Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн онцгой комиссын зарим гишүүнтэй коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болон томуу, томуу төст өвчлөлийн үед эмнэлгийн ачааллыг бууруулах чиглэлээр ярилцлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Томуу, томуу төст өвчлөлийн үеэр эмнэлгийн ачаалал ихсэж буй энэ үед Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж ажиллалаа. Эмнэлгийн эмч, албан хаагчид байгаа нөхцөл боломжиндоо тохируулж, хүн хүчээ хуваарилж ажиллаж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 40 ортой хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэж эмчлүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй өрөө тасгийн асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл их байна. Тиймээс боломж бололцоогоо ашиглан эмнэлгийн барилгыг шинэчлэн өргөтгөх шаардлагатай байна. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад “царцсан” нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд заавал Засгийн газарт хандаж, хөрөнгө мөнгө нэхэхээсээ илүүтэйгээр төрийн өмчит болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулъя. Би ирэх долоо хоногт Оюутолгой, Эрдэнэставантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж иргэдийн эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцах болно” хэмээн хэллээ.
Төрийн болон хувийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтан ашиглалтад оруулах аж.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс