Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сард хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан хэрэгт Б.Махбалыг буруутган шалгаж буй. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт шилжүүлсэн.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Б.Махбалыг суллана гэдэг мэдээлэл нь ташаа бөгөөд цагдаагийн байгууллагаас уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийгээд дуусчээ. Улмаар өнөөдөр /2020.02.07/ дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн байна. Ямартай ч нэг жил зургаан сарын туршид сунжирч байгаа уг хэрэг дахин анхан шатны шүүхээр тун удахгүй орох нь.
Хэргийг эргэн сануулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Одоогоор Б.Махбал нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа юм.
Э.АРИУН