Урлагийн бурхдын ордонд намайг…

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Урлагийн бурхдын ордонд намайг…

Ийм нэртэй сонирхолтой, сонгодог тоглолтыг ДБЭТ-ын гоцлол дуучин, нэгэн үеийн шижигнэсэн сопрануудын нэг Ширмэнгийн Наранчимэг энэ сарын 18-нд ДБЭТ-ын тайзнаа хийх гэж байна. Тэрээр өмнө нь 2007 онд “Muza d` opera”, 2008 онд дуурийн гоцлоочид болох Ө.Уянга, А.Сайнбаяр нартай хамтран “Grand opera” тоглолтыг тус тус хийж байсан бөгөөд энэ удаад бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийхээр бэлтгэж байна. Баргийн аавын хүү босго өндөртэй сонгодог урлагийн тайзнаа хүлээн зөвшөөрөгдөх нь элбэг бус. Тийм ч учраас бурхад цугладаг урлагийн тайзан дээр хүлээн зөвшөөрөгдсөнийн тоглолтоо “Урлагийн бурхадын ордонд намайг…” хэмээн нэрийдсэн биз ээ. Ер нь дуучин бүсгүйн ангийнхан авьяаслаг уран бүтээлчид олныг төрүүлсэний заримаас нь дурдвал МУГЖ, уртын дуучин С.Хонгорзул, С.Жавхлан, Т.Баясгалан, СТА Л.Чулуунбаатар гээд нэгэн үеийн чадалтай дуучид төрөн гарчээ. Ш.Наранчимэгийн хувьд СУИС-ийг 2003 онд төгссөнөөс гадна Италийн Ром хотын Санта Чилийн нэрэмжит консерватурт мэргэжил дээшлүүлсэн авьяаслаг дуучин. Тэрээр тоглолтондоо дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн алдартай хөгжмийн зохиолчид болох Ж.Пуччини, Ж.Верди, А.Понкьелли, Монголын сонгодогууд болох Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Төрийн шагналт Б.Шарав, Х.Билэгжаргал, УГЗ Б.Баттөмөр зэрэг хөгжмийн зохиолчдыналдартай ари романс, дуунуудыг дуулах юм байна. “Аида” дуурийн Аидагийн ари, “Жоконда” дуурийн Жокондагийн ари, “Тоска” дуурийн Тоскагийн ари, “Ламбагуайн нулимс” дуурийн Цэрэнлхамын ари, Н.Жанцанноровын “Хүний заяа”, Б.Шаравын “Аав ээж хоёр минь”, Б.Баттөмөрийн “Цэцэгт цэнхэр алчуур” зэрэг мэргэжлийн цараатай хэрнээ олон түмний дунд ардын дуу мэт түгсэн сэтгэлд хоногшсон дуунуудыг дуулах ажээ. Тоглолтонд урилгаар дуурийн гоцлоочид болох Ц.Баттөр, Ч.Доржсүрэн, Э.Амартүвшин нар оролцохоос гадна ДБЭТ-ын яруу алдарт симфони найрал хөгжим, удирдаач, УГЗ Н.Туулайхүү нар хөг эгшиг нэмэх ажээ.        
Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж