Финландын шинэ засгийн газар аавуудыг хүүхдүүдтэйгээ илүү их цаг өнгөрөөдөг болгохын тулд ээжүүдэд өгдөгтэй ижил хугацааны чөлөө өгч байхаар болжээ.
Шинэ журмын дагуу шинэ төрсөн хүүхдийн эцэг, эх хоёрт нийт 14 сар буюу тус бүр 164 ажлын өдрийн (зургаан өдрийн тогтолцоотой) цалинтай чөлөө олгох гэнэ.
Хөрш Швед орон нь харин эцэг эхчүүдэд 240 өдрийн цалинтай чөлөө олгодгоороо Европдоо шинэ эцэг, эхийн чөлөөний журамд хамгийн өгөөмөр ханддаг улс хэмээгддэг билээ.
Финланд энэхүү өөрчлөлтөө "ард түмний аз жаргал, хүйсийн тэгш эрхийн төлөө" хэмээн тодорхойлж байгаа гэнэ. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Айно Кайса Пеконен "Эцэг, эх болон хүүхдийн халуун дотно харилцааг анхнаас нь дэмжсэнээр эрүүл гэр бүл үүсэх нь манай улсад ашигтай" хэмээн тайлбарлажээ.
Финландад одоогийн мөрдөж байгаа хуулиар шинэ эцэг, эхэд олгох чөлөөний журамд хүүхэд төрсний дараа ээжүүдэд 4.2 сарын чөлөө олгох ба аавуудад хүүхдээ хоёр нас хүрэхээс өмнө 2.2 сарын чөлөө авах боломж олгодог. Бас нэмэлтээр зургаан сарын чөлөөг эцэг, эх хоёр хувааж авах боломжтой байдаг гэнэ. Гэвч харамсалтай нь дөрвөн аав тутмын нэг нь л чөлөөгөө авдаг ажээ.
Харин шинэ системийн дагуу эцэг, эх хоёул 6.6 сарын цалинтай чөлөө авч болох аж. Мөн жирэмсэн эхчүүдийн чөлөөний хугацаа нэг сараар нэмэгдэх гэнэ.
Дээрх чөлөөнөөс эцэг эхчүүд 69 өдрийг бие биедээ шилжүүлэх боломжтой бөгөөд ганц бие аав/ээж аль алиных нь чөлөөг буюу нийт 14 сарын чөлөө авах боломжтой гэнэ.
Финландын Ерөнхий сайд Санна Марины хэлснээр улс орныг хүйсийн тэгш эрхтэй болгох олон арга байгаа бөгөөд өнөөгийн байдлаар маш цөөхөн аавууд л хүүхдээ бага байхад нь хамт байх боломжтой байгаа аж.
Европчууд энэ жишгийг дагаж байна. Ослогийн их сургуулийн профессор Анн Лиз Эллингсер умардын улсууд аавуудад өгдөг чөлөө(ээжид шилжүүлэх боломжгүй)-гөөрөө тэргүүлж байгаа талаар ярьжээ.
Европын холбоо энэ жишгийг 2019 оноос дагаж гишүүн орнуудад гурван жилийн дотор эцэг, эхэд өгдөг цалинтай чөлөөг дор хаяж дөрвөн сар(хоёр сарыг нь шилжүүлэх боломжгүй) болгох захирамж гаргажээ. Харин Португаль аль хэдийн захирамжийг дагаж эцэг, эх нарт 120 хоногийн 100 хувь цалинтай чөлөө, 30 хоногийн 80 хувь цалинтай чөлөө олгодог болсон байна.
Мөн Данид аавууд хүүхэд төрснөөс хойш хоёр долоо хоногийн чөлөө, аав, ээж дундаа 32 долоо хоногийн чөлөө авдаг байна.
Эх сурвалж: bbc.com
Холбоотой мэдээ