Дэлхийн спортын ертөнц өнгөрсөн амралтын өдрүүдэд тун завгүй өнгөрлөө. Франц улсын Парис хотод жүдо бөхийн Парисын Их дуулга тэмцээн зохион байгуулагдсан бол АНУ-д хоёр томоохон тулаан боллоо. Эхнийх нь WBC холбооны хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсний төлөөх тулаан Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд зохион байгуулагдав. Удаах нь UFC-247 Техас мужийн Хьюстон хотын Тоёота центрт зохион байгуулагдлаа.
Хятадын шигшээ нэрээ татаж, Теди Риннер 12 жилийн дараа анх удаа ялагдав.
Эхнийх нь буюу хоёрдугаар сарын 08, 09-ний хооронд Франц улсын Парис хотод энэ жилийн эхний жүдо бөхийн Их дуулгын тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Таван тивийн 115 улсын 683 тамирчин эрэгтэй, эмэгтэй 14 жинд хурд хүч, уран мэхийг уралдууллаа. Энэ удаагийн Их дуулга тэмцээн эхлэхээс өмнө Хятадын жүдогийн үндэсний шигшээ баг нэрээ татсан нь тун сонирхолтой шийдвэр байлаа.
Монгол Улсын хувьд эрэгтэй, эмэгтэй 13 жинд 20 тамирчин оролцлоо. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Д.Сумъяа мөнгө, -48 кг-ын жинд М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Д.Амартүвшин, -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, -66 кг-ын жинд Ё.Басхүү нар тус тус хүрэл медаль хүртсэн. Тэмцээний хоёр дахь буюу сүүлийн өдөр Монголын тамирчид хангалтгүй байж, ээлж дараалан хасагдлаа. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Ө.Дүүрэнбаяр долдугаар байр эзэлсэн нь энэ өдрийн монголчуудын хамгийн дээд үнэмлэхүй амжилт байсан юм.
Монгол Улс хоёр өдрийн дараах байдлаар нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль, нэг шагналт долдугаар байр гэсэн амжилттайгаар багийн дүнгээр долдугаар байр эзэлж, тэмцээнээ өндөрлүүллээ. Мөн энэ удаагийн Их дуулгын нэг сонирхолтой зүйл нь олимпийн хоёр удаагийн аварга, 10 удаагийн дэлхийн аварга, 2010 оноос хойш 152-0 гэсэн амжилттай, нэг ч ялагдалгүй байсан Францын Теди Риннер нутаг дээрээ Японы Кагуера Кокород ялагдан, гуравдугаар тойрогт тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Дараагийн Их дуулгын тэмцээн энэ сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотод зохион байгуулагдана.
UFC-247:Коби Брайантад хүндэтгэл үзүүлж, аваргууд бүсээ хамгаалав.
Мэргэжлийн холимог тулааны UFC холбооны UFC-247-ийн аваргын бүсээ хамгаалах тулаанууд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотын Тоёота центрт боллоо. Тус арга хэмжээний нээлтийн үеэр саяхан харамсалтайгаар амиа алдсан Коби Брайант болон түүнтэй хамт амь эрсэдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулж есөн секунд дуугаа хураав.
Аваргын бүсний төлөөх эхний тулаан эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч киргиз бүсгүй Валентина Шевченко болон аваргын бүсийг горилогч, америк бүсгүй Катлин Чүкагиан нарын хооронд болж өнгөрлөө. Тулаан таван үе үргэлжлэх байсан ч гуравдугаар үеийн 01:03 секундэд Валентина Шевченко хүнд цохилтоор өрсөлдөгчөө унагаан, UFC хөнгөн жингийн аваргын бүсээ хамгааллаа.
Энэ үдшийн хамгийн оргил тулаан хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшигч 32 настай америк эр Жон Жонес болон аваргын бүсийг горилогч өдгөө 30 настай америк тулаанч Доминик Рейс нарын хооронд болж өнгөрлөө. Цус асгарсан ширүүхэн таван үеийн дараа шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулахад 48-47, 48-47, 49-46 гэсэн харьцаатай Жон Жонес ялалт байгуулж, UFC холбооны хагас хүнд жингийн аваргын бүсээ хамгаалсан юм. Мөн Жон Жонес аваргын бүсний төлөө 14-н тулаан хийж бүгдэд нь ялсан нь цорын ганц тулаанч болжээ.
Гари Рассел Жр. туршлага зааж, Н.Төгсцогтод анхны ялагдлыг нь амсууллаа.
Мэргэжлийн боксын WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний төлөөх тулаан өнөөдөр /2020.02.09/ АНУ-ын Пеннсилвани мужийн Аллентаун хотын “PPL Center” төвд зохион байгуулагдсан. Энэхүү тулаан аваргын бүсийг эзэмшигч өдгөө 31 настай Гари Рассел Жр. болон МУГТ, Лондон-2012 олимпийн мөнгөн медальт, өдгөө 27 настай Нямбаярын Төгсцогт нарын хооронд болж өнгөрлөө.
Нийт 12 үе үргэлжилсэн ширүүн тулааны эцэст шүүгчдийн шийдвэрээр ялагчийг тодруулахад 118-110, 116-112, 117-111 гэсэн харьцаатай Гари Рассел Жр. WBC холбооны хөнгөн жингийн аваргын бүсээ хамгааллаа. Ингэснээр тэрбээр 31-1 гэсэн амжилттай болсон бол түүнд ялагдсан Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын замналынхаа анхныхаа ялагдлыг амсаж, 11-1 гэсэн амжилттай боллоо.