&#34Үндэсний цом&#34-ыг чимсэн хүчтэнүүд

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

&#34Үндэсний цом&#34-ыг чимсэн хүчтэнүүд

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний цомын "А" зэрэглэлийн тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Спортын төв ордонд зохион байгуулсан. Анх удаагаа болсон энэхүү тэмцээнд Булган, Дорнод, Дорноговь, Баян-Өлгий аймгаас бусад 15 аймгийн багууд оролцсон билээ.

21 аймгийн "Үндэсний цом"-ын анхудгаар тэмцээний аваргаар Дархан-Уул аймгийн баг шалгарсан бол Орхон, Сүхбаатар аймгийн багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Тэмцээнийг сонирхолтой болгох үүднээс Үндэсний супер лигийн 4 хүртэлх тамирчин төрөлх нутгаасаа оролцон тоглохыг зөвшөөрсөн байна. Мөн аймгуудын менежментийг сурталчлахын тулд тухайн аймгаас төрж гарсан спорт, урлагийн одуудыг оролцуулсан бөгөөд ихэвчлэн улсын алдар, цолтой бөхчүүд оролцсон байна. Улсын аваргаас авахуулаад начин, харцага, заан цолтой бөхчүүд тоглолтод оролцож, баг тамирчдаа дэмжсэн юм. Мөн зарим аймгийн багт дуучид, жүжигчид багтсан билээ.

Ингээд өнгөрөгч долоо хоногт сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж, Спортын төв ордон таван өдөр дүүрэн үзэгчтэй байсан Үндэсний цомын “А” зэрэглэлийн тэмцээний алдартнуудыг танилцуулья.


ДАРХАН /Алтан медаль/

Сагсан бөмбөгийн амжилтын арвин түүхтэй, үеийн үед шилдэг сагсан бөмбөгчидтэй хот. Жүдо бөхийн домогт тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар багтсан. Дасгалжуулагч ОУХМ Д.Гүржав унаган шавь нараа удирдсан. Монгол гайхамшиг хэмээн нэрлэгдэх авьяас, мэдрэмж нь бялхсан сагсан бөмбөгч Үндэсний шигшээ баг болон “Танан Гарьд” багийн холбон тоглогч ОУХМ Г.Ихбаяр, Үндэсний шигшээ баг, “Танан Гарьд” багийн тоглогч ОУХМ О.Ууганбаяр, “Танан Гарьд” болон Үндэсний 2-р шигшээ багийн довтлогч Цэрэнбат, “СБЛ Хасын Хүлэгүүд”-ийн Энхтүвшин нар нутгийнхаа багт нэгдсэн билээ.

“А” хэсгийн Дархан-Уул, Орхон аймгийн багууд финалд шалгарсан. Харин хэсэгтээ Орхоны багт хожигдсон Дарханчууд энэ удаа 87:73 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожиж, даагаа чангахан авсан юм. Аваргын төлөөх тоглолтын эхнээс Дархан-Уул аймгийн баг тэргүүллийг авч эхэлсэн бөгөөд энэ эрчээ төгсгөл хүртэл хадгалж чадсанаар “Үндэсний цом”-ын анхдугаар тэмцээний аваргаар тодорсон.

Алтан медаль: Дархан-Уул – Орхон – 87:73

Хагас шигшээд: Дархан-Уул – Төв 97:87 (нэмэлт цагт)

Шөвгийн найм: Өмнөговь аймаг – Дархан-Уул аймаг – 67:71

Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор Дархан-Уул аймгийн тамирчин, ОУХМ Г.Ихбаяр шалгарсан.

ОРХОН (Мөнгөн медаль)

Орхон аймаг буюу Эрдэнэтийн ТОМЧУУД. Томчууд хэмээсний учир нутгийн суугуул өндөр Очирбатаа арга буюу Архангайд алдсан ч багийн дундаж өндөр 190см!!

Эрдэнэт хот олон сайн сагсан бөмбөгчидтэй. Нуруулаг залуус ямар ч амжилт үзүүлэх боломжтой. Хэсгийн эхний тоглолтод Хэнтийн багийг хожиж, эхний ялалтаа авсан тэд финалд Дархан-Уул аймгийн багт хожигдож, дэд аварга болсон.

Орхон аймгийн багийг “Танан Гарьд” болон Үндэсний хоёрдугаар шигшээ багийн төвийн тоглогч М.Дорждагва ахалсан. Орхоны баг хэсэгтээ (A) Дархан-Уул аймгийн багийг хожиж, байсан бол тэд дахин финалд таарсан. Энэ удаа Дархан-Уул өрсөлдөгчөө 87:73 онооны харьцаагаар хожсон юм.

Олон киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батзаяа, дуучин Б.Болд нар төрөлх хотынхоо багт нэгдсэн.

31 дугаартай дуучин дуучин Б.Болд

Жүжигчин Б.Батзаяа

 

СҮХБААТАР (ХҮРЭЛ МЕДАЛЬ)

Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нутгийнхаа сагсан бөмбөгчдийг зүрх сэтгэлээрээ дэмжин ажиллаж байна. Тэрээр мөн Үндэсний цомд Сүхбаатарын залуустайгаа хамт өрсөлдөнө. Спрайт лигийн хүчтэй багуудын нэг Сүхбаатар аймгийн багт Залуучуудын шигшээ багийн тоглогч Энхбатын Дөлгөөн, Б.Батзолбоо нар нэмэгдэнэ.

Шөвгийн наймд Хөвсгөлийн хүчтэй багийг нэмэлт цагт 91:85 оноогоор хожсон Сүхбаатар аймгийн баг хагас шигшээд Орхоны багт хожигдсон. Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод тэд Төв аймгийн багийг 72:65-аар хожсон юм.

Сүхбаатар аймгийн багийн хувьд өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан 21 аймгийн “Б” зэрэглэлийн Үндэсний цомд дэд байрт шалгарч байсан.

ТӨВ (IV байр)

Төв аймгийн уран барилдаант заан Б.Батмөнх. Тэрбээр уран барилдаант заан гэсэн шиг хөнгөн шингэн, хурдан хөдөлгөөнтэй зүлэг ногоон дэвжээнээ элдэвтэй байдаг шигшээ сагсан бөмбөгийн талбай дээр ч элдэвтэй аж. Энэ багт “Спрайт”, “Үндэсний супер лигт” нутгаараа овоглосон багтай Төв аймгийнхан олон жил нэг багт хүчин зүтгэсэн НЭГ ГЭР БҮЛ. Спрайт лигийн тоглогчдоос гадна ОУХМ Д.Дэлгэрням, Ганболд, Мөнхтөр, Үндэсний аварга “Альянс Тех Харцага”-ын Дорждамба нар багтсан.

Хүрэл медаль: Сүхбаатар – Төв 72:65

Хагас шигшээ: Дархан-Уул – Төв 97:87 (нэмэлт цагт)

Шөвгийн найм: Төв аймаг – Архангай аймаг – 65:57


ШӨВГИЙН НАЙМД:

УВС

Монгол Улсын залуу аварга С.Мөнхбат тэргүүтэй Увс аймгийн баг шөвгийн наймд тус тэмцээний дэд аварга Орхон аймгийн багт хожигдсон билээ. Үндэсний аварга, "Альянс Тех Харцагууд"-ын төвийн тоглогч ОУХМ П.Болортулга Увс аймгийн багийн гол ноён нуруу. Увсын залуус хэсэгтээ Ховдын хүчирхэг багийг хожиж, “Дайчин” гэдгээ харуулсан авсан юм.

Шөвгийн наймд: Орхон аймаг -Увс аймаг 83:61

ХӨВСГӨЛ

Олон улсууд буюу Тэргүүнүүдийн баг гээд нэрлэхэд ч болохоор байсан. Учир нь тэдэнд Монгол Жордан, Лигийн Тэргүүн тоглогч ОУХМ Ж.Майбаяр, Тэргүүн тоглогч ОУХМ Б.Пүрэвдорж, ОУХМ Г.Наранбаатар, ОУХМ Т.Санчир, ОУХМ М.Отгонмөнх, Залуучуудын шигшээ багийн О.Цэлмэг нарын шилдгүүд багтсан. Хөвсгөл аймгийн харьяат Улсын начин Баянмөнх нутгийнхаа багийг дэмжин мөн өрсөлдсөн юм.

Туршлага+залуучууд+эрч хүч, ур чадвар цогцолсон хүчирхэг баг хэсэгтээ хүндхэн тоглолтуудыг хийж, хожил авч байсан шөвгийн наймд Сүхбаатар аймгийн багт нэмэлт цагт хожигдсон юм.

Шөвгийн найм: Сүхбаатар аймаг – Хөвсгөл аймаг 91:85 (нэмэлт цагт)

 

АРХАНГАЙ

Архангай аймгийн харьяат алдартнуудаас Монгол Улсын начин, Даншигийн арслан Р.Пүрэвдагва, “ТВ Коктейл” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Э.Цолмонбаяр нарын алдартнууд багтсан. Мөн Дээд лигт 12 жил тоглохдоо 12 жил багаа финалд шалгаруулж, лигийн зургаан удаагийн аварга, хоёр удаагийн тэргүүн тоглогчийн шагналт ОУХМ Тагарвайн Түвшинбаяр, ОУХМ Цэвэгмэдийн Баярхүү нар багтсан. Тэдний хувьд аавынхаа нутгаа даган Архангайн багт тоглосон юм. Мөн Үндэсний супер лигийн дөрвөн тоглогч, Үндэсний II шигшээ багийн ахлагч Э.Цэвэлдорж, Э.Дорж-Арилд, “Танан Гарьд”-ын Түмэнжаргал, “Гэгээнхангай Лидер”-ийн Очирбат нар багтжээ.

Архангай аймгийн баг шөвгийн наймд Төв аймгийн багт 57:65 онооны харьцаагаар хожигдсон юм.

 

ӨМНӨГОВЬ

Өмнөговийн харьяат улсын начин Одбаяр багийнхаа залууст итгэл нэмж хүчин зүтгэсэн. Зэрэглээ суунагласан говийн ээрэм талд ганц тэмээ зогсож буй мэт Өмнийн говиос төрөн гарсан цор ганц сагсан бөмбөгийн Олон улсын хэмжээний мастер Батаагийн Мөнхболд билээ.

Өмнөговийнхон нутгийнхаа уугуул, суугуул сагсан бөмбөгчдийг сайтар цуглуулж жигдхэн сайн багийг бүрдүүлсэн. ХҮДС-ээр овоглон сагсан бөмбөгийн ертөнцөд тэсрэлтийг хийж байсан туршлагатай сагсан бөмбөгч Данкер, ОУХМ Бат-Орших ээжийнхээ нутгийг даган тэдэнд элссэн бол лигт хүчин зүтгэж явсан туршлагатай, чадварлаг ахан дүүс Энхзориг, Зоригоо нар нэмэгдсэн. 

Тэд шөвгийн наймд Дархан-Уул аймгийн багт хожигдсон юм. (67:71)


 

БАЯНХОНГОР

Чөлөөт бөхийн нэгэн үеийн Монгол шилдэг тамирчдын нэг Халтмаагийн Баттуул төрөлх нутгийнхаа багт тоглосон. Тэрбээр Чөлөөт бөхийн шилдэг тамирчин, бизнесмэнээс гадна Ахмадын сагсан бөмбөгийн УАШТ-нд амжилттай оролцдог ухаалаг, дайчин сагсан бөмбөгч. Тэдэнд Монгол Пиппен ОУХМ П.Батзаяа туршлага нэмж өөрийн хүү Б.Эрхэсээр эрч хүчийг нэмсэн. Залуучуудын шигшээгийн Бямбадорж хурд нэмж, “Их Өргөө Аравтууд”-ын Б.Мөнхбат самбарыг нь бат найтвартай манаж байсан ч хэсгээсээ шалгарч чадаагүй.

 

ӨВӨРХАНГАЙ

Оюутан ахуйдаа дээд лигийн Генералууд багт тоглож, сагсан бөмбөгийн спортын мастер цолыг хүртсэн нутгийн хүчит арслан Д.Ганхуяг багийн давуу тал болсон. Өвөрхангайн залуус нутгаа Гэгээнхангай нэрээр төлөөлөн Спрайт супер лигт өрсөлддөг, өсөх ирээдүйтэй олон тамирчинтай. Тэднийг дасгалжуулдаг ОУХМ Ш.Сэдбазар энэ удаа шавь нартайгаа нутгийнхаа өмнөөс хүчин зүтгэсэн. Тэдэн дээр залуучуудын шигшээ болон “Мон-Алтиус”, “Шонхорууд” багийн Э.Цэрэнбаатар, Б.Дархантөгс нар багтсан юм.

Өвөрхангай аймгийн баг хэсгээсээ шалгарч чадаагүй.

ХЭНТИЙ

Супер лигийн тоглогчгүй Хэнтий аймгийн баг Оюутны лигийн залуусаар хүчээ зузаатган өрсөлдсөн. Өнгөрсөн жил нутагтаа лигийн тэмцээн зохион байгуулж, улмаар Хэнтий аймгийн шигшээ багийг байгуулсан залуу дасгалжуулагч Дожоодоржийн залуус Спрайт хөгжлийн лигийн аварга цолыг авч байсан. Харин тэд энэ удаа хэсгээсээ шалгарч чадаагүй. Нутгийн залуу арслан Э.Оюунболд тэдэнтэй хамт өрсөлдөх байсан ч Хан-Уулын нэрэмжит барилдаанд бэртэл авсны улмаас эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорисон. Арсланг орлож, багийн эзэн ЭБЭГ ХХК-ий захирал Энхбаатар өрсөлдсөн юм.

Хэнтий аймгийн баг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан 21 аймгийн “Б” зэрэглэлийн Үндэсний цомд түрүүлсэн юм.

СЭЛЭНГЭ

Спрайп лигт оролцдоггүй ч Спрайт лигийн шаггүй тамирчид дээр “Их Өргөө Аравтууд”-ын Батбямба, Хэнтий Чингис Сити багийн Улаанхүү, Даваасамбуу нарын тоглогчид тус багт багтжээ. Хэдэн жилийн өмнө “Спрайт” лигт тоглож, шаггүй сагсан бөмбөгч гэдгээ харуулаад авсан ой тогтоолтын гайхамшгийг дэлхийд гайхуулж яваа Монголын оюун ухааны академийн багш, захирал Х.Хатанбаатар Сэлэнгэ нутгийн уугуул аж. Тэрбээр энэ удаа Сэлэнгийн залуустай нэгдсэн.

ДОРНОГОВЬ

Үе үедээ олон шилдэг сагсан бөмбөгчидтэй Дорноговийн залуусыг Үндэсний шигшээ багт хүчин зүтгэж, Дээд лигийн аварга цолыг хэдэнтээ хүртсэн Ж.Отгондарь дасгалжуулагч  багаа ахалсан. Нутгийн хүчтэн Цацабшир сагсан бөмбөгийнхөө багтай нэгдсэн. Тэдэнд Үндэсний шигшээ багийн төвийн тоглогч ОУХМ С.Өрнүүнбилэг, Үндэсний 2-р шигшээ багийн холбон тоглогч Б.Баярбат, Ригсийн Нямбаяр, Мэндбаяр нар нэгдсэн билээ.

ХОВД

Ховдын хөгжлийн төлөө сангийн залуус сүүлийн 2 жил нутгийнхаа лигийг маш амжилттай зохион байгуулж “Алтайн Аргаль” багаа “Спрайт” лигт өрсөлдүүлж байгаа. Нутгийн уугуул Үндэсний шигшээ баг болон СБЛ Хасын Хүлэгүүд багийн довтлогч, Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч ОУХМ Б.Билгүүн, Альянс Тех Харцага багийн довтлогч ОУХМ Ц.Азбаяр, 2014-2015 оны Үндэсний супер лигийн Үнэ цэнэтэй тоглогч Мөнхтүвшин, “Хэнтий Чингис Сити” багийн тоглогч Алтансоёмбо зэрэг тоглогчоор хүчээр зузаатгасан тэднийг тэмцээний гол фаворитоор олон сагсан бөмбөг дэмжигчид нэрлэж байсан. Харин тэд хэсгээсээ шалгарч чадаагүй юм.

ЗАВХАН

Өндөр гарьд М.Баяржавхлан нутгийнхаа багт багтсан. Маш жигд, хүчтэй баг. Залуучуудын шигшээ багийн А.Гансүх, “Альянс Тех Харцага”-ын Г.Цэнгүүнбаяр, Энхцогтын Дөлгөөн, “Сентоза Арслангууд”-ын Даваасүрэн нар дээр туршлагатай холбон тоглогч Төрмөнх, Ууганбат, довтлогч Нямдорж, Алтан-Очир нар багтсан.

Хэсэгтээ тэд гурван онооны давуутай явсан ч оноо тэнцэн улмаар нэмэлт цагт Дархан-Уул аймгийн багт хожигдол хүлээсэн юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж