Мөнгөн аяга бол монголчуудын уламжлалт хэрэглээ. Аливаа хурим найр баяр ёслолын гол бэлэг болоод удаж байна. Гэвч, хүмүүсийн эрэлтийг дагаад мөнгөн аяганы үйлдвэрлэл нэмэгдэх тусам хулхи мөнгөн аяга зах зээлд худалдаж байна гэх шүүмжлэл ч гарсаар. Энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн Баасан гариг /2020.02.07/-т “Мөнгөн завьяа” үнэт эдлэлийн дэлгүүрийг зорилоо. Хэдийгээр коронавирусийн аюулыг Эрүүл мэндийн яамнаас өдөр болгон сэрэмжлүүлж байгаа ч тус дэлгүүрт хөл хөдөлгөөн ихтэй байв. Монголчуудын уламжлалт сар шинийн баяр ойртсон учраас алт, мөнгөн ээмэг бөгж, зэс мөнгөн эдлэлийн гүйлгээ сайн байгаа нь харваас илт.
Худалдаачид мөнгөн эдлэлдээ тодорхой хямдрал зарласан гэдгээ ч худалдан авагчдад багагүй сурталчлах нь сонсогдоно.
Мөнгөн аяга нь хийц, мөнгөний орцоосоо хамаарч ижил граммтай ч янз бүрийн үнээр зарж байна. Хэд, хэдэн лангуугаар явж мөнгөн аяганы үнэ сонирхов. Хөөмөл болон цулгай хийцтэй 62 граммтай мөнгөн аяга 173600 төгрөг, 75 граммтай нь 140 мянга аж. Харин 85 граммтай нь 130 мянга, 90 грамм нь 243 мянга, 100 граммтай нь 100 мянга, 106 граммтай нь 239000, 128 граммтай нь 367.900, 242 граммтай нь 689.900 төгрөгийн үнэтэй.
Харин гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 160 граммтай нь 546 мянган төгрөг, Батноров хийцийн их гарын мөнгөн аяга нэг сая 200 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Уран дархчуудын гар хийцийн, дахин давтагдашгүй бүтээлүүдээс жижиг хэмжээтэй сархадын аяга ч нэг сая төгрөгөөр үнэлэгдэх нь энүүхэнд. Үүнээс гадна хөөмөл болон цулгай хийцтэй мөнгөн аяганы тагш нь 5000 төгрөгийн үнэтэй бол зарим гар хийцийн аягануудын зөвхөн тагш нь ховор үндэс модоор хийгддэг учраас 500 мянган төгрөгөөр үнэлэгддэг аж.
МӨНГӨН АЯГАНЫ СТАНДАРТ БОЛОХ MNS 6505:2015
Монголд алт, мөнгөөр гоёл чимэглэлийн үнэт эдлэлийн 100-130 гаруй үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрийн хийсэн зүүлт, ээмэг, бөгж, аяга зэрэг бүх үнэт эдлэлийг Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-ын Сорьцын хяналтын хэлтэст баталгаажуулсны дараа худалдаалдаг дүрэмтэй. Мөнгөн аяганы стандарт болох MNS 6505:2015 нь 2015 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Энэхүү стандарт нь тухайн аяганд агуулагдах мөнгөний хамгийн доод хязгаарыг заасан бөгөөд түүнээс дээш орцтойгоор ч хийж болдог байна.
ХЭРЭГЛЭЭНИЙ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ҮНЭТ ЭДЛЭЛД СОРЬЦЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙГДДЭГГҮЙ
СХЗГ-ын сорьцын хяналтын хэлтэс нь Монголд ганцхан байдаг сорьцын шинжилгээний газар аж. Тус газрын Улсын байцаагч Б.Лутсүхээс үнэт эдлэлийн сорьцын баталгаажуулалтын талаар тодрууллаа. Тэрбээр “Сорьцын хяналтын газрын нэг үндсэн үүрэг нь үнэт металл тэдгээрээр үйлдвэрлэсэн гоёл чимэглэлийн эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дарж өгдөг. Сорьцын баталгааны тэмдэг гэх ойлголтод 3-4 тэмдгийг хамруулж үздэг. Хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн эзэн, эсвэл ивээн тэтгэгчийн барааны тэмдэг дарагдсан байх ёстой.
Түүнчлэн үйлдвэрлэсэн эзэн тухайн үнэт металлын сорьцын цифр дарсан байж болно. Тухайлбал, 585, эсвэл 925 гэсэн цифр дарагдсан байвал энэ эдлэлийг 585 сорьцтой алтаар, эсвэл 925 сорьцтой мөнгөөр хийсэн байна гэдэг нь шууд ойлгогдох ёстой.
Эдгээр тэмдгийн дараа тухайн үнэт эдлэлийг шалгаж, энэ сорьцоор үйлдвэрлэсэн нь үнэн байна гэдгийг баталгаажуулсан хөндлөнгийн лабораторийн тэмдэг дарагдах ёстой. Тухайлбал, Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг, сорьцын цифр хоёрыг нэгтгэн нэг тэмдэг болгосон байдаг. Эдгээр 2-3 тэмдэг дарагдсан үнэт эдлэлийг сорьцын баталгаатай бүтээгдэхүүн гэж үздэг. Харин дөрөв дэх тэмдэг нь олон улсын түвшинд экспортод гаргах шаардлагатай бол олон улсын сорьцын хяналтын байгууллагын баталгааны тэмдэг дарагддаг.
Манай байгууллагаас үйлдвэрлэгчдэд зөвхөн өөрийнхөө барааны тэмдэг тавьсан байх ёстой гэсэн ганц шаардлага тавьж байгаа бөгөөд жилдээ 300.000 орчим үнэт эдлэлийг баталгаажуулж байна. Үнэт эдлэл дээр сорьцын баталгааны тэмдэг дарахад сорьцын хэлбэлзэл нь 2-оос хэтрэхгүй байх ёстой.
Сорьцын баталгааны тэмдгийн загварын хэлбэр, цифрүүд нь металлын төрөл бүр дээд өөр өөр байдаг. Тухайлбал, алтан эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг зууван дугуй дотор 585 гэсэн цифр байхад мөнгөн эдлэлийн сорьцын баталгааны тэмдэг зургаан талтай призм дотор 925 гэсэн цифр байх жишээтэй.
Сорьцын баталгааны тэмдэг дарагдсанаар тухайн үнэт эдлэл нь хожим түүх соёлын дурсгалт зүйл болсон тохиолдолд хэн хэдийд хийсэн нь тодорхой байхаас гадна хэзээ ч худалдан борлуулахад үнэ цэнээ алдахгүй. Үнэт эдлэл худалдан авч байгаа иргэн сорьцын баталгааны тэмдгийг сайтар шалгаж авахгүй бол хуурамчаар дуурайлган хийсэн тэмдэгтэй, эсвэл үнэт металлаар хийгдээгүй байх зэрэг зөрчлүүд нилээд гардаг. Хэрэглээний шаардлага хангахгүй үнэт эдлэлд сорьцын баталгаажуулалт хийгддэггүй “ гэлээ.
МӨНГӨН АЯГА ХУДАЛДАЖ АВААСАА ӨМНӨ СОРЬЦЫН БАТАЛГААНЫ ТЭМДЭГТЭЙ ЭСЭХИЙГ НЬ ШАЛГА
Үнэт эдлэлийн дэлгүүрээс худалдаж авсан гэх хулхи мөнгөн аяганы талаарх шүүмжлэл хэрэглэгчдээс байнга гаргадаг аж. Авсан аяга нь тав, зургаан сарын дараа өнгө нь мууддаг, амархан цоордог, зэс цухайдаг гэсэн шүүмжлэл Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар багагүй ирдэг аж. Гэвч, чанарын шаардлага хангахгүй ийм бүтээгдэхүүнээ эргүүлэн авах, эсвэл засч бүрэн бүтэн болгоод эздийг нь хохиролгүй болгодог тогтолцоо манайд алга.
Тиймээс хэрэглэгчид чанаргүй, хуурамч, бүтээгдэхүүн худалдан авахгүй байх нь хамгийн зөв шийдэл болж байна. Импортын бүтээгдэхүүн бол Монгол Улсын сорьцын баталгааны тэмдэг байгаа эсэхийг шалга. Энэ бүхнийг мэдэж авбал танд худалдагчтай муудалцах шаардлага гарахгүй л болов уу.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ