Монголын хөгжмийн ертөнцөд өвөрмөц хоолойгоороо онцгойрдог реппер бол Rokitbay. Амралтын өдөр бүр сонсогчидтойгоо цэнхэр дэлгэцээр уулзаж, дэлхийд гайхагдах монгол авьяасыг хайж буй дуучин залууг “Хобби” буландаа урилаа.
О.Баярсайхан буюу Rokitbay олон төрлийн авьяастай. Ялангуяа хөгжим бичих, зураг зурах сонирхолтой. Мөн шаардлагатай бол дууныхаа ковер дизайныг хүртэл өөрөө хийхээс гадна шүлэг бичдэг найрагч нэгэн. Түүнд дэлхийн шилдэг хамтлаг дуучин, репперүүдийн олон сонирхолтой цомог бий. Харин дуучин залуугийн цуглуулгын нэгээхэн хэсгийг малгай эзэлдэг юм байна. Реппер хүний хамгийн гол имиж нь малгай. Тиймээс тоглолт болон дууныхаа утга, агуулгад тохирсон малгай авсаар өдгөө цуглуулгын хэмжээнд хүрчээ. Одоогоор түүнд 20 гаруй малгай бий. Дуучин залуу эхэндээ клипэндээ зориулж, заавал өөрт байх шаардлагатай зүйлийн нэг нь малгай гэж боддог байсан бол сүүлдээ хобби болгож, чамин хийцтэй малгай цуглуулах болжээ.
Тэрээр дэлгүүр орох бүртээ малгай авдаг уламжлалтай. Саравчтай, бүрх, ноосон зэрэг түүнд төрөл бүрийн хийц, загвартай малгай бий. Тиймээс өдөр бүр хувцсандаа зохицсон, гоёмсог бүрхээр гоёх дуртай аж. Rokitbay гадаад, дотоодын малгайны төрөлжсөн дэлгүүрээр заавал ордог гэсэн. Мөн Америкаас авчирсан малгай олон байдаг гэж байсан. Америкт олон жил амьдарсан учир хаана, ямар чанартай гоёл зардгийг сайн мэднэ. Түүнд дотны найзынх нь бэлэглэсэн малгай хамгийн онцгой санагддаг аж. Тэр малгай хэдэн төгрөгийн үнэтэй байсан нь сонин биш. Найзынх нь чин сэтгэл шингэсэн учир хамгийн үнэтэй бэлэгнүүдийн нэгд тооцогддог гэв.
Ч.ГАНТУЛГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин