Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2020.02.10/ 2019 оны шүүн таслах ажиллагааны дүн мэдээ, шүүхийн ачааллын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын шүүх 2019 онд 51 тэрбум 12 сая төгрөгийн төсөв, бүх шатны шүүхийн 505 шүүгч, 1421 захиргааны ажилтны хүний нөөцөөр 86983 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2019 онд 34.5 хэрэг тус тус ноогдож байна. Зарим хүнд гэмт хэргийн тоо өсчээ. Тухайлбал, залилах, хүчиндэх, дээрэмдэх гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байна. Хүчиндэх гэмт хэрэг 46 хэргээр буюу 16.3 хувиар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 95 хэргээр буюу 82.6 хувиар, залилах гэмт хэрэг 151 хэргээр буюу 33.3 хувиар өсчээ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 27 хэргээр буюу 7.7 хувиар буурсан эерэг үзүүлэлтэй байна. Түүнчлэн урьд нь ял шийтгүүлсэн хүний тоо өссөн бол иргэний хэрэг 11.1 хувиар буурчээ. Өнөөдрийн байдлаар давж заалдах шатны шүүхэд 11 хэргийг шийдвэрлэж дуусаагүй хэргийг хянаж буй юм байна.
ШҮҮХИЙН АЧААЛАЛ
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 68.9 хэрэг, 2018 онд 123.6 хэрэг, 2019 онд 138.9 хэрэг, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 63 хэрэг, 2018 онд 76.6 хэрэг, 2019 онд 86.1 хэрэг, сум дундын шүүхийн нэг шүүгчид дунджаар 2017 онд 28.3 хэрэг, 2018 онд 28.4 хэрэг, 2019 онд 34.5 хэрэг тус тус ногдож байна. Сүүлийн гурван жилийн дунджаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 55.3 хувиар, Аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 32.1 хувиар тус тус үзүүлэлтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4758 хэрэг буюу 9.9 хувиар буурсан. Иргэний хэрэг ийнхүү буурахад ажилласан жил тогтоосон маргаан 4147 хэргээр буюу 35.3 хувиар, гэрээний эрхзүйн маргаан 197 хэргээр буюу 1.5 хувиар, гэрээний бус үүрэгтэй холбоотой маргаан 85 хэргээр буюу 6.8 хувиар, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлтэй холбоотой маргаан 456 хэргээр буюу 28.6 хэргээр тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн энэ үеэр шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлснийг онцолж байлаа. Тухайлбал, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн шийдвэрлэсэн 12860 өргөдлөөс 9227 буюу 71.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 28.3 хувь нь амжилтгүй болжээ. Энэ нь иргэний хэргийн шүүхийн ачааллыг 1/5 орчмоор бууруулсан гэж хэлж болох аж.
Э.БУРАМ