Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, өнөө өглөөний 08:00 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 25 улсад нийт 40.550 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн тав хоногийн хугацаанд коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо тогтворжсон ч сэжигтэй тохиолдол болон тэдгээрийн хавьтлуудын тоо ихэссэн байна. Халдварын улмаас нийт 910 хүн нас барсан нь энэ тоон үзүүлэлт буурахгүй байгааг илтгэж буй юм. Нас барагсдын дийлэнх нь 80-аас дээш насны хүмүүс аж.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй ч өндөр эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс санууллаа.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусийн сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдэж, тусгаарласан байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 8-нд Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан иргэнээс авсан нарийвчилсан шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тухайн иргэнд H3N1 хүрээний томуугийн вирус илэрсэн байна. Мөн хоёрдугаар сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өчигдөр (2020.02.09) ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг эмнэлгээс гаргажээ.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутныг эмчийн хяналт дор тусгаарлаж буй юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомттой хил залгаа, 120 км-ын цаана байрлах Халиун гэдэг газарт шинэ коронавирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай тохиолдол батлагдсан гэсэн үг биш гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахад зарцуулах болсон юм.
Энэ ажлын хэрэгжилтийн талаар ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа мэдээлэхдээ “Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, нэг удаагийн хэрэгслүүдийг авахаар болсон. Эдгээрийг худалдан авах гэрээг хийж, энэ долоо хоногт нийлүүлж дуусгахаар ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкнаас нийлүүлэгдэх 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн сүүлийнхийг хоёрдугаар сарын 25 гэхэд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн гадаадын зээл тусламж, олон улсын байгууллагаас нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж ирсээр байгаа бөгөөд маргааш гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавирусийн 500 ширхэг оношлуур ирнэ" хэмээв.
2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр манай улсад Японоос 200 ширхэг оношлуур ирснээс хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 100 гаруй оношлуур үлдсэн байна.
АМНЫ ХААЛТ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ТУЛ ИЛ ЗАДГАЙ ХАЯЖ БОЛОХГҮЙ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Г.Баясгалан:
-Амны хаалтыг гудамж талбайд ил задгай хаях нь аюултай хог хаягдалд орно. Ямар ч халдвартай өвчин амны хаалт зүүж, ил задгай хаясныг хэлж мэдэхгүй. Тиймээс хэрэглэсэн амны хаалтыг энгийн хог хаягдалтай холихгүйгээр тусад нь уутанд савлаж хаях шаардлагатай. Эмнэлэг үйлчилгээний байгууллагуудын хог хаягдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьж байна. Харин айл өрхөд хяналт тавих боломжгүй. Тэгэхээр иргэд соёлтой ухамсартай байх ёстой. Энэ бол хувь хүний хариуцлагын асуудал юм.
Мөн Эрүүл ахуйн тухай хуулийн хориглох заалтад орсон олон нийтийн гудамж талбайд нус цэрээ хаях, хог хаягдлаа ил хаях, шатаах, бие засахыг хориглосон байдаг. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 50 мянган төгрөг, аж ахуй нэгж байгууллагыг 500 мянга хүртэлх төгрөгөөр торгохоор заасан. Энэ хуулийн заалт хэрэгжихэд төвөгтэй заалт. Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан захирамж гаргасны дагуу мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагад хяналт тавихыг үүрэгдсэн. Тэгэхээр холбогдох газрууд хяналтаа тавьж ажиллах байх.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ