Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл орон даяар онлайнаар явагдаж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэл өглөө.
“Монгол хэл бичиг”-ийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж, гуравдугаар сарын 16-ны 18:00 цаг хүртэл, гуравдугаар сарын 28-нд орон даяар “Монгол хэл бичиг”-ийн шалгалт нэгэн зэрэг эхлэх юм байна. Бүртгүүлэгч эхлээд “Монгол хэл, бичиг”-ийн шалгалт өгснөөр ЭЕШ-д орох бүрэн боломжтой болно.
Өнгөрсөн жилээс эхлэн “Монгол хэл, бичиг”-ийн шалгалтын босго оноо 400 болсонтой холбоотойгоор өмнөх оны шалгуулагч нар энэ жил ЭЕШ-д шууд орох боломжтой. Мөн 12 дугаар анги төгсч байгаа хүүхдүүдийн мэдээллийг “Боловсролын үнэлгээний төв”, Боловсролын яамны нэгдсэн системээс автоматаар татаж эрх үүсгэнэ. Харин “Монгол хэл, бичиг”-ийн шалгалтад орох сурагчид сургуулийн захиргаагаараа дамжуулан орох эсэхээ мэдэгдэж эрх үүсгэх юм. Харин өмнөх оны төгсөгчид заавал онлайнаар бүртгүүлж орохоор болжээ.
Өнгөрсөн онд оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсноор шалгуулагч доод тал нь хоёр хичээлийн шалгалт өгсөн байхаар тусгагджээ. Урьдчилан тооцоогоор энэ жил ЭЕШ өгөх 3200 орчим бүртгүүлэгч байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. Энэ жил нүүр таних шинэ технологийг зарим газруудад туршиж үзэхээр болсон нь бичиг баримтаа мартсан тохиолдолд царайгаа таниулан орох боломжтой болж буйгаараа онцлог гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэв. ЭЕШ-ийн талаарх мэдээ, мэдээллийг “Боловсролын үнэлгээний төв”-ийн цахим хаягаар хүлээж авах боломжтой юм.
Б.ХҮРЭЛЦЭЦЭГ
Холбоотой мэдээ