Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв

Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг өнөөдөр (2020.02.07) хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, (2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Итгэмжлэх жуух бичгээ барьсан) “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Канад бол Монгол Улсын гуравдагч хөрш, хөрөнгө оруулалтын томоохон түнш мөн” гэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэсэн юм.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлоод энэ удаагийн парламент Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийсэнд баяр хүргэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр засаглал хоорондын хяналт-тэнцлийг хангах, төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх эрх зүйн үндсийг тавьсан. Сүүлийн 10 гаруй жил яригдсан энэ өөрчлөлтийн төслийг хоёр жилийн турш олон нийт, судлаачдын дунд хэлэлцүүлж боловсруулаад парламент зургаан сар тасралтгүй хэлэлцэн баталсан.  Тогтолцооны шинэчлэлийг хийж, байгалийн баялгийг ард иргэдийн мэдэлд байлгах, үндэсний баялагийн сан байгуулах шинэ зохицуулалтыг оруулсан” гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар товч мэдээлэл өглөө.

Элчин сайд хатагтай Катрин Ивкоф Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Уг төслийг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм.

УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр шинэчлэлийн томоохон алхам хийхэд дээр төсөл чухал дэмжлэг үзүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар цохон тэмдэглээд Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв.

Түүнчлэн уулзалтын хүрээнд талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж