлийн гишүүн нь нас барсан, ялангуяа цагаан сарын өдрүүдэд дөчин есөн хоног нь дуусаагүй үед золгодоггүй ёстой.

-Коронавирусийн халдвартай давхцаж байгаа энэ үед Цагаан сарыг тэмдэглэх нь зөв үү, тэмдэглэхгүй байх нь зөв үү?

-Миний хувьд, цагаан сараа тэмдэглэнэ. Гэхдээ үр хүүхдээ дагуулж, ах дүү найз нөхдийнхөөрөө, нутаг усны ахмад хүмүүсийнхээрээ золгож өргөн дэлгэр тэмдэглэхгүй.

Энэ нь уламжлалт баяраа ёслон тэмдэглэж байгаа, нөгөө талаасаа өргөн олныхоо болоод өөрийн, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг гэж ойлгож байгаа.

Төр засгийн зүгээс ч иймэрхүү чиг өгч, бөхийн барилдаан болон бусад урлаг соёлын арга хэмжээ, нутгийн зөвлөлийн золголтыг хориглосон.

-Энэ жил зарим хүмүүс Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэлгүй тань шиг зөвхөн ёслоод л өнгөрнө гэж байна. Энэ тохиолдолд юун дээр анхаарах вэ?

Ер нь өөрсдийн бололцоо боломжоор тэмдэглэх, ёслох нь зөв шүү дээ. Тэднийх ууц тавих гэж байна, манайх тавина. Тэр тийм дээл хувцас шинээр хийсэн байна, би иймийг хийнэ гэх мэтээр нэг нэгэнтэйгээ барьцах маягаар тэмдэглэх нь буруу.

Магадгүй, зарим талаараа эх захгүй мэт санагдах болсон энэ цаг үед хэн нэгэн үр хүүхдээ дагуулаад айл хэсэж, золгуут хийж. Тухайлбал, ийм тохиолдлыг даган дуурайхгүй байх нь зөв. Манай гэр бүлийн хувьд таваг тариагаа бэлдэж, бууз баншаа хийнэ. Үр хүүхэдтэйгээ золгож, төрдөө ч, шашин соёлдоо ч хүндэтгэл үзүүлнэ.

Гэр бүлийн төсөвт хэтэрхий ачаалалтай байна гээд орчин цагийнхан энгийн жилд ч Цагаан сарыг төвөгшөөдөг, тэмдэглэлгүй өнгөрүүлдэг болжээ. Цагаан сарыг яаж зөв тэмдэглэж өнгөрүүлэх вэ?

Ийм яриаг монголчууд гаргадаггүй байх гэж би боддог. Харахад монгол хүн боловч, ой санамж, үнэт зүйл, ёс уламжлалын хувьд Монголоо больсон, яваа яваандаа хаанахын ч, хэн ч биш болох нэгний тэнэглэл гэмээр юм уу даа.

Цагаан сарыг тэмдэглэхдээ бусадтай барьцаж, бусдын хөлд чирэгдэж “ингэхээс дээ, тэгэхээс дээ”, “нэрэнд муухай юм даа” гэхээ болиод өөрийн чадал бололцоо боломжоороо л ёслох хэрэгтэй шүү дээ.

Тэнэглэл л тээршаахад хүргэж байгаа. Цагаан сараас ч их үү л гэхээс, бага биш зардалтай, дуулиан шуугиантай тэмдэглэдэг, ер нь нэг ч төгрөг зарж тэмдэглэх хэрэггүй баяр ч биш зүйлийг бидний үр хүүхэд, залуус маань тэмдэглэж л байна.

-Цагаан сарын оч холбогдол, үнэ цэнийн талаар дурдахгүй юу?

-Цагаан сарыг онд мэнд орж, элбэг баян, өнөр өтгөн байхыг бэлгэдэн, ерөөн хүсэж тэмдэглэдэг. Зөв, ёс зүйтэй тэмдэглэснээр тийм үр дагавар гарах боломж бий болдог гэхэд буруудах, хилсдэх юмгүй. Зөвхөн энэ жилээр бодоход, Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ёслон тэмдэглэх нь коронавирусийн тархалтыг хязгаарлахад хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтний сайн сайхныг сахин хамгаалах үйлсэд оруулж буй монголчуудын хувь нэмэр болно гэж найдаж байна. 

ИРСЭНГҮЙ ГЭЖ ГОМДОХГҮЙ

Иргэн Ж.Боргил

-Энэ жил Цагаан сарыг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглээд өнгөрүүлнэ л гэж бодож байгаа. Түүнээс өмнө хүүхдүүдтэйгээ зөвшилцөнө. Ах дүү, найз нөхдийгөө сар шинийн баяраар ирсэнгүй, золгосонгүй гэж гомдохгүй. Халдвар намдсаны дараа золгож болно шүү дээ. Эрүүл мэнд хамгаас чухал.

ХОРИГЛОСОН Ч ТЭМДЭГЛЭНЭ

Иргэн Ц.Өлзий

-Цагаан сар тэмдэглэхийг хориглосон ч тэмдэглэнэ. Жилд ганцхан тохиох уламжлалт баяр шүү дээ. Харин Монголд коронавирусийн халдвар гарвал зөвхөн гэр бүлдээ ёслоод өнгөрч болно. Би 93 настай хадам ээжтэй. Ийм өндөр настай хадам ээж дээрээ очихгүй байж болохгүй шүү дээ. Цагаан сар эдийн засагт дарамттай гээд залуусын ярьж байгаа нь тун буруу зүйл. Ах, дүү, төрөл садны ахмад хүмүүстээ хүндэтгэл үзүүлээд очоод золгох хэрэгтэй.

ОГТ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

Иргэн М.Тэргэл

-Уламжлалт баяр болохоор зохистой хэмжээд тэмдэглэх нь зөв. Өв соёлоо танин мэдэж, ах дүү хамаатан саднаараа уулздаг, маш гоё баяр болохоор огт тэмдэглэхгүй байж болохгүй. Тиймээс хамаатны ахмад настай хүмүүстээ хүндэтгэл үзүүлээд очиж золгох нь зөв.

ЭРҮҮЛ БАЙХАД ДАРАА ЖИЛ НӨХӨН ТЭМДЭГЛЭЖ Ч БОЛНО

Иргэн Б.Эрдэнэ

-Эрүүл байх нь чухал. Эрүүл байвал дараа жил Цагаан сарыг нөхөн тэмдэглэж ч болно. Тиймээс коронавирусийн халдвар гарч ч магадгүй байгаа энэ үед Цагаан сарыг тэмдэглэлгүй өнжих нь зөв гэж үзэж байгаа. Би энэ жил Цагаан сарыг тэмдэглэхгүй ч хүүхдүүдээ ирэхэд нь тавгийн идээтэй, бууз банштайгаа угтана.

Ер нь Цагаан сарыг хэтэрхий хүндрүүлдэг болчихоод байгаа. Цагаан сараар ирсэн зочдоо дайлахаас эхлээд настай хүмүүс маш их ядардаг. Хэрэв настнуудаа хүндэлж байгаа бол арай өөр хэлбэрээр тэмдэглэж өнгөрүүлдэг болмоор байна. Халдварт өвчин гараагүй үед бол хамаатан саднаараа нийлээд, нэг газар бөөндөө тэмдэглээд өнгөрүүлэх нь зөв санагддаг.

ГЭРТЭЭ Л ТЭМДЭГЛЭНЭ

Иргэн Б.Чимгээ

-Хориглох шийдвэр гарсан ч, гараагүй ч энэ жил Цагаан сарыг гэртээ л тэмдэглэнэ. Харин аав, ээж, ахмадууд дээрээ очихгүй байж болохгүй болохоор хүүхдүүдээ гэртээ үлдээгээд томчууд нь золголт хийгээд цомхон хүрээнд тэмдэглэнэ.

"Ахмадууд маань урьдын адил хүүхдүүдээ цуглуулаад банш, буузаа чимхээд, бэлтгэлээ базааж байна лээ. Сэтгэл гаргаж бэлтгэлээ базаагаад байхад хүүхдүүд нь очихгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс хориг тавьсан ч Цагаан сарыг тэмдэглэнэ” гэх хүнтэй ч таарсан юм. Мөн “Хүүхдүүдээ гэрээс гаргахгүй. Томчууд нь ахмад настай хүмүүс дээрээ очиж золгоно. Бэлэг сэлт авахгүй. Өөрөөр хэлбэр, ёслоод өнгөрүүлнэ” гэх хүнтэй ч таарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж