З.Амаржаргал: Бүхэл бүтэн номын сан таны гарт байна | News.MN

З.Амаржаргал: Бүхэл бүтэн номын сан таны гарт байна

З.Амаржаргал: Бүхэл бүтэн номын сан таны гарт байна

З.Амаржаргал: Бүхэл бүтэн номын сан таны гарт байна

Англи  хэл суръя гэж боддоггүй хүн үгүй. Зөвхөн ингэж бодоод л яваад байвал та хэзээ ч мөрөөдөлдөө хүрэхгүй. Харин хэл сурахын төлөө уйгагүй хөдөлмөрлөж зүтгэсэн хүн л амжилтад хүрдэг. Тэгвэл “Лингорс” ХХК одоогоос хоёр жилийн өмнө өргөн уншлагын аргачлалын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ач холбогдлыг таниулах зорилтынхоо хүрээнд олон улсын Xreading.com цахим  номын санг Монголд төлөөлөх албан ёсны зөвшөөрөл авчээ. 

Өдгөө “Лингорс” ХХК нь англи хэлний сургалтын хөтөлбөртөө өргөн уншлагын аргачлал хэрэгжүүлэхийг зорьж буй их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, бага дунд, сургууль, сургалтын төв, албан байгууллагуудтай Xreading.com цахим  номын сангийн институтын эрх олгож хамтран ажиллаж байна. Тус байгууллагын сургалт хамтын ажиллагаа хариуцсан ажилтан, англи хэлний багш З.Амаржаргалтай цахим номын сангийн давуу тал болон ач холбогдлын талаар ярилцлаа.


XREADING НОМЫН САНГИЙН НОМУУД НЬ АМАРХАН УЧРААС ҮГИЙН САНГ МАШ ИХ БАЯЖУУЛДАГ

Уншигчдын хэрэглэж буй өргөн уншлагын арга нь гадаад хэлний заах арга зүйд шинэ аргачлал болон түгээн дэлгэрч байгааг судлаачид онцлох болсон. Чухамдаа өргөн уншлага гэж юуг хэлээд байна вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Ерөнхийдөө гадаад хэл суралцагч сурч буй хэлээрээ ойлгоход хялбар ном болон сонсох материалыг их хэмжээгээр тогтмол уншихыг өргөн уншлагын арга гэж нэрлээд байгаа юм. Хамгийн гол нь суралцагчдыг хэл сургах гэж уншуулах бус, унших чадварыг нь сайжруулахад өргөн уншлагын арга нь нөлөөлдөг. Хүмүүс олон төрлийн номыг өөрийн хүсэл сонирхлоор уншсанаар хурдан уншдаг болох, уншиж буй зүйлээ хангалттай сайн ойлгох, толь бичиг хэрэглэхээ больдог зэрэг сайн талтай.

Xreading.com цахим номын санд суурьгүй анхан шатнаас ахисан хүртэл 15 түвшинд ангилагдсан 1000 гаруй ном байдаг гэсэн. Тухайн хэл суралцагчид шинжлэх ухаан, түүхэн, сонгодог зохиол, түүх, өгүүллэг, адал явдалт ба хүүхдийн гэх мэт маш олон төрлийн номноос сонголт хийн  уншсанаар олон чадварт суралцдаг юм байна. Цахим номын сан нь бодит номын сангаас юугаараа ялгарах вэ?

Xreading цахим номын сан нь хялбаршуулсан номын зуу, зуун уншигч гишүүдтэй бөгөөд суралцагчид өөрсдийн сонирхлын дагуу номоо сонгон уншиж, багш нар нь энэ үйл явцыг цахимаар хянах боломжтой байдгаараа онцлогтой.

Хэдийд ч, хаанаас ч суралцах боломжтой ба гар утас, компьютер, таблетаас нэвтрэх бүрэн боломжтой. Хэн нэгэн уншихыг хүссэн номыг номын сангаас авчихсан байх вий гэсэн санаа зоволтгүйгээр бүх ном хүссэн цагт цахим номын санд байж л байна.

-Номын хүрэлцээтэй байдалд санаа зоволгүйгээр суралцагчид адилхан номыг адил цаг хугацаанд унших боломжтой. Үүнээс гадна номоо уншиж байх явцдаа аудиогоо сонсоно, мөн аудионы хурдаа тохируулна. Лингорс номын сангийн сервер дээр  тухайн хүний бүртгүүлээд орсон “ID” хэдэн цагт ямар нэртэй ном сонгож ороод, хэдэн цагт номоо уншиж хаягаа хаасан, системээсээ хэзээ гарсан эсэхийг хянадаг. Уншсан номоо дуусгасны дараа таван асуулттай сорил авдаг. Сорилын таван асуултын гурвыг нь хариуллаа гэхэд систем уншсан номын 60 хувийг мэдэж байна гэж үзээд өөрийнх нь нэмэгдүүлсэн үгийн тоо руу автоматаар оруулдаг. XReading номын сангийн номууд нь амархан  учраас үгийн санг маш их баяжуулж байдаг харин  шууд нэгэн том роман, түүхийн ном бариад авах юм бол тэндээ гацах аюултай.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Лингорс”ийн номын санд хичнээн хүн хамрагдсан бэ? Ер нь хүмүүсийн хандлага хэр байна.

-Албан ёсоор нээлтээ хийсэн цагаас хойш “Лингорс” ХХК болон Монголын Хил Хязгааргүй Уншигч багш нарын холбоо хамтран өнөөдрийг хүртэл 100 гаруй удаагийн уулзалт, сургалт зохион байгуулж 8000 хүнд шууд хүрчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахим номын санд найман мянга гаруй хүн бүртгүүлсэн  байна. Энэ нь хэрэглэгчид хаяг нээлгэж урт, богино хугацаагаар цахим ном уншиж үзсэн гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар  цахимаар хялбаршуулсан англи ном уншихын ач холбогдлыг ойлгож таньсан 4000 гаруй уншигчид унших дадал хэвшилтэй, англи хэлний түвшингээ нэмэгдүүлж өөрсдөдөө хөрөнгө оруулж байна.

Цахим номын санд өөрийнхөө карьерыг хөгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй залуус, хэлний хичээлээ бататгахаар хамрагдсан хүүхдүүд, эсхүл багш нар өөрсдийнхөө зааж байгаа хичээлийн үр дүнг үзэхийн тулд хамрагдаж байна. Их сургуулийн багш нар өөрсдийгөө бие даалтаа цахим номын сантай холбож өгөөд уншсан номынхоо санаагаар зохион бичлэг хийж тэмдэглэлийг хийх байдлаар оюутнуудад бие даалт өгч байна. Цахим номын сан нь Монгол Улсад нэвтрээд хоёрхон жил болж байгаа мөртлөө 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт сургуулиудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгааг онцлоход таатай байна.

Хүмүүсийн хандлага ер нь их сайн байдаг шүү. Тэд өөрсдийнхөө англиар уншиж чадахгүй гэсэн айдастайгаа нүүр тулж даван гардаг. Хэрэглэгч болсон хүмүүсийн дунд хүүхдэдээ туслах гэж байгаад өөрөө хэрэглэгч болсон ээж нар байна. Гэр бүлийнхээ хүрээнд хамтдаа цахим номоо уншдаг хүмүүс ч бий.

ТҮВШИНГӨӨ ӨӨРӨӨ ЗӨВ СОНГОХ НЬ ЧУХАЛ УЧРААС ЭХНИЙ ЭЭЛЖИД БИД ТОЛЬ БИЧИГ БИТГИЙ ХЭРЭГЛЭЭРЭЙ Л ГЭЖ ЗӨВЛӨДӨГ

Багш нарын зүгээс цахим номын санд хамрагдаж буй хүмүүст ямар заавар, зөвлөгөө өгдөг вэ? Мэдээж анхандаа англиар ном уншина гэхээр амаргүй даваа  байх л даа.

-Түвшингөө өөрөө зөв сонгох нь чухал учраас эхний ээлжид бид толь бичиг битгий хэрэглээрэй л гэж зөвлөдөг. Хэрэв номоо эхлүүчихээд дунд нь толь бичиг ашиглах юм бол номоо дуусгаж чадахгүй сатаарах тохиолдол гардаг. Уншсан номынхоо агуулгын  70-80 хувьтай ойлгоход ганц хоёр мэдэхгүй үгээ таарахад таамаглан нүдэлдэг.

Номоо уншиж дуусчихаад үйл агуулгаар нь би зөв ойлгосон эсэхээ ганц удаа тольдоход л маш олон удаа таарсан үгсээ хэзээ ч мартдаггүй. Харин ганц мэдэхгүй үг таарахад л шууд толь бичигээс үгээ хайгаад эхэлвэл үг нь цээжлэгддэггүй.

Өнөөдрийн байдлаар цахим номын сан дахь 25 хэвлэлийн компанийн 1000 гаруй номын  90 орчим  хувь нь аудиотой бөгөөд аудиогоо хурдан, удаан тохируулгатай сонсох боломжтой байдаг. Бид ямар аргаар унш гэж зөвлөдөг вэ гэхээр завтай явж байх үедээ орой унших номоо сонсчих гэдэг. Дийлэнх оюутан, хүүхдүүд орой унтахаасаа 20, 30 минутын өмнө номоо уншдаг. Тэр үедээ өдөр сонсож байсан сонсголоо ойлгож байгаа эсэхээ баталгаажуулна. Энэ нь хэл сурч байгаа хүмүүст сонсох, ярих, унших, бичих дөрвөн чадварын нэгдэл юм.

Тухайлбал, өөрийн гар утсан дээрх аудио бичлэгээ тавьж байгаад өөртөө чанга дуугаар унших хэрэгтэй. Тэгээд  дахин сайн сонс. Номын дуутай аудио бичлэгээс миний дуудаж уншсан бичлэг хоёрын ялгаа, би өөртөө хэр итгэлтэй уншиж байна, гацахгүй, урсаж уншиж байна уу, мэдэхгүй үг таарвал ээрч байна уу зэрэгт өөртөө хяналт тавьбал илүү сонирхолтой болно. Энэ аргыг сүүдрийн арга буюу өөртэйгөө ажиллах хэлбэр гэдэг.

-Танай байгууллагаас зүгээс Reading Marathon-ыг хэзээнээс эхлэн зохион байгуулж байгаа вэ, марафон зохион байгуулсанаар оролцогчдод ямар үр дүн гарч байгаа вэ?

-Бид Reading Marathon-ыг хоёр дахь жилдээ Монголд зохион байгуулж байна, энэ жил 850 гаруй оролцогчтойгоор насанд хүрэгчид, сурагчид гэсэн хоёр ангиллаар явагдаж байна. Одоогоор марафон эхэлснээс хойш аль хэдийн нэг сарын хугацаа өнгөрсөн байгаа бөгөөд 3 сарын эхээр дуусна. Олон арван уншигч нарыг марафонд оролцож унших дадалтай болж байгаагаас үзэхэд бол марафоны гол зорилго үр дүнгээ өгч байна гэж харж байна.

Мөн өнгөрсөн жилийн хувьд анхны уншлагын марафоныг 3 сарын хугацаатай зохион байгуулж, нийт 400 оролцогч хамрагдсан. Тэгээд гарсан амжилт, үр дүн үнэхээр их байсан,  жишээ нь 80 үгтэй ном уншиж эхэлсэн оролцогч 3 сарын дараа гэхэд чөлөөтэй 10 000 үгтэй номыг уншиж ойлгох хэмжээний болсон байсан. Гадаадаас, орон нутгаас гээд өнцөг булан бүрээс оролцогчид оролцож, үр дүнгээ гаргаж чадсан. Та бүхэн марафоны зарим оролцогчдын ярилцлагыг дараах подкастын дугаараас сонсох боломжтой.

-Тэгвэл хэрхэн цахим номын санд хамрагдах вэ?

-Хэрэв суралцагчид хувиараа Xreading цахим номын сангийн хэрэглэгч болохын тулд www.lingors.com вэб сайтаар бүртгүүлж хувийн мэдээллээ оруулж төлбөрөө төлж хэрэглэгч болно.

Цахим номын сангийн гурван сарын эрх  45.000, 4 сарын эрх 50 000 төгрөг зургаан сарын эрх нь 60.000, нэг жилийн эрх нь 100.000 төгрөг байдаг. Төлбөрөө Candy, QPay дансаар шилжүүлэг гэсэн хувилбараас сонгон төлж эрхээ баталгаажуулна. Лингорсоос цахим номын сангийн эрх нээгдсэн тухай мэдэгдэл тухайн өдрөө и-мэйл хаягаар илгээгддэг.

Улмаар хэрэглэгч цахим номын санд нэвтрэх эрхээ ашиглан, номоо уншиж, сонсож, англи хэлийг сурах боломжтой болно. Харин институт болон багш нар цахим номын сангийн админ эрхээр хамтран ажиллах нөхцөлд харьяалах ангийн суралцагчдаа  бүртгүүлж, цахим номын санд хамруулах боломжтой. Админ эрхээр ажиллахын давуу тал нь суралцагчдаа хэдийд ч хаанаас ч хянаж, удирдах, даалгавар өгөх, бичсэн номын тэмдэглэлийг нь засаж өгөх зэргийг багшийн цагийг хэмнэсэн шийдлүүдтэй. Цахим номын сангийн институтын эрхээр Лингорстой хамтран ажиллаж буй институт болон багш нар Лингорсын зүгээс зохион байгуулдаг аливаа үйл ажиллагаанд оролцох боломжтой болохын сацуу Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбооны гишүүнээр элсэх, тухайн холбооны  бүхий л үйл ажиллагаанд оролцох боломжтой.

Extensive Reading аргачлал болон байгууллагын талаарх мэдээллийг lingors фэйсбүүк пэйж хуудас, Extensive Readers in Mongolia фэйсбүүк группээс тухай бүр нь авах боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРЭЭС READING MARATHON-2019-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ОРОЛЦОГЧДЫН ТУРШЛАГА

СОЛОНГОС, ЯПОН, АМЕРИК, ШВЕД УЛСААС АМЖИЛТТАЙ READING MARATHON-2019-Д ОРОЛЦСОН ОРОЛЦОГЧДЫН ТУРШЛАГА

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж