Коби Брайантын сүүлчийн ярилцлага

Хуучирсан мэдээ: 2020.02.08-нд нийтлэгдсэн

Коби Брайантын сүүлчийн ярилцлага

Коби Брайантын сүүлчийн ярилцлага

News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна. 


ЦАЙ ВЭНЬРУЙ: ӨВЧНИЙГ ДАВАН ГАРАХ ИТГЭЛ, ЧАДВАР, НӨӨЦ БОЛОЛЦОО БИДЭНД БАЙНА

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй үүрэгт ажилдаа ороод удаагүй байна. Монголын хоёр хөршийн нэг, Монголын эдийн засгийн харилцааны гол түнш БНХАУ-ын бодлогыг Монголд төлөөлөх хүн гэдэг утгаараа шинэ Элчин сайдаар ямар хүн томилогдон ирсэн нь анхаарал татаж байгаа. Хятадын зүүн зүгийн Хайлунжа буюу Хармөрөн мужид төрж, бага насаа өнгөрүүлсэн Цай Вэньруй амьдралынхаа ихэнх жилийг Монголд өнгөрүүлсэн өвөрмөц намтартай нэгэн. Монголчууд бидний түүх, соёл, хэв шинжийг сайн мэддэг.  Анх Монголд 1986 онд ирж байжээ. Энэ удаагийн Элчин сайдын томилгоо нь түүний Монгол улсад ажиллах долоо дахь томилгоо юм. Элчин сайдын ажлаа хүлээн авахаар Хятадаас ирээгүй. Ердөө Замын-Үүдээс нийслэл Улаанбаатар руу бууриа сэлгэн иржээ. Тэрбээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай энэ долоо хоногийн Даваа гаригт буюу хоёрдугаар сарын 3-ны өдөр уулзаж, Жуух бичгийнхээ хуулбарыг гардуулсан бөгөөд одоо Ерөнхийлөгч Х.Баттулгад Жуух бичгээ өргөн барих өлзийт өдрийг сэтгэл догдлон хүлээн суугаагаа илэрхийлсэн. Монгол хэлийг гаргуун эзэмшсэн эрхэм Элчин сайд ярилцлагаа орчуулгагүйгээр өглөө. БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй анхны ярилцлагаа news.mn сайт /Д.Нарантуяа/, ТВ2 телевиз /Д.Энхтуяа/, “Өдрийн сонин”-д /Б.Амартүвшин/ өгсөн юм. Бид ярилцлагаа дэлхий нийтийг түгшээгээд буй коронавирусын тархалтын цаг үеийн байдал, энэ хөнөөлт вирусын эсрэг Хятадын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуултаар эхэллээ.

news.mn-БНХАУ-ын эдийн засгийн гол бүсийн нэгд коронавирус тархаад байгаа. Халдвартай тэмцэх тал дээр Хятад улс маш их чармайлт гаргаж байгааг дэлхий нийт харж байна. Энэ онцгой нөхцөл байдал Хятадын эдийн засагт сайн үр дүн авчрахгүй нь тодорхой. Монголын хувьд ч таатай үр дүн авчрахгүй. Гаалийн газрын мэдээгээр сүүлийн хэд хоногт Монголын экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний татан авалт буурсан байна. Хэдийгээр одоогоор байдал тодорхойгүй байгаа ч үүнээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулах тал дээр Хятадын удирдлагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бидний ярилцаж байгаа яг энэ цаг үед Хятадын ард түмэн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байна. Ши Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян өвчний тархалттай тэмцэх Төв ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг зохион байгуулж, улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шаардлага болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахицтай байна. Вирусын эсрэг вакцин гаргах авах судалгааг эхлүүлсэн бөгөөд халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах хоёр эмнэлгийг 8-12 хоногийн дотор барьж дуусган ашиглалтад орууллаа. Уг өвчнөөр халдварласан хүний тоо олон байгаа ч Хятадад халдварын улмаас нас барах магадлал маш бага буюу хоёр хувьтай байна. Нас баралтын түвшин Эбола, H1N1, SARS, MERS зэрэг халдварт өвчинтэй харьцуулахад бага байна. Эдгэрсэн тохиолдолд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Хятад улс Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын төвлөрсөн зөв удирдлагатай, Хятадын онцлогтой социализм нь том асуудлыг төвлөрсөн хүчээр шийддэг тогтолцооны давуу талтай. Бидэнд энэ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, даван гарах итгэл, чадвар, мөн нөөц бололцоо ч байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


Ж.ГАНБААТАР: СӨХ-Г ТАТАН БУУЛГАЖ ОГТ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.

 –Намрын чуулганыг хугацаанд нь багтаан хаалаа, хэр үүргээ гүйцэтгэв?

-Олон чухал хуулийг баталсан түүхэн гэж хэлж болохоор намрын чуулган байлаа. Сүүлийн 20 гаруй жилийн турш, гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг  энэ удаагийн парламент 158 хоногийн турш тасралтгүй хэлэлцэн баталлаа. Засгийн газрыг тогтвортой, үр нөлөөтэй болгох, УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, шүүхийг хараат бус, шударга болгох зэрэг асуудал энэ парламентын үед шийдэгдэж байна. Монгол Улсын парламентын 28 жилийн түүхэнд намар-хавар-намрын гурван чуулган үргэлжилж хуралдсан тохиолдол байгаагүй юм байна. Энэ намрын чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр  хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа гэдгийг УИХ-ын дарга хаалтын үгэндээ ч онцолж хэллээ.

-УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Уг хуулиар Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-г татан буулгах гэж байгааг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийсэн иргэд таныг энэ хуулийг санаачилсан гэх юм. Уг нь Засгийн газраас өргөн барьсан байх аа?

-Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэтэл Ж.Ганбаатар гишүүн Орон сууцны тухай хуулийг өргөн мэдүүлж, СӨХ-г татан буулгах гэж зарим хүн хэвлэлийн бага хурал хийсэн. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнтэй хамтраад хууль санаачилна гэсэн ойлголт байхгүй. Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулиар СӨХ-г татан буулгах заалт орж байгаа нь үнэн. Анх энэ хуулийг өргөн барьснаас нь хойш би ийм хуулийг баталж болохгүй гэж байнгын хорооны хуралдаан дээр Х.Баделхан сайд болон Төрийн нарийн бичиг даргатай нь санал зөрөлдсөн. СӨХ-г татан буулгахыг би дэмжихгүй байгаа атал энэ хуулийг намайг санаачилсан мэт болгож намайг харлуулах гэсэн зарим хүний оролдлого, хатгалга гэдгийг би ч мэдэж байгаа.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХЭН ХЭНДЭЭ МЭРГЭН ЖАРААХАЙ БОЛООД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ"

Эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэ төрлийн коронавирусийн улмаас Хятадтай хил залгаа болон худалдаа наймаа эрхэлдэг улс орнуудын эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж гадны хэвлэлүүдэд бичиж байна. Манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол. Та энэ талаарх төсөөлөл, таамгаасаа хуваалцахгүй юү?

-Энэ айхтар өвчнийг дарж намдаахад гол нь шинжлэх ухаанд итгэнэ. Эрдэмтдэдээ, мэдээж шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүдэд итгэнэ. Бөөгөөр явж, лам дээр очилтой биш. Ер нь хүн төрөлхтөн юу бүтээчихэв, бид яг ямар зам дээр явна вэ, байгалийн өмнө бид ямар өчүүхэн юм бэ гэдгийг л харуулж байгаа нэг том сорил болов уу. Энэ нь эдийн засагт шууд нөлөөлнө, ойлгомжтой. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн гол бүсэд дэлгэрсэн. Манай Монголын экспортын бүх орлого, импортын 50 хувь бүгд урд хөрштэй холбоотой. Үүнийг дагаад мэдээж эдийн засаг саармагжих байдал гарна. Энэ дээр төрийн институт, төрийн байгууллагуудын уялдаа холбоо чухал. Монгол Улс маань нэгдмэл байж энэ байдлыг давах чадвартай байна уу, нийгмийн дэг журам байна уу гээд олон юмны шалгуур болно доо.

-БНХАУ-ын экспорттой холбоотойгоор дэлхийд газрын тос, зэс, металлын үнэ ханш буурч байна. Энэ үед бид эдийн засгаа аварч хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?

-Энэ өвчинтэй холбоотойгоор хорио цээрийн байдал зарласан. Экспорт, импортыг хаагаагүй. Худалдаа, тээврийн асуудал, логистик одоохондоо явж байна. Энэ маань бас явж л байгаасай. Нөгөө талаасаа манай экспортын худалдан авагч нар маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлээсэй гэж найдаж байна. Хэрвээ тэнд асуудал үүсвэл бид Монголдоо шороогоо тэврээд л үлдэнэ. Өөр арга байхгүй. Хэвлэл мэдээллээс авч буй мэдээллээр, өнөөдөр нөөц харьцангуй гайгүй байгаа юм шиг байна. Цагаан сарыг далимдуулаад худалдаа, үйлчилгээний байгууллагууд бараагаа нөөцлөөд татсан байсан нь хорио цээр тавьсан үед буцаад баяр ёслол гэхээсээ илүү нийт иргэдийнхээ хэрэглээнд зарахаар хэдэн сарын нөөц болж байгаа нь давуу тал болсон. Дээр нь монголчуудын уламжлалт мал аж ахуй, хүнсний тэжээл, ялангуяа мал, махан бүтээгдэхүүнээ нөөцөлдөг нь давуу тал болж, хавар цагтай золгочих болов уу гэж найдаж байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХАР ТАМХИЧДЫГ ШОРОНД ХОРИХ БУС ЭМЧЛЭХ НЬ ЗӨВ"

Хар тамхи, мансууруулах бодисын тухай ойлголт саяхныг хүртэл монголчуудаас хол “хэрэглээ” байв. Тэгвэл өнөөдөр чимээгүй энэ тахал залуучуудын амь нас, сэтгэлзүйд заналхийлсэн аюулын харанга болон дэлдсэнийг сүүлийн үеийн тоо баримтууд нотолно. Сүүлийн хоёр жилд хар тамхитай холбоотой хэрэг 30 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан тоо баримт байна.

Хар тамхинд донтогчдыг эмчилдэг ганц төв нь манайд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Тиймээс тус төвийн Донтох эмгэг судлалын клиникийн үзлэгийн их эмч Л.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Хар тамхины хэрэглээ гадаад орнуудын биш, Монгол Улсад ч тулгамдсан том асуудал болж хувирлаа. Мансууруулах төрлийн  бодис,  хар тамхины хамааралтай болсон хүмүүсийг эмчилдэг ганц газар нь танай төв. Бодит байдлыг дотроос нь харж байгаа эмчийн хувьд хар тамхины хэрэглээ ямар түвшинд байна гэж хэлэх вэ?

-Манай тасагт жилдээ дундаар 1000 гаруй хүн донтох эмгэгийн чиглэлээр хэвтэн эмчлүүлдэг. Үүний 90 орчим хувь нь архины шалтгаантай, үлдсэн 10 гаруй хувь нь нь хар тамхины хамааралтай хүмүүс байдаг. Мөн тоглоомын донтолт тодорхой хувийг эзэлнэ. Сүүлийн үед манайд хар тамхины хамааралтай хүмүүс их хандах болсон. Энэ хэрээр дагаад хар тамхи, мансуурах бодисын шалтгаантай гэмт хэргийн тоо өсч байна.

-Манай улсад илэрч байгаа хэргийн нөхцөл байдалд шинжилгээ хийхэд өсвөр насныхан ихээхэн холбогдох болсон. Тэд ямар шалтгаанаар хар тамхины хэрэглэгч болж байна вэ. Та бүхэн үйлчлүүлэгчтэйгээ илэн, далангүй ярилцдаг байх?

-Мансууруулах төрлийн бодис, хар тамхины хамааралтай болсон хүмүүс дийлэнх нь залуучууд. Залуучууд бусдын нөлөөнд автдагтай холбоотой. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдийн хувьд эцэг эхийн салалт, тухайн хүүхдийн хүмүүжил, гэр бүлийнх нь хараа хяналт, орчин, найз нөхөд гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Эхлээд сонирхож үзнэ, бусдад уруу татагдана, эцэст нь донтогч болдог. Тийм учраас хүүхэд, залуустаа хандан хэлэхэд, хар тамхийг бүү сонирхож үзээч гэж захимаар байна. Зорьж хэрэглэнэ гэж бараг байхгүй. Хуулиар хориглочихсон зүйл шүү дээ. Анхандаа сонирхож хэрэглэнэ. Хоёр дахь, гурав дахь болж, гурав нь дөрөв болж нэг л мэдэхэд хамааралтай болно. Хар тамхи нь өөрөө хууль бус асуудал учраас залуучууд эмчлүүлэхээр сайн дураараа ирэх нь тун ховор. Энэ нь цаг хугацаа алдсаар даамжирч сэтгэгчийн хувьд өөрчлөлтөд орсон, солиоролд орчихсон, амиа хорлох оролдлого хийх зэрэг хүнд хэлбэрт орсон үедээ л эмнэлэгт ханддаг. Ингэхдээ голдуу ар гэрийнхнийхээ ятгалтаар ирдэг. Хий юм сонсох, харах зэрэг ийм шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“БИАТЛОНЫ ТАМИРЧИД БУУГАА ДУНДАА ХЭРЭГЛЭЖ, БЭЛТГЭЛ ХАНГАДАГ”

Монголын биатлончид өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарь улсын Лозанна хотноо зохион байгуулсан Залуучуудын өвлийн олимпийн гуравдугаар наадам болон тус улсын Ленцерхайде хотноо болсон Өсвөрийн болон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон талаар өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Монголын багийн тугчин, биатлоны тамирчин Э.Энхсайхан 99 тамирчин уралдсан эхний өдрийн тэмцээнд 12 дугаар байр эзэлж, өвлийн спортын төрөлд нэгэн шинэ амжилтын түүхийг бичсэн. Тэрбээр 1964, 1968 онд өвлийн олимпод оролцсон Монголын биатлончдын түүхийг буухиалсан юм. Ингээд биатлоны спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Ганболдтой ярилцлаа. Тэрбээр “Бидний амжилтыг үнэлж, биатлоны насанд хүрэгчдийн шигшээ баг байгуулах орон тоог улсаас баталсан” гэх баяртай мэдээ дуулгаж угтлаа.

-Сайн байна уу. Та бүхэн хэзээ эх орондоо ирэв?

-Бид өчигдөрхөн л /2020.02.05/ эх орондоо ирлээ. Итали улсад зарим тамирчид маань үлдсэн. Миний бие шигшээ багийн есөн тамирчинтайгаа хамт эх орондоо ирлээ. Өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тушаал гарч, шигшээ багийн найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн орон тоог улсаас баталж өгсөн байна.

Манай Д.Болдбаатар дасгалжуулагч өвлийн спортын биатлоны төрлийн хамгийн том тэмцээн болох насанд хүрэгчдийн ДАШТ-нд анх удаа оролцохоор хоёрдугаар сарын 11-нд Итали улсыг зорино. Энэ нь биатлоны спортын түүхэнд анх удаа оролцож буй түүхэн үйл явдал юм. Өнгөрөгч нэгдүгээр сард Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д манай улсаас есөн тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцоод ирлээ.

-Биатлончид маань Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д энэ жил анх удаа оролцсон уу?

-Манай улс Өсвөрийн болон залуучуудын ДАШТ-д хоёр дахь удаагаа оролцлоо. Өмнө нь 2018 онд зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол 2019 онд есөн тамирчин эрх авч оролцлоо. Биатлоны төрөл Европ болон Хойд америкийн улсуудад их өндөр хөгжсөн. Дотроо бас зиндаатай спорт. Олон улсын биатлоны холбооны ангиллаар “А” зэрэглэлд Герман, Франц, Итали, Норвеги, ОХУ гэсэн таван улс багтдаг бол биатлоны спорт өндөр хөгжсөн улс буюу “В” зэрэглэлд дэлхийн 15 улс багтдаг юм. Харин “С” зэрэглэлд биатлон өндөр хөгжиж буй 18 улс байдаг бол Монгол Улс “D” зэрэглэлээс энэ жил “С” зэрэглэлд дэвшсэн. Энэ бол бидний хамгийн чухал амжилт.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


КОБИ БРАЙАНТ: ЖИАННАГ ДАСГАЛЖУУЛАХ НЬ ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛ

Хэдхэн хоногийн өмнө онгоцны ослоор харамсалтайгаар амиа алдсан сагсан бөмбөгийн спортын домогт тоглогч Коби Бин Брайантын амьд ахуй цагтаа USA Today сайтын сэтгүүлчтэй хийсэн хамгийн сүүлийн ярилцлагыг таньд хүргье. Энэхүү ярилцлага нь аймшигт осол болохоос ес хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 17-нд олон нийтэд цацагджээ.

-Юуны өмнө ярилцлагаа таны гаргасан цуврал номоос эхэлье гэж бодлоо. Таны номнууд "Нью-Йорк таймс"-ын шилдэг борлуулалттай ном боллоо. Энэ номынхоо санааг хаанаас авсан бэ?

-Энэ ном маш олон хүчин зүйлийн нэгтгэл. Эхний ном бол ерөнхийдөө ганц гол дүр дээр төвлөрсөн. Энэ дүр нь багийн нөхөддөө итгэж асуудлуудаа даван туулдаг хувь хүний тал дээр надтай төстэй дүр л дээ. Миний хувь хүний хөгжлийн хувьд багийн минь нөхдөөс ихээхэн шалтгаалахаас гадна зөвхөн надаас бус бусад хүрээлэн буй зүйлийн нөлөөллөөс шалтгаалдаг байсан гэж ойлгох хэрэгтэй. Энэ багийн дүр болгонд зориулж ном гаргаж, нэг багийн хөгжлийг 360 градусаар харуулж, багийн нэг тоглогч бусдадаа хэрхэн нөлөөлж буйг илэрхийлдэхийг зорьсон.

-Та энэ номондоо Фил Жексон, Грег Попович, Билл Рассел зэрэг агуу дасгалжуулагчдыг дурдсан гэж сонссон. Эдгээр дасгалжуулагч нар яаж эдгээр номтай холбогдох юм бэ?

-Тэд бүгд бие биенээсээ өөр дасгалжуулагчид байсан. Филийн хувьд шууд шүүмжилж чаддаггүй байсан бол Грег өөр байсан. Харин Билл Расселийн хувьд хошин шогийн мэдрэмж ихтэй, чимээгүй төрлийн хүн л дээ. Тоглоом, наргиагаар хариулт хийдэг, их хөгжилтэй хүн. Миний хувьд энэ гурвыг нийлүүлэх гэж оролдсон юм. Харьцуулах гэсэн юм биш шүү. Бүгд л агуу. Билл Рассел бол сайн зөвлөгч, би түүн рүү заримдаа утсаар залгаж, сагсан бөмбөгийн тухай ярьдаг. Түүний дасгалжуулах арга барил нь 95 хувь гэж хэлж болно. Тэр чамайг шууд амжилтад чиглүүлэхгүй, харин чамайг хөгжих арга замаа олоход чинь тусалдаг тийм л хүн.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж