Монгол Улсны иргэн бүрэн "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК сүүлийн гурван жил ашигтай ажиллаж ирсэн. Гэвч, ногдол ашиг тараах асуудал хойшлогдсоор байгаа нь үнэндээ ҮАБЗ-ийнхөнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, "ЭТТ"-н ногдол ашгийг тараах үгүйг, юунд зарцуулахыг ҮАБЗ-ийнхөн мэддэг, шийддэг болсон. Өнгөрсөн 2018 оны ашгийг "ЭТТ"-н удирдлагууд болон Засгийн газар иргэддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн ч ҮАБЗ-ийн даргын хүслээр Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг санхүүжүүлсэн билээ. 2019 онд "ЭТТ"-н нэг их наядын ашигтай ажилласан ч иргэддээ мөн ногдол ашиг тараахгүй нь бололтой. Иргэдийн хувьд Тавантолгойн IPO хэзээ гаргахыг, ногдол ашгаа хэзээ гар дээрээ авахыг хүлээсээр. Харин эрх баригчид яаж үрэхээ тооцсоор.
Тус компани 2016 онд цэвэр ашиг нь 32.8 тэрбум төгрөгийн, 2017 онд 401 тэрбум төгрөгийн, 2018 онд 807 тэрбум төгрөгийн, 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллан төрийн өмчит компаниудаас Монголдоо анхдагч болсон гэсэн сайхан мэдээтэй ч 1072 хувьцаатай иргэдэд ногдол ашгийг тараах эсэх нь мөн л тодорхойгүй байна.
2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийснээр иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилаагүй. 2019 оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах уу гэдэг асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгэж буй.
Хувьцаат компанийн тухай хуулиар тухайн жилдээ хэдий хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна, түүнээсээ ногдол ашиг хуваарилдаг. Хувьцааны 85 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг ч Тавантолгойн өчүүхэн хэсгийг буюу 14.7 хувийг ард түмэн эзэмшиж байгаа. Гэтэл ард түмэндээ өгөх хувьцааны өчүүхэн ногдол ашгаар бүтээн байгуулалт хийж байгаа нь шударга бус. Учир нь компанийн бүхэл бүтэн 85 хувийг эзэмшдэг төрийн эзэмшиж байгаа ашиг гэж бий. Тухайн компани хувьцаа гаргасан бол ноогдол ашиг өгөх нь зах зээлийн хууль. Гэтэл энэ зах зээлийн хуулийг МАН хүчээр эвдэж бүтээн байгуулалт нэрийн дор жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шийдвэр гаргаж бүх ашгийг ТӨР авах ёсгүй.
Хэрвээ хувьцааны ногдол ашгийг иргэд өөрсдөө биш, төр захиран зарцуулах эрхтэй юм бол иргэдийн хувьцаа гэж нэрлэх нь ч утгагүй. Ард түмний авах ёстой ашгийг төмөр замд оруулж байгаа юм бол төмөр замаас олсон ашгаас ард түмэн бас л авах ёстой болж таарнаа даа.
Иргэдийн саналаар чухам ямар хөрөнгө оруулалтад зарцуулахаа шийдвэрлэх зүйд нийцэх болохоос биш эздээс нь асуухгүйгээр дур мэдэн зарцуулах нь МАН–ынханы өнөөх социалист сэтгэхүйн илрэл. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 15-ны дотор гэхэд “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилах эсэхийг шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдсэн. Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, ногдол ашиг хуваарилах ёстой. Энэ хугацаа 2020 оны хоёрдугаар сарын 19-нд дуусна.
1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны Ажлын албаны дарга М.Алзахгүй саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Д.Сумъяабазар сайд ногдол ашиг өгөх дургүй байна” гэж гэсэн нь бас ч үгүй үнэний ортой. 1072 ширхэг хувьцааны асуудал сонгууль дөхөхөөр л ашиглагддаг улстөрчдийн хөзөр болчихсон гэж хэлж болно. Энэ байдлыг МАН ч овжин ашиглах сурагтай. Тодруулбал, МАН–ын сонгуулийн мөнгийг "Эрдэнэс Тавантолгой" ХК гаргана гэх бор шувуу жиргээд эхэлсэн.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах иргэдийн өргөдлийг хэлэлцэж, Засгийн газарт “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигч иргэдэд энэ оны цэвэр ашгаас ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэх чиглэлийг өгсөн байдаг. Мөн 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо иргэдийн ногдол ашгийг тараахыг удаа дараа шаардаж ирсэн.
2018 оны долдугаар сард УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржид нээлттэй арилжаалах шийдвэр гаргаж, тогтоолын төслийг баталсан. Ингэхдээ 180 хоногийн дотор бэлтгэл ажлыг дуусгах үүргийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт үүрэгдсэн ч уг ажил өнөө хэр ажил хэрэг болоогүй байна. Дараа нь охин компани байгуулж, түүгээрээ дамжуулж IPO гаргахаар болсон гэж хэлээд мөн л удаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO гаргах бэлтгэл ажил одоогоор үргэлжилж буй. Ойролцоогоор нэг тэрбум орчим ам.долларын IPO-ийг Хонгконгийн хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны эхний хагас жилд багтаан гаргах төлөвтэй байгаа гэх.
Ямартай У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа ЭТТ-н 30 хувьд IPO босгож чадах эсэх мөн иргэдэд ногдол ашгийг нь тараах асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.