Канадын зохицуулалттай цагаачлалын зөвлөх, хуулийн магистр Пүрэвийн Эрдэнэбаяр. Тэрбээр 18 жил гаруй хугацаанд Монгол Улсын хуулийн байгууллагад ажиллаж байгаад 1997-98 онд Англид Эссексийн Их сургуульд суралцан, Олон улсын хүний эрхийн хуулийн магистр цол хүртжээ. Түүнээс хойш олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй холбогдож, улмаар 1999-2014 онуудад Женевт НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газар, Будапештэд Олон Улсын Улаан Загалмайн Хороо, Венад НҮБ-ын Нарийн Бичгийн Дарга Нарын Газарт хуулийн чиглэлээр мэргэжлийн ажил хийж байсан ба 2014 оноос Канадад ажиллаж амьдрах болжээ. Хуульч П.Эрдэнэбаярыг Монголдоо ирэх үеэр нь уулзаж ярилцсанаа хүргэж байна.
КАНАДАД ЦАГААЧ, ДҮРВЭГЧ АВАХ, ХАМГААЛАХ 60 ОРЧИМ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖДЭГ
-Цагаач гэж хэнийг хэлэх вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье!
-Канадын хуулийн дагуу цагаач гэж өөр орноос Канадад байнга оршин суухаар очсон хүмүүсийг хэлж байгаа юм. Цагаач гэдэгтэй холбогдон дүрвэгч гэсэн ухагдахуун гарч ирдэг. Дүрвэгч гэдэг нь мөрдөн мөшгилтөөс зугтаж, аврал хамгаалалт эрэн Канадад нэвтэрсэн хүмүүсийг хэлж байгаа юм. 1951 оны НҮБ-ын Дүрвэгчдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцэд тодорхойлсноор арьс өнгө, шашин шүтлэг, яс үндэс, иргэншил болон нийгмийн аль нэг бүлэгт хамрагдсаны улмаас эх орондоо очвол мөрдөн мөшгигдөх бодит аюул, айдаст байгаа хүмүүсийг дүрвэгч гэх бөгөөд Канадын Цагаач болон дүрвэгчийн асуудал эрхэлсэн Зөвлөлөөр хэлэлцээд, ийм байдал байгааг тогтоовол Канадын Засгийн газар хамгаалалтдаа авдаг. Цагаач ч бай, дүрвэгч ч бай аль аль нь Канадад очсон байгаа тул хоёуланг нь цагаач гэж хэлэх ч тал бий. Монголчуудын Канадад цагаачлах гол шалтгаан нь сайн сайхан амьдрах, үр хүүхдээ аюулгүй орчинд өсгөж хүмүүжүүлэх, сургаж боловсрол эзэмшүүлэх, ажил хөдөлмөр, авьяас чадвараа шударгаар үнэлүүлэх, найдвартай орчинд бизнес, хөрөнгө оруулалт хийхээс үүдсэн байдаг. Монгол Улс 1990 оноос ардчилсан орон болсон хийгээд хүний эрхийн олон улсын гэрээнүүдэд нэгдсэн билээ. Хүн гадаадад зорчих, эх орноосоо явах нь хүний үндсэн эрхүүдийн нэг тул монгол хүн аливаа улс орон, үүний дотор Канадад цагаачлан гарахыг засгийн газраас хүлээн зөвшөөрч байгаа гэж ч ойлгож болох л доо.
-Канадад очсон хойно цагаач, дүрвэгч нарыг ямар хувь заяа угтдаг вэ?
-Цагаачлагч болон дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалдаг олон янзын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Канад нь хүчирхэг эдийн засагтай, тогтвортой ардчилсан төртэй, хүний эрхийг дээдлэн хүндэлж, сахиулдаг, нийгмийн халамж сайтар хөгжсөн, бүх нийтийн эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээтэй улс. Канад нь мужуудаас бүрддэг холбооны улс. Канадын эдийн засгийг цагаачлалаас ангид төсөөлөн үзэх боломжгүй. Цагаач, дүрвэгч авах, хамгаалах 60 орчим хөтөлбөр холбооны болон мужуудын түвшинд хэрэгждэг. Канадад цагаачлах явдал нь эдгээрийн аль нэгийнх нь болзлыг хангасны үндсэн дээр хэрэгжих боломжтой гэсэн үг. Дээр нь дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой хөтөлбөрүүд байна. Явахын тулд албан ёсоор өргөдөл, хүсэлтээ гаргана гэсэн үг. Цагаачлалын хөтөлбөрүүдийг эдийн засгийн анги, гэр бүлийн анги гэж хуваадаг, дээр нь дүрвэгсэд нэмэгдэж байна. Холбооны эдийн засгийн ангиллын хөтөлбөрт мэргэжлийн ажилчин, техникийн болон туслах ажилчин (утгачилан орчуулбал), канадын туршлагатай анги гэж хуваадаг. Заавал дээд мэргэжилтэй, магистр, PhD байх албагүй. Дунд мэргэжлийн, техникийн ажилчид, үйлдвэрийн аргаар мах бэлтгэгч, холын тээврийн жолооч, тогооч, гагнуурчин гээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс хамрагдах боломжтой. Очоод ажил олж хийнэ, амьдралаа залгуулна, гэр бүлээ тэжээнэ гэсэн үг. Түүний хажуугаар орлогоосоо Канадад татвар төлнө, нийгмийн халамжид суутгуулна гээд Канадын эдийн засагт ч нэмэртэй, ажил олгогчдод нь шаардагдах мэргэжлийн хүн хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой.
-Бизнес эрхлэгчдэд хамааралтай ямар хөтөлбөр байдаг вэ?
-Хөрөнгө оруулалтын хэлбэрээр цагаачлах хөтөлбөрүүд байдаг. Идэвхтэй ба идэвхтэй бус хөрөнгө оруулалт гэж ангилдаг. Холбооны хэмжээнд хөрөнгө оруулалтын хөтөлбөр бараг байхгүйтэй адил. Харин бараг бүх муж хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдтэй. Нийт хөрөнгө, үүний дотор хөрөнгө оруулалт хийхэд бэлэн мөнгө шаардагдана. Муж бүрийн шаардах хэмжээ нь харилцан адилгүй. Энэ бүхний цаана ямар хөрөнгийг тооцох вэ гэдгээс гадна үүнийгээ батлах, үнэлгээ хийх гээд тусгай ажиллагаанууд байдаг. Зөвхөн хөрөнгө мөнгө байлаа гээд асуудал шууд бүтчихгүй. Бусад үзүүлэлтүүдийг нь мөн хангах ёстой.
-Тухайн улсынхаа эдийн засагт хөрөнгө оруулна гэхээр мундаг бодлого байх нь?
-Идэвхтэй бус хөрөнгө оруулалтын жишээ гэвэл Куэбэк мужийн хөрөнгө оруулагч цагаач гэдэг хөтөлбөр. Мужийн засгийн газрын баталгаатайгаар тодорхой хэмжээний мөнгийг 5 жилээр хүүгүй зээлүүлнэ. Тухайн муж тэр мөнгийг нь эргэлдүүлж байна. Гэхдээ хаа хамаагүй зүйлд зарцуулахгүй. Шинэ цагаачдыг дэмжих хөтөлбөрүүдэд ашигладаг гэсэн жагсаалт бий. Нэлээд хэдэн жилийн өмнө мөнгөний тоо бага байсан. Хаагдаж нээгдээд байдаг хөтөлбөр. Нээгдэх бүрдээ 400-500 мянган канад доллараар нэмэгдсэн байдаг. Хамгийн сүүлийх нь 2018 оны есөн сард нээгдэж байсан. 2 саяас доошгүй долларын нийт хөрөнгө, үүнээсээ 1,2 саяыг нь дээр дурдсан байдлаар зээлүүлнэ. Мэдээж бусад болзлууд бий. Энэ хөтөлбөр одоогоор хаагдаад байгаа. Харин идэвхтэй хөрөнгө оруулалт гэдэг нь ихэнхдээ дээрхээс бага хэмжээний хөрөнгө мөнгө шаардана. Аль нэг мужид одоо байгаа бизнесийн 51-ээс доошгүй хувийг худалдаж авна. Эсвэл тухайн мужийнхаа шинээр аж ахуйн нэгж байгуулах шаардлагад нийцүүлээд, шинэ бизнес нээж болно. Бүх ажиллагааг зааварт нь яг таг нийцүүлж хийх ёстой. 100 орчим хуудастай зааврууд мөрдөгддөг. Эцсийн бүлэгтээ мужийн нэр дэвшигч болж чадвал байнгын оршин суугч болох зам нээгдэж байгаа хэрэг. Бусад болзлууд дагалдана. Үүнд хүрэхээс өмнө ажлын виз мэдүүлээд гэр бүл, хүүхдүүдээ дагуулаад явж болно. Тэд сургуульд орох, ажил олж хийхэд саадгүй.
-Гэр бүлийн хөтөлбөрүүд гэж юуг хэлээд байна вэ?
-Family sponsorship гэж бий. Канадын иргэн юм уу, байнгын оршин суугч болсон 18-аас дээш насны хүн спонсор болж болно. Тэр хүн гадаадаас хүүхэд өргөж авч болно. Тэр хүүхдээ яаж Канадын иргэн болгох вэ гэдэг асуудал яригдана. Ганц бие, эсвэл гэр бүл салсан байдаг юм уу, шинээр гэр бүл боллоо гэж бодъё, тэгвэл Канадын иргэн биш ч, байнгын оршин суугч ч биш хүнийг спонсордож аваачна гэсэн үг. Яг хуулиндаа хүүхэд харуулна гэж заагаагүй боловч Канадын иргэн юм уу, байнгын оршин суугчид гадаадаас эмээ, өвөөгөө эсвэл аав, ээжийгээ хүртэл байнгын оршин суугчаар авчирдаг хөтөлбөр байдаг. Тэрчлэн ойр дотны хүмүүс нь үхэж үрэгдээд, орь ганцаараа Канадад үлдчихлээ гэхэд тэр хүн гадаадад байдаг цусан төрлийн аль ч хамаагүй нэг хамаатнаа спонсордож авчирч болдог.
ХЭДДҮГЭЭР ҮЕИЙН ЦАГААЧ ВЭ ГЭДГЭЭРЭЭ Л ЯЛГАГДАНА
-Канадын иргэн, байнгын оршин суугч хоёр юугаараа ялгаатай вэ?
-Гадаадаас шууд очоод Канадын иргэн болох боломжгүй. Эхлээд байнгын оршин суугч болоод, дараа нь иргэншил авч болно. Харин Канадын иргэнтэй гэр бүл болбол шууд иргэн болох боломжтой. Урьд нь консерватив нам засгийн эрхэнд байхад ийнхүү гэр бүл боллоо гэхэд байнгын оршин суугчаар дамжиж байж, дараа нь тодорхой шалгуураар иргэн болдог байсныг одоо засгийн эрхэнд байгаа либерал засгийн газрынхан өөрчилсөн. Канадын иргэн, байнгын оршин суугч хоёрт хоёрхон л ялгаа бий гэдэг. Байнгын оршин суугч бол сонгох, сонгогдох эрхгүй. Улс төрийн эрх эдлэхгүй гэсэн үг. Бусдаар бол, жишээ нь оюутны тэтгэлэг авах, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, моргэйж нээлгэх, ажилд ороход ямар ч ялгаа байхгүй. Миний ажиглалтаар бас нэг ялгаа байж болно. Байнгын оршин суугч хүн Канадын нутаг дэвсгэр дээр хүнд гэмт хэрэгт холбогдлоо гэж бодъё. Шүүхээр хэрэг үйлдсэн нь нотлогдлоо гэхэд тэр хүний байнгын оршин суугчийн эрхийг хүчингүй болгоод Канадаас гаргаж болзошгүй. Канадын иргэн бол тэндээ ялаа эдэлнэ. Түүнчлэн Канадын паспорттай бол дэлхийн 156 оронд визгүй зорчино.
-Канадыг цагаачдын орон гэдэг. Жилд хичнээн хүн цагаачилдаг бол?
-Канад өрнөдийн орнууд дотроо хамгийн их цагаач авдаг нь. Нийт цагаачдын тоо гээд ярья. Жил болгон 300 орчим мянгад дөхдөг. Энэ тоо улам өснө. 2019, 2020, 2021 онуудад нийлбэр тоогоор саяас илүү цагаач авах чиглэл батлагдсан. Канадын долоон хүн тутмын нэг нь шинэ тутам очсон цагаач байна гэсэн статистик үзүүлэлт бий. Канад маань ерөөсөө л цагаачдын орон. Чухам хэддүгээр үеийн цагаач билээ гэдгээрээ л ялгагдана. Олон үндэстний соёл заншил гэдгийг төрийн тулгуур зарчим гэж албан ёсоор зарласан улс.
-Канад руу цагаачлах хүсэлтэй хүмүүс ямар шалгуур хангасан байх ёстой вэ?
-Хөтөлбөр болгон өөр өөрийн шалгууртай. Эдийн засгийн хөтөлбөрүүд дээр аль болохоор залуу байх ёстой, хэлний мэдлэг сайн байх ёстой. Боловсрол, ажлын туршлага чухал. Хэрэв эрүүл мэндээр доголдчихвол асуудал гарч ирнэ. Эцсийн бүлэгтээ Канадын эдийн засагт хувь нэмэр оруулаад, тэр хэмжээгээрээ Канадад амьдрах боломжтой болно гэсэн үг. Хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд ч ялгаагүй. Хөтөлбөр болгон дээр өөр өөрсдийн шалгуурууд байдаг. Англи, эсвэл франц хэлний мэдлэг, ажлын туршлага, боловсрол гээд оноо татах ёстой шалгуурууд гарч ирнэ. Канадын холбооны мэргэжилтэй ажилчин (ХМА) гэдэг хамгийн том, түгээмэл хөтөлбөр байна. Ажлын туршлага, боловсролтой залуу хүмүүс хэлний мэдлэг сайн байвал энэ хөтөлбөрт хамрагдсанаар зорьсон хэрэг хамгийн хурдан бөгөөд хамгийн бага зардлаар бүтдэг гэж ярьдаг. 22-35 насны хооронд нас гэдэг үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авах жишээтэй.
-Хэлний шалгуурын хувьд?
-Хэлний үнэлгээ өгдөг Canadian language benchmark (CLB) шалгуураар хэлний мэдлэг үнэлэгдэнэ. ХМА дээр бол CLB7-гоос доошгүй байх шаардлагатай бол хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийн хувьд CLB5 байхад болоод явчихна. Англи хэлний мэдлэгийг IELTS-ийн general training гэдгээр шалгана. Тэгээд авсан оноонуудыг нь CLB руу хөрвүүлж оноо гаргадаг. CLB7 байхын тулд IELTS general training-гээр өгөөд ярих, бичих, унших, сонсох гээд дөрвөн үзүүлэлт тус бүр дээр 6-гаас доошгүй оноо авбал CLB 7-той тэнцэнэ. Дунд түвшний мэдлэг шаарддаг, техникийн ажилчид авдаг хөтөлбөрүүд дээр CLB 5, 4 байж болдог. Гэр бүлийн хөтөлбөрүүд дээр хэлний мэдлэг шаардаад байхгүй. Яваандаа иргэн болъё гээд хүсэлт гаргавал наснаас шалтгаалан хэлний шалгалт авдаг. Франц хэлний хувьд бол TEF-Canada шалгалт өгөх шаардлагатай. Түүнийг манайд байдаг “Alliance Française” дээр үе үе авдаг.
-Ажилчнаар очих хөтөлбөрт хамрагдахыг хүсч буй хүн хэрэглээний мөнгөтэй байх ёстой юу?
-Энэ хөтөлбөрт тэнцэхийн тулд хэрэглээний мөнгөний шалгуур бий. Шинээр очиж байгаа хүн эхний гурван сард ажилд орж цалинтай залгатлаа өөрийгээ болон гэр бүлээ тэжээгээд, хүүхдээ сургуульд оруулаад, байр хөлслөөд авчихна. Үүнд нь хүрэлцэх хэмжээний мөнгөтэй байх ёстой гээд канадын амжиргааны дундаж түвшин дээр үндэслэж хэмжээг нь тогтоосон хэрэглээний мөнгө л дөө. Тэр мөнгө нь ам бүлийн тооноос хамаарна. Ганц бие хүн байлаа гэхэд 12960 канад доллар, 4 хүнтэй ам бүл гэхэд 24083 доллар шаардагдана. Жил болгон дөрөв, таван зуун доллараар нэмэгдээд байдаг. Тэр нь цаанаа инфляц зэрэгтэй холбоотой биз. Гол нь шударгаар олсон мөнгө байх ёстой. Түүнийгээ нотлох ёстой. Цалингийн орлого, бизнесийн орлого ч юм уу, эсвэл хамаатан садан нь спонсордож гаргасан мөнгө байж бас болдог.
-Цагаачлалын хүсэлт гаргахдаа монголчууд ямар түгээмэл алдаа гаргадаг вэ?
-Болзолд нь нийцүүлээд л бичиг баримтаа нотлох ёстой. Нэг л юм дутуу дулимаг бол бүрдэл дутуу гэсэн шалтгаанаар асуудал бүхэлдээ буруудах магадлал өндөр. Бүх зүйл маш нарийн цаг хугацаатай.
-Канадад цагаач гэдгээр нь бусдыг ялгаварлах үзэгдэл гардаг уу?
-Цагаачлалд ялгаварлал байхгүй. Харин ялгаварласан байдал гаргавал Канадын хүний эрхийн хуулийн дагуу шүүхэд зарга мэдүүлнэ, буруутай этгээдэд өндөр ял, торгууль ногдоно.
-Цагаачлалын эцсийн шийдвэр хаанаас гарах вэ? Канадын виз гаргаж өгнө гэсэн зард итгэж болох уу?
-Монголд Канадын Элчин сайдын яам бий. Манайх дипломат харилцаа тогтоогоод нэлээн олон жилийн нүүр үзэж байна. ЭСЯ болгон хажуудаа консулын үйлчилгээ үзүүлдэг албатай. Гэхдээ консул болгон виз, цагаачлалтай холбоотой асуудал хариуцахгүй. Дэлхийг бүсчлэн хуваагаад бүсийн төвүүдэд энэ асуудлыг хариуцуулдаг. Монголчууд Хонконгод суугаа Ерөнхий консулын газарт харъяалагддаг. Байнгын оршин суугч, иргэн болгох уу үгүй юу, түр оршин суух виз өгөх эсэх эцсийн шийдвэрийг Канадын засгийн газар гаргадаг. Тиймээс ямар ч зөвлөгч, эсвэл хуульч “Таны юм бүтнэ, би бүтээгээд өгнө” гэж хэзээ ч ам гарахгүй. Тэгэх эрх ч байхгүй. Үнэ төлбөр нэхээд бэлэн амлаад байгаа хүмүүс бол хуурамч, замаас нь ажиллаж байна л гэж ойлговол зүйд нийцнэ.
-Канадад ямар хүмүүс виз, цагаачлалын асуудлаар төлбөртэй зөвлөгөө, зуучлал үзүүлэх эрхтэй вэ?
-Канадад гурван төрлийн субъект төлбөртэйгээр албан ёсны зөвлөгөө үзүүлж, зуучлал төлөөлөл хийх эрхтэй гээд хуулиндаа заачихсан байгаа. Нэгдүгээрт, миний харъяалагдаж буй Канадын мэргэжлийн зөвлөхүүдийн зохицуулах зөвлөлийн идэвхтэй гишүүн бөгөөд тус байгууллагаас олгосон лицензтэй зохицуулалтай цагаачлалын зөвлөхүүд. Ийм эрх авахын тулд сургалтад нь хамрагдан дипломт хөтөлбөрөөр сурна. Суусан курс бүр дээрээ улирал дундын, эцсийн гээд олон шалгалт шүүлэг өгнө. Дараа нь энэ байгууллагын лиценз авах шалгалтад орно. Үүнд бүртгүүлэхийн тулд бараг цагаачлах өргөдөл өгч, нотлох баримт материал бүрдүүлэхийн дайтай юм болдог. Нэг үгээр хэлэхэд шалгуур нь маш өндөр. Хоёрдугаарт, Канадын аль нэг мужийн хуулийн нийгэмлэгийн гишүүн хуульч байж болно. Гуравдугаарт, Куэбэк мужийн Нотариатчдын танхимын гишүүн нотариатч бас зөвлөгөө өгөх эрхтэй. Бусад нь худал хуурамч гэсэн үг.
-Канадад энэ төрлийн гэмт хэрэг гардаг гэсэн үг үү?
-Дотооддоо “Зөвлөгөө өгнө, зуучлана” гэсэн хууран мэхлэх явдал багагүй гардаг. Тийм хүмүүсийг “Зөвлөгч сүнс” нар гэж нэрлэдэг. Цагаачлалын асуудал дээр ийнхүү хууль бус үйл ажиллагаа явуулах нь эрүүгийн гэмт хэрэг бөгөөд 100 мянган канад доллараар торгох, хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Гэхдээ Канад дэлхийн цагдаа биш учраас гадаадад болж буй үйл явдлыг тэр болгон хянах боломжгүй л дээ. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн зөвлөхөөс туслалцаа авах эсэх нь хувь хүний асуудал. Канадын цагаачлалын хууль тогтоомж маш ээдрээтэй, түвэгтэй. Байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөнө. Энэ бүгдэд нь яв цав нийцүүлэхэд нь мэргэжлийн зөвлөгч нар мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө үзүүлнэ. Баримт нотолгоогоо оновчтой арга тактикаар танилцуулна. Цагаачлалын ажилтан уг асуудал дээр эцсийн шийдвэр гаргахдаа өөрийн үзэмжээр гэсэн үг хуулинд нь байдаг. Үзэмж гэхээр дур зоргоороо шийднэ гэсэн хэрэг биш. Гэхдээ өргөдөл материал, дагалт баримт нотолгоонуудыг шалгасны эцэст өчүүхэн төдий эргэлзээ төрвөл татгалзчихъя, эсвэл буцаачихъя гээд үзэмжээрээ шийдэж болно. Ийм зүйл цөөнгүй тохиолддог. Иймд шаардагдах бүх зүйлийг хуулийн шаардлага болзолд нь нийцүүлэн виз, цагаачлалын ажилтны санаанд нь нийцтэл хийх нь чухал.
КАНАДАД 3000 ГАРУЙ МОНГОЛ ИРГЭН АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ ГЭСЭН ТОО БИЙ
-Зуучлалын хөлс ямар байдаг вэ?
-Барууны орнуудад бүх зүйлс хууль журмаар зохицуулагдсан, хэв загварт орсон байдаг. Түүнээсээ их хэмжээгээр дээшилж, доошлоод савлаад байдаггүй. Харин тэр зааг хэмжээн дотроо хэлбэлзэх юм бий. Үүний нэгэн адил виз, цагаачлалын төрлийн бүх үйлчилгээ тогтсон тарифтай, маш нарийн зохицуулалттай байдаг. Монголд төрөх үнэн, үхэх үнэн гэж ярьдаг бол баруунд төрөх үнэн, үхэх үнэн, татвар төлөх нь бас үнэн гэж ярьдаг. Бүх юм татвараар хянагдаж байдаг учраас бидний бүх орлого тэнд нууц биш ил. Бид тайлагнаж шалгуулж байх үүрэгтэй. Тухайн хүнтэйгээ гэрээ байгуулаад ажиллахаар бол хөтөлбөрийн төрлөөс шалтгаалан мөнгөн дүнгээ тохирдог. Монголчуудын дундаж орлого ямар байдаг билээ, би түүнийг бодолцон хэлбэлзэх хэмжээний хамгийн доод түвшинд тохирдог. Гэрээ нь үе шатуудтай. Тэдгээрт тохирсон төлбөрөө хэсэгчилж авна. Бүх гэрээ манай байгууллагын загварын дагуу, маш нарийн детальчилсан заалтуудтайгаар хийгддэг.
-Нэгэнт авсан иргэний статусыг цуцлах тохиолдол гардаг уу?
-Тийм зүйл байхгүй. Харин байнгын оршин суугч хүн ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэр хүний эрхийг цуцлаад, Канадаас гаргаж болох магадлалтайг түрүүн дурдсан.
-Та Канадын ямар байгууллагад харъяалагдан үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Миний хувьд 2016 онд дипломт хөтөлбөрт нь сурч төгсөөд Orient-West Immigration Consulting гэдэг үйлчилгээний товчоог Онтарио мужийн бизнесийн бүртгэлд бүртгүүлж үүсгэн байгуулсан. Канадад би нэмүү өртгийн татвар төлөгч тул тэнд төлөх мөнгөн дээр 13 хувийн татвар нэмэгдэнэ. Би удирдах байгууллагаасаа зөвшөөрөл аваад гадаад данс нээсэн. Гадаадын буюу Монголд байгаа дансаараа дамжуулаад төлбөр авахад 13 хувь нэмэгдэхгүй. Монгол мөнгөөрөө төлбөр тооцоо хийгдэж болдог. Тухайн гэрээ байгуулсан өдрийн Монголбанкны зарласан монгол төгрөг, канад долларын ханшаар тохирч гэрээнд тусгадаг.
-Хуурамч бичиг баримт бүрдүүлэх асуудал их гарах уу?
-Ерөөсөө цагаачлалын холбогдолтой бүх бичиг баримт үнэн зөв байх ёстой. Байгаагаараа л байж үнэн байна гэсэн үг. Ямар нэг байдлаар хуурамч бичиг баримт бүрдүүлвэл нэгд хууль бус ажиллагаа явагдаж байна. Түүнээсээ болоод юм бүтэлгүйтэж болно. Бүтэлгүйтвэл тэр хүний өөрийнх нь буруу. Хуурамч бичиг баримт хэрэглэх гээд байна гэсэн сэжиг байвал, худлаа яриад байвал манай товчоо үйлчилгээ үзүүлэхгүй. Үзүүлж байсан бол гэрээгээ цуцлана. Хэн нэгэн хүн дээрх байдлууд гаргаад тэр нь илэрвэл таван жилийн дотор Канад руу дахин хандах эрхгүй болно.
-“Канадад цагаачлах эрх тань нээгдлээ” гэсэн утгатай мэйл их ирдэг. Энэ хэр бодитой үнэн байдаг вэ?
-Ийм төрлийн мэдэгдэл, мэдээ энгийн имэйлээр ирэх ёсгүй. Энэний цаана хууль бус, хууран мэхлэх ажиллагаа явж байх талтай. Канадын цагаачлалын албанаас ирэх мэдээлэл нууцлалтай тусгай каналаар илгээгддэг. Зөвлөх ч тэр каналаар тэдэнтэй харьцдаг.
-Та Канадад хэрхэн суурьшсан бэ?
-Би Канад руу 2014 онд нүүсэн хүн л дээ. Байнгын оршин суугч болсон гэсэн үг. Үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод Канад руу хүсэлтээ гаргаад, нийтийн жишгээр зөвлөгч хөлслөөд явж байсан. Тэр үед маш их уддаг байсан. Миний хүсэлт бүр зургаан жил хагас болж байж бүтсэн. Бүр мартчихсан явж байтал нэгэн сайхан өдөр хоёр янзын форм шинэчлээд бөглө, эрүүл мэндийн үзлэгт яаралтай ор, мөнгөний баталгаагаа шинэчлээд ирүүл гэсэн хүсэлт Венад байгаа Канадын ЭСЯ-ны дэргэхэд Ерөнхий консулаас ирсэн. Түүнээс хойш нэг их удалгүй бүтсэн. Тодорхой хугацааны дараа албан ёсоор Канад руу нүүх ёстой байсан. Тэр хугацаанд нь цагаач гэдэг статусаараа орохгүй бол бүх юм маань хүчингүй болчихно. Онгоцоор очиход шинээр ирсэн цагаач гэж хүлээж аваад, байнгын оршин суугчийн картын мэдүүлэг миний нэрийн өмнөөс гаргаж байсан. Долоо хоноод Вена руу ажил руугаа буцсан. Нэг орчихоор таван жилийн хугацаа тоологдоод эхэлнэ. Таван жилийн дотор Канадын нутаг дээр нийлбэр дүнгээрээ 730-аас доошгүй хоног байж байж статус маань дараачийн таван жилдээ сунгагдана. Хэрэв болзол нь хангагдсан бол иргэн болох хүсэлтээ ч шууд гаргаж болно. Нэгэнт хуулийн хүн, бүх насаараа бичиг цаас, хуулийн ажил хийлээ. Хэнээтэй болчихно гэдэг юм уу. Ямар нэг юм хийх ёстой гээд сонирхлынхоо дагуу сургалтад нь хамрагдаад, лиценз аваад ажиллаж байна. Канадыг сонирхсон, зорьсон хүмүүст тус болж чадах зүйл маань энэ дээ.
-Цагаачлалын зөвлөгөө, зуучлал үзүүлж эхэлснээс хойшхи хугацаанд тань Канад руу цагаачлах хүсэлтэй монголчуудын тоо өсөв үү, буурсан уу?
-Ер нь гаръя явъя, Монгол онцгүй байна гэсэн хүн маш их байна. Явна гэхээр аль хөтөлбөрт хамрагдах вэ, болзлыг нь хангаж байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь явах хүмүүсийн тоо, хандлага ихсэж байгаа нь ажиглагдаж байна. Канадад бол Америк зэрэг оронтой харьцуулахад монголчуудын тоо цөөхөн. ЭСЯ-ныхан хоёр, гурван жилийн өмнө 3000 гаруй монгол хүн тэнд байна гэж байсан. Шинээр ирж байгаа хүмүүс Торонтод суурших нь элбэг. Очиж байгаа хүмүүс ихэнх нь дүрвэгч буюу хамгаалал хүсч байна гэсэн замаар очсон байдаг. Тэд Канадын цагаачлалын, эсвэл хил хамгаалах албаны ажилтантай хийдэг анхан шатны ярилцлагаа давж чадвал тодорхой хугацаагаар хүлээсний эцэст захиргааны шүүхээр орж асуудлаа хэлэлцүүлнэ. Үндэслэлээ нотолж хамгаалж чадвал үлдэх эрхтэй болох ба байнгын оршин суугч болох зам нь нээгдлээ гэсэн үг. Канадад үлдээх үү, үгүй юү гэдгийг шийдэхэд нэлээдгүй хугацаагаар хүлээдэг. Тэр хооронд ажиллаж, суралцаж болно. Гэр бүлийнхэн гээд нэг нэгнээ татах замаар очдог улсууд ч бий. Тэнд сураад төгсөхөөрөө нэг жилээс доошгүй хугацаагаар ажил хийчихвэл байнгын оршин суугч болоход хялбар хөтөлбөр ч бий. Яг хөрөнгө оруулагч гэхээр цөөхөн талдаа. Яагаад гэхээр шалгуурыг нь тэр болгон хангахгүй байх шиг, мөнгөний гарал үүсэл дээр хангалттай тайлбар хийхэд учир дутагдалтай байх нь цөөнгүй. Гэхдээ аль ч хөтөлбөрийн хувьд биелүүлэшгүй хатуу шалгуурууд биш шүү дээ. Хүн зорилго тавиад зүтгэвэл болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж монгол ардын зүйр цэцэн үг бий. Монголтой адил танил тал, ар өврийн хаалгаар ажил бүтнэ гэсэн ойлголт тэнд байхгүй. Хуулийн маш нарийн зохицуулалттай, ил тод нийгэм л дээ.
Холбоотой мэдээ