Мэдлэг муутай УИХ-ын гишүүдээс салмаар байна, гэвч…

Хуучирсан мэдээ: 2015.10.27-нд нийтлэгдсэн

Мэдлэг муутай УИХ-ын гишүүдээс салмаар байна, гэвч…

Ивээд, залаад байхад урагшаа явдаггүй УИХ-ын гишүүн гэж  байх юм аа. Түүний  нэрийг энэ удаад нь дурдаад яах вэ. Монгол Улс 2016 онд гэдэс цатгалан, мөр бүтэн байх эсэх тухай асуудлыг УИХ-ын намын бүлгүүд хэлэлцэж, дээр доороо оролцон сүйд болж байхад төсөв алдагдалтай, алдагдалгүй батлагдах тухайд ухаанаа уралдуулан тоо бодож сүйд болохгүй  ч бодит дүгнэлтийг хийх чадваргүй  далайд хөвөх  модны зомгол шиг  УИХ-ын гишүүн гэж байдаг л юм байна. 

Бидний ярилцлага цаг үеийн асуудал гэдгээр 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөллөөр эхэлсэн ч эрхэм гишүүний мэдлэг хүрсэнгүй бололтой, эг маг хийгээд таг болох нь тэр. Тэгэхээр нь хоёр сар гаруй яригдаж, дэгсдүүлэхэд Ховд аймгийн Булган сумын хамгийн хойд багийн иргэд ч сонссоор байгаад сонирхлыг нь татахаа больсон дахин дахин буцаад байгаа Өршөөлийн тухай хуулийг “мөлжих” гээд ч амжилт олсонгүй. 

Аргаа бараад Монгол Улс Халхын голд худалдааны чөлөөт бүстэй болох талаархи байр суурийг нь сонсох гээд барсангүй. Ингээд л миний дургүй хүрч, өрөөнөөс нь гарсан юм. Редакцид ирээд болсон үйл явдлын талаар ярьж, бичлэгээ сонсгоход “Наад гишүүн чинь гэдийгээд, хариулахгүй байна шүү дээ” гэх сэтгүүлч  гараагүй, бүгд л хөөрхий мэдлэг нь хүрдэггүй юм байна гэх дүгнэлтэд санал нэгдэв.  

Тэгэхээр эрхэм сонгогчид минь та бүхнийг төрд төлөөлж чадахуйц боловсрол, мэдлэгтэй түшээг илгээхгүй бол мөнгө халаасалж очоод гуу жалгаар нэг тарааж, санал худалдаад авчихдаг нэгнийг сонгох аваас төрийн бодлогод бэл бэнчинтэй хүн нөлөөлж чаддаггүй гэдгийг хангайн бүсээс сонгогдсон эрхэм гишүүн бэлхэнээ баталлаа. Монгол Улсын хөгжилд бэлтэй бус мэдлэгтэй, эрдэмтэн докторуудын ухааны цар дутаад байна аа, та минь ээ.  

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж