Тойм: Коронавирус, Шүүх хурал, Хилийн хориг

Хуучирсан мэдээ: 2020.02.09-нд нийтлэгдсэн

Тойм: Коронавирус, Шүүх хурал, Хилийн хориг

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсад коронавирусийн хэд хэдэн сэжигтэй тохиолдол илэрсэн боловч тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон юм. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын иргэд сүүлийн 14 хоногийн хугацаанд голомттой бүс нутгаар аялсан бол өөрийгөө тусгаарлах, хэрвээ амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 24 цагийн ажиллагаатай 80086829 холбогдохыг Эрүүл мэндийн яам зөвлөж байна.

Үүний зэрэгцээ, ХӨСҮТ иргэдийн гараа сайн угаахаас гадна гар утасныхаа дэлгэцийг сайн ариутгахыг зөвлөж байна. Учир нь, хүн өдөрт 150 удаа гар утсандаа хүрдэг бөгөөд гар утасны дэлгэц нь нийтийн бие засах газраас ч илүү бохир байдаг гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байдаг. Иймээс иргэдийг гар утсаа давхар сайтар ариутгахыг зөвлөж байна. Ингэхдээ нүдний шилний нэг удаагийн салфеткаар гар утасны дэлгэцээ арчиж болохоос гадна гар ариутгах бодисийг хөвөнд шингээж утсаа ариутгах боломжтой гэв.

Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай зөвшөөрөл, лицензгүйгээр улсын хилээр шуурхай нэвтрүүлж байгаа ажээ.

Гадаад харилцааны яам чиг үүргийн хүрээнд хилийн чанадад байгаа монголчуудынхаа эрүүл аюулгүй байдал, эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Дан ганц БНХАУ-д бус дэлхийн олон улс оронд амьдарч байгаа монголчууддаа мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг бүх Элчин сайдын яамдад хүргүүлжээ. БНХАУ-ын хил нээгдснээс хойш өнөөдрийг хүртэл 5200 иргэн Монголдоо орж ирээд байгаа бөгөөд цаашид халдвар тархаж байгаа бүс нутагт амьдарч байгаа иргэдээ хамгаалах чиглэлээр арга хэмжээ авах ажил үргэлжилж байгаа гэдгийг ГХЯ мэдэгдэв. Мөн гадаадад байгаа иргэдийн зүгээс тухайн улсад суугаа Элчин сайд нартайгаа холбоотой байхыг сануулж байгаа аж.

Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын ерөнхий газар таван боомтын хилийг түр хугацаагаар хаасан бөгөөд зорчигчийн гар тээшинд далайн гаралтай бүтээгдэхүүн, боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүнд мөн хяналт тавьж, зарим хэрэгслийг буцаах, устгах ажлыг хийж байгаа ажээ. Мөн бусад далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд ямар хяналт тавих талаар хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийхээр саналаа хүргүүлээд байна. Иймээс иргэд гар тээшиндээ боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Коронавирусийн дэгдэлттэй, улсын хэмжээд хөл хорио тогтоосон байгаа энэ үед иргэдийг төөрөгдүүлж буй худал ташаа мэдээллүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.21-т зааснаар “Хүний нэр төр алдар хүндэд халдах, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжлох, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгоно” хэмээн заажээ.

Үүний зэрэгцээ, Улсын онцгой комиссын хурлаар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор тусгай эмнэлэг гаргах ажлыг эхлүүлжээ.


АХМАДУУД ТЭТГЭВЭРЭЭ БҮРЭН АВЧ ЭХЛЭВ

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль УИХ-аар батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Энэ хуулийн үйлчлэлд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй Монгол Улсын иргэн хамаарна. Түүнчлэн нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдах юм. Харин тэтгэвэр авагч уг өдрөөс өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Тухайлбал, 6 сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн зээл авсан бол зээлийг нэг удаа бүрэн тэглэнэ. Харин 6 саяас дээш дүнгээр тэтгэврийн зээл авсан бол зургаан саяыг нь тэглэж, үлдсэнийг нь иргэн өөрөө төлнө. Үүнээс гадна, нэг сая төгрөгөөс бага хэмжээний зээлтэй иргэдийн зээлийн зөрүүнд бондын эрхийн бичиг олгох бол тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн бондын эрхийн бичиг олгохоор тус тус зохицуулсан.

Өнөөдрийн байдлаар 228.7 мянган иргэн 757.7 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй байна. Үүнээс 6 саяас дээш хэмжээний тэтгэврийн зээлтэй 21 мянган иргэн, 6 сая хүртэлх тэтгэврийн зээлтэй 207.5 мянган иргэн байна. Эдгээр иргэдийн зээлийг тэглэхэд нийт 696.0 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан. Харин огт зээлгүй 194.0 мянган тэтгэвэр авагч байна.


 

Г.БАТХҮҮ АГСНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛАН ИРГЭН Г-Г ШАЛГАЖ БАЙНА

Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/ УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан өнгөрч буй долоо хоногт мэдээлэл хийсэн. ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах албаны дэд хурандаа П.Эрдэнэбилэг “УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг мэдээлэл хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны баримтыг олон нийтэд мэдээлж, задруулж, бодит бус мэдээллийг тарааж хэрэг шалгахад саад учруулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт, полиграфын магадлагаа, гар утсанд хийсэн шинжилгээ, хуурамч мессеж зэргийг прокурорын зөвшөөрөлгүй олон нийтэд тараасан. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг нээж шалгаж байна.

Г гэгч этгээд хуурамчаар мессеж зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг тогтоосон. Мөн Г гэгч этгээд зургаан удаагийн үйлдлээр бусдаас 260 сая төгрөгийг залилж авсан үйлдэлд нь холбогдуулж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар шалган, хэргийг прокурорт хүргүүлсэн байгаа. 13 секундын бичлэг байгаа юу гэдэг одоогоор тогтоогдоогүй байна” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Н.НОМТОЙБАЯРТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт хилийн хориг тавьжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, холбогдох хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлахаар шийдвэрлэсэн аж.

Сануулахад, Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.

Үүнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын алба хашихдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалт өөрчлөн зарцуулсан, УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө буруу мэдээлэл өгсөн, хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ шалгагдаж байгаа хэргийн нууц задалсан зэрэг үндэслэлүүдээр буруутгагдсан.

УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг нь хэлэлцээд, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан юм.

МХЕГ-ЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА, БАЙЦААГЧИД БОЛОХ Н.БАЯРСАЙХАН НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ 

Оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/МХЕГ/-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн Лхагва гаригт /2020.02.05/ боллоо. Хуралдаанд шүүгдэгч нар өөрсдийн биеэр оролцсонгүй тэдний өмгөөлөгчид оролцсон юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээжээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн байдаг. Тэгсэн хэдий ч Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзсэн нь энэ юм.

Улмаар 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр дээрх хүмүүст холбогдох шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болсон.

Үндэслэл нь шүүгдэгч Б.Баярсайханд оноосон ял шийтгэл хөнгөдсөн. Авлига авсан мөнгөн дүн өндөр, энэ үйлдэлд нь анхан шатны шүүхээс оноосон шийтгэл тохироогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчдийн үйлдэл, оролцоо, хахуульд авсан мөнгөний хэмжээ зэргийг харгалзан үзэлгүйгээр адил хэмжээгээр буюу 2.7 сая төгрөгөөр торгосон нь шийтгэлийг ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулсан гэх прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн байна.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Б.Баярсайхан, Э.Аззаяа, Бүрэнтөгс, Элдэв-Очир нарын 25 хүнд холбогдох хэргээс Бат-Оргил, Онон, Цагаанбаатар, Хандсүрэн, Даваасүрэн, Нарангэрэл нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Баярсайхан, Э.Аззаяа, Бүрэнтөгс, Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж байв.

ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИН С.БАЯРМААД 6 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн Даваа гаригт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Тэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван жил хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид арванхоёрдугаар сарын эхээр хил дээрээс саатуулсан байдаг. Тэрбээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 2016 онд арван жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон бол түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

РЕППЕР Г.ЭНЭРЭЛД 300 ЦАГ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Энэ хэрэгт холбогдолх шүүх хурал өнгөрсөн Лхагва гаригт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүхээс реппер Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулав.

НПГ: Б:МАХБАЛЫГ СУЛЛАХГҮЙ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сард хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг буруутган шалгаж буй. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Махбалыг суллана гэдэг мэдээлэл нь ташаа бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийгээд дуусчээ. Улмаар Баасан гаригт дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн байна. Нэг жил зургаан сарын туршид сунжирч байгаа уг хэрэг дахин анхан шатны шүүхээр тун удахгүй орох нь.

Одоогоор Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.

НДЕГ-ЫН ДАРГА АСАН Ц.УРТНАСАНГ СААТУУЛЛАА

Авлигатай тэмцэх газар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр хүнийг саатуулжээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын Ерөнхий газар /НДЕГ/-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг тухайн үед хамт ажиллаж байсан Санхүүгийн албаны даргатай нь хамт саатуулжээ. Шүүгчийн захирамж гарсан тул тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явжээ. Түүнийг 30 хоног цагдан хорихоор боллоо.

Ц.Уртнасан нь АН-ын дарга С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхад НДЕГ-ын даргаар ажиллаж байсан билээ.

З.БАЯНСЭЛЭНГЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОГДЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн Пүрэв гаригт Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал болов. Өмгөөлөгчид шүүх хуралдаанд гэрч, хохирогч, хоёр шинжээч оролцуулах хүсэлт гаргажээ. Иймд З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Сануулахад, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж