Монголчууд дотоодынхоо гутлын хэрэгцээг 100 хувь хангаж чадна

Хуучирсан мэдээ: 2020.02.10-нд нийтлэгдсэн

Монголчууд дотоодынхоо гутлын хэрэгцээг 100 хувь хангаж чадна

Монголчууд дотоодынхоо гутлын хэрэгцээг 100 хувь хангаж чадна

Үндэсний үйлдвэрлэл гэхээр л хэдэн эсгий шаахай л санаанд буудаг. Эсвэл ажлын, өвлийн гутал хаа нэг лангуун дээр үзэгдэх нь төдийлөн анхаарал татдаггүй. Загварын чиг хандлага цаг минутаар өөрчлөгдөхийн хэрээр гутлын хийц, загвар ч бас хувьсан өөрчлөгдөж буй. Ялангуяа өдөр тутамд өдөр тутамд өмсөх загварлаг атлаа чанартай, хөлд эвтэйхэн арьсан гутал ямагт эрэлттэй байдаг. Энэ хэрэгцээг хангаж, дотоодынхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө зорьж буй BOIV арьсан гутлын дэлгүүрийн бүтээгдэхүүнийг онцоллоо.

Үндэсний үйлдвэрлэлийн тоонд зүй ёсоор багтдаг гутлын үйлдвэрлэл, худалдаагаар хэрэглэгчдэдээ хэдийнэ танил болсон BOIV арьсан гутлын дэлгүүрт орчин үеийн загварлаг өдөр тутамд өмсөх өвөл, хавар намрын гутлуудыг борлуулдаг. Монгол хүний хөлийн онцлогт тохирсон, хөлд эвтэйхэн гутлыг 20-30 жил гутал үйлдвэрлэсэн нарийн мэргэжилтнүүд урладаг аж. Дэлгүүрийн лангуун дээрх гутлууд дунджаар 150-300 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь импортын арьсан гутлаас даруй хямд үнэтэй болох нь анзаарагдав. Тухайлбал, Турк, БНХАУ, ОХУ, Итали зэрэг орны арьсан гутал дунджаар 400-800 мянга, нэг сая хүртэлх төгрөгийн үнэтэй байдаг.

Цагаан сар дөхсөн энэ үед BOIV арьсан гутлын дэлгүүрт гоёлын хором, эмэгтэй түрийтэй гутал хамгийн эрэлттэй байгаа аж. Зөвхөн цагаан сар, баяр ёслол гэлтгүй өдөр тутамд өмсөх загварлаг гутлын хэрэгцээ, хэрэглээ нь байвч импортын гутлыг орлож чадахгүй байгаа ганцхан шалтгаан нь “хүний нөөц”-ийн асуудал аж. Тухайн үйлчлүүлэгчийн сонирхсон гутлыг олноор нь үйлдвэрлэдэггүй, ердөө ганц, хоёр л байдагтай холбоотой аж. Хэрэв хүний нөөцийн асуудал шийдэгдэж, гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал 1990-ээд онд Монгол Улс дотоодынхоо гутлын хэрэгцээг хангадаг байсан тэр үеийг сэргээж, энэ салбарыг томруулах боломжтой гэдгийг BOIV арьсан гутлын дэлгүүрийг үүсгэн байгуулагч, захирал А.Цацрал хэлж байв. Түүнтэй ярилцсанаа хүргье.

-Дэлгүүрийнхээ талаар манай уншигчдад танилцуулахгүй юу. Хэрэглэгчдээ татаж амжсан уу?

-Ерөнхийдөө гутлыг гоёлын болон бөөний гэж хоёр ангилдаг. Манай дэлгүүр гоёлын гутал борлуулдаг, үндэсний үйлдвэрлэгчид маань гоёлын гутал урладаг. Харин бөөний гутал гэдэг нь хямд үнэтэй, олон тоогоор хурдан хугацаанд үйлдвэрлэсэн хийц, загвар нь болхи гэх мэт гоёлын гутлаасаа маш их ялгаатай. Гоёлын гутал бол маш нарийн чимхлүүр ажиллагаатай, хугацаа ордог, энэ хэрээр чанартай байхыг шаарддаг. Сүүлийн жилүүдэд Монголд гоёлын гутал үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байна. Бид дотооддоо үйлдвэрлэсэн гоёлын гутлыг дэлгүүртээ борлуулж, хэрэглэгч үйлдвэрлэгчдийг холбож ажилладаг. Дэлгүүрт маань худалдаалж буй гутлуудыг 20-30 жилийн туршлагатай, энэ салбартаа мэргэшсэн хүмүүс загвараа өөрсдөө зохиож урладаг болохоор загварлаг, бас чанартай байдаг. Бид бүхэн хүмүүсийн эрэлт хэрэгцээг судалж, гутлын загвар, хийц, чанарт анхаардаг. Энэ ч утгаараа гутлын эрэлт хэрэгцээ, борлуулалт зөвхөн баяр ёслолоор ч биш жирийн өдрүүдэд ч их байдаг. Манай дэлгүүр 2017 онд анх үүдээ нээснээс хойш дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгүүрийн маань логог харвал хөлөн дээр далавч ургаснаар дүрсэлсэн нь “Таны хөлд жигүүр ургуулах тансаг гутлаар бид үйлчилнэ” гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Ер нь сүүлийн жилүүдэд хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон нь анзаарагддаг. Үйлдвэрлэгч болон бидний зүгээс импортыг орлох бүтээгдэхүүн маань бэлэн, тоо хэмжээний хувьд зах зээлээ хангаж чадахаар үйлдвэрлэж чадвал бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй гэсэн асуудал байдаггүй.

Хэрэглээ, хэрэгцээ нь байвч гутлын үйлдвэрлэл торойж томрохгүй байгаа шалтгаан юунд байна вэ?

-Бидний зүгээс импортын гутлын хэмжээг давж чадахаар гутал үйлдвэрлэж байж, дотоодынхоо хэрэгцээг хангахад илүү анхаардаг. Бид түүхий эдийн нөөц /арьс шир/-өөр дутахгүй боловч хүний нөөцийн асуудал гутлын үйлдвэрлэл хөгжихөд чөдөр болж байна. Жишээ татахад, Ерөнхий боловсролын дунд сургуулиа дүүргэж буй хүүхэд ирээдүйд гуталчин болно гэж боддоггүй. Мэргэжил сонгож буй хүүхдүүд ихэвчлэн дээд сургуульд суралцах, оффист ажиллах л сонирхолтой байдгаас бус гутлын салбарыг тоодоггүй. Монгол Улсад 1990 оноос гутлын үйлдвэрлэлийн салбар уналтад орсон учраас сүүлийн үеийн хүүхэд залуус монголчууд өөрсдөө гутал хийдэггүй л гэж боддог учраас сонирхдоггүй байх. Гэхдээ 2010 оноос эхлээд хувиараа гутал үйлдвэрлэдэг, жижиг дунд үйлдвэрлэгчид бий болж эхэлж байна. Гутал гэдэг бол нарийн мэргэжилд орно. Чанартай гутал хийе гэхэд 3-5 жилийн хугацааг хувь хүнээс шаарддаг. Бидэнд таван жилийн турш гутал хийж, ажиллах хүмүүс олддоггүй. Нөгөө талаас тоног төхөөрөмжөө сайжруулсан байхад хүний нөөцийн дутагдалд орохгүй.

-Гоёлын гутал үйлдвэрлэхэд арьс ширний хувьд гологдол ихтэй байдаг гэж сонссон?

Монгол Улс бэлчээрийн мал аж ахуйтай. Энэ утгаараа амьдын сэв их байдаг. Үүнийг нь боловсруулалтад оруулахад арилдаггүй. Тиймээс арьсыг нэг хоёрдугаар зэрэглэл гэж ангилдаг. Өө сэв багатай арьсыг нэгдүгээр зэрэглэлд ангилдаг. Ийм арьс маш бага гардаг гэж тооцоолдог. Жишээ нь, 50 үхрийн арьснаас 10 нь л нэгдүгээр зэргийнх байдаг. Хэрэв мал аж ахуйн салбартаа анхаарч малын өвчлөлийг багасгавал арьсны өө сэв ч багасна. Нэгдүгээр зэрэглэлийн арьс гарган авах боломжтой. Хэдийгээр нэгдүгээр зэргийн арьс бага гардаг хэдий ч дотооддоо сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болохоор гоёлын гутлаа өндрөөр үнэлдэггүй. Хэрэглэгчдэд очиж буй гутал үнэтэй байх шаардлагагүй гэсэн үг.

Монгол гутал гэхээр л хэлбэр хийц болхи гэсэн нийтлэг ойлголт хүмүүсийн дунд байх шиг. Гутлын чанар чухал уу эсвэл илүү загварлаг байх ёстой юу?

-Нэг хэсэг бүлэг хүмүүс гутал хийж сурч эхлээд л “Би гутал хийж чадна” гэж хувийн бизнес хөөдөг. Гутал хийх аргыг харчхаад л өнгөцхөн дүгнэдэг. Уул нь тэр хүмүүсийн хувьд гутал хийх болоогүй. Тэдгээр хүмүүсийн тухайд зах зээлийн эрэлт, хэрэгцээгээ судлаагүй шууд л гутал үйлдвэрлэдгээсээ болж алддаг. Ямар гутал зарагдах вэ гэдгээ тооцохгүйгээр үр ашиггүй зардал гаргадаг, борлогдохгүй олон гутал үйлдвэрлэдэг. Ерөөсөө донжоо олоогүй. Хүн харахад гутал боловч сонирхож авах бүтээгдэхүүн биш гэсэн үг. Гутал нь эцсийн бүтээгдэхүүн болж амжаагүй байхад л борлуулчхаар эдэлгээ даахгүй салж унах, хэлбэрээ алдах, хүний хөлд эвгүй буюу хөл холгох зэрэг асуудал үүснэ. Ер нь маш олон төрлийн гутал хийж байж сайн чанарын гутал хийнэ. Гутал бол хөлд эвтэйхэн, бас загварлаг байх ёстой. Хөлд эвтэйхэн байлаа гээд болхи хийцтэй байж болохгүй шүү дээ. Товчхондоо, гутал хөлд эвтэйхэн, загварлаг, чанартай л байх ёстой.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэхэд дотооддоо үнийг хэтэрхий хөөрөгдүүлдэг гэж иргэд шүүмжилдэг. Уг нь импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдээ татъя гэвэл үнэ дээр анхаарах ёстой болов уу?

Итали, Германд үйлдвэрлэсэн сайн чанарын арьсан гутал 500 мянган төгрөгийн үнэтэй. Бид гутлаа цэвэр арьсаар хийдэг. Ийм бүтээгдэхүүн Монголдоо маш хямд үнээр борлуулдаг. Дунджаар 150 мянган төгрөгийн үнэтэй. Мэдээж импорттой өрсөлдье гэвэл үнийн хувьд дундаж, импортын бөөний гутлыг хэд дахин давсан чанартай байж чадвал дотоодынхоо гутлын хэрэгцээг хангаж чадна. Ийм гутал үйлдвэрлэе гэхэд гутлаар мэргэшсэн чадварлаг нарийн мэргэжилтэн хэрэгтэй. Дээр дурдсанаар хүний нөөцийн л асуудал тулгамдаж байгаа юм. Импортын гутал бол монголчуудад зориулж үйлдвэрлээгүй бүтээгдэхүүнүүд шүү дээ. Монгол хүний үйлдвэрлэсэн гутлыг худалдан авлаа гэхэд монголчууддаа л хөрөнгө оруулалт хийж, монгол хүнээ дэмжиж, олон хүнийг ажилтай, орлоготой байлгана гэсэн үг. Харин импортын гутал авлаа гэхэд тухайн улсад л хөрөнгө оруулалт хийж, гадагшаа мөнгө урсгаж байгаа юм.

Монголчууд дотоодынхоо гутлын хэрэгцээг бүрэн хангах боломжтой юу?

-Монгол Улс гутлынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангах бүрэн чадалтай. Пүүзнээс бусад загварын, өдөр тутмын гоёлын гутал үйлдвэрлэж байна. Эрэлт хэрэгцээ нь ч их байна. Нэг зүйлийг онцлоход, байгалийн баялаг дундардаг, бидний баялаг ундардаг. Одоо гутал үйлдвэрлэж буй жижиг дунд үйлдвэрлэгчид ардчилал гарахаас өмнө гутлын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүс болон тэдний үр хүүхэд нь шүү дээ. Социализмын үед ч бид гутлынхаа хэрэгцээг дотооддоо хангаж, бүр экспортолдог байлаа. Азид гуравт, дэлхийд 10-т ордог гутлын цогц парк үйлдвэртэй байсан үе бий.

-Та яагаад гутлын салбарыг сонгосон юм бэ?

-Миний ойр дотны хүмүүс гуталчин. Миний хувьд хайртай дотны хүмүүсийнхээ гутлыг зардаг дэлгүүртэй болохсон гэж хүүхэд байхаасаа л мөрөөддөг байсан. Анх дэлгүүрээ нээхээс өмнө байрныхаа орцонд зардаг байлаа. Одоо дэлгүүрээ нээсэн ч цаашид монголчуудынхаа гутлын хэрэгцээг хангахын төлөө зорьж ажиллаж байна. Монгол хүний хийсэн гутлыг монгол хүн өмсөхийн төлөө зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж