ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД

ЗУУГДАГСАД хийгээд ДЭГЛЭЛТ ЖҮЖГҮҮД

Хөшигний ар дахь том улс төр хөгжин цэнгэсэн хэвээр. МАН-ын лойдорууд албан бус даргаасаа айж үг дуугардаг нь ч байхгүй болсон. Үг дуугарвал яг Н.Номтойбаяр шиг “намнуулж” мэдэх учраас.

НЭГЭН ЯВДАЛ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа ЦЕГ-аас Г.Батхүү агсны амь насаа алдсан гэх хэрэгт холбоотой 13 секундын бичлэг хуурамч болохыг зарласан нь сөрөг дүрийн гол баатарт байтугай үзэгчдэд ч үнэхээр хачирхалтай санагдав.

Бичлэгийг 2019 оны  тавдугаар сард хуурамч гэж тогтоосон байтал Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан бусдад ямар шалтгаанаар “хэрэг тохох”-ыг хүссэн, Ц.Нямдорж мэдээллийг юунд нууцалсан, жүжгийн зохиолч, найруулагчийн гол санаа юу болох нь анхаарал татаж байна.

Эхний жүжиг дуусч, хөшиг хаагдсаны дараа ЦЕГ гэнэт мэдээлэл хийснийг Ц.Нямдорж нэг бол Н.Нямтайширын өмнө гэмээ цайруулахыг оролдож буй хэрэг. Эсвэл Н.Номтойбаярыг гэм буруугүйг нь мэдсээр байж хэлмэгдүүлсэн нүглээ наминчлахад хүрч гэж дүгнэж болохоор.

Н.Номтойбаяр байна уу, Ц.Нямдорж байна уу хамаагүй,  гол нь хэнийг ч хилсээр яллаж болохгүй.   Нэг хүний үзэмжээр асуудлыг шийддэг, хэн нэгнийг ялладаг болчихвол Монголд нэг хүний дарангуйлал тогтсон гэсэн үг.

НЭГЭН ЯВДАЛ

“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан прокурор Ц.Батболд, Ж.Сандагсүрэн, Б.Халиун нартай “тооцоо бодох”-ыг хүсчээ. Тэдгээр прокуроруудтай тооцоо бодох сонирхол Г.Буяндоржоор зогсохгүй, нэг бус хүнд бий нь нэн тодорхой байна.

УЕПГ-ын Хяналтын прокурор Ж.Сандагсүрэн өмнө нь  С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн улсын яллагчаар ажиллаж байсан хүн.  Хэргийн талаарх зарим нотлох материалыг “ММ” агентлагийн “Цагийн хүрд”-ээр ил болгож, олон нийтэд цацаж байсан ч удаатай.     Тиймээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгэл эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч болчхоод яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “хорхойтой араанд” зуугдаад удаж байгаа юм.

Тэрбээр “60 тэрбумын хэрэг”-т хяналт тавьж, авлигын шинж байхгүй гэсэн дүгнэлт гаргаснаасаа болж Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “тооцоо бодох нэрсийн жагсаалт”-ад багтсан байхыг ч үгүйсгэхгүй.

БЗД-ийн Ерөнхий прокурор Ц.Батболд нь Нийслэлийн прокурорын орлогч байхдаа олон дуулиант хэргүүд дээр ажиллаж байсан. Шинэ төмөр замын хэрэг буюу "Монголын Төмөр Зам” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан П.Бат-Эрдэнэ, "Либерти партнерс” ХХК-г үүсгэн байгуулагч Ч.Ганбат, Зам тээврийн сайд асан, өдгөө ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нарт холбогдох хэрэгт хяналт тавьж ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр түүнтэй том тооцоо бодох том улстөрч цөөнгүй ч биз.

НЭГЭН ЯВДАЛ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусийн голомт болох Ухань хот руу сайн дурын эмчээр ажиллах хүсэлтэй байгаагаа нүүр номдоо зарласан. Ж.Амарсанаа популимз хийсэн ч байж болно, улс төрийнх нь нэг пи-ар байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийх нь төлөө яллах, буруутгах, эрүү үүсгэх эрх ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд байхгүй юм.

Прокурорын мөрдөн Засгийн газрын дэргэд сэргээн байгуулах тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сүүлийн үед ярих болсон. Тэрбээр “тусгай субьектуудын үйлдсэн хэргийг шалгадаг байгууллагыг гүйцэтгэх засаглалын дэргэд байгуулах санал дүгнэлтэд хүрсэн” талаар өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард дуулгаж байв. Түүний хэлсэн тусгай субьектууд нь  ШШГЕГ, ГИХГ, ХХЕГ, АТГ, ЦЕГ, ТЕГ гэсэн үг. Эдгээр байгууллагын  хэрэг бүртгэгч, мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын үйлдсэн тодорхой төрлийн хэргүүдийг Засгийн газрын дэргэд авчраад хянах, шалгах сонирхол ҮАБЗ-ийнхөнд байгаа бололтой.

Ийнхүү Монголын улс төрд “тооцоо бодох” үзэгдэл ид хүчээ авч байна. Өнөөдөр ҮАБЗ-өөс айхын учир нь өөдөөс нь үг сөргөсөн, өөр үзэл бодолтой хүмүүсийг яг 1937 он шиг намаас нь хөөх, яллах, намнах нь бараг хэвийн үзэгдэл болсонд. Аюулгүй байдлын зөвлөлөөс зохиолыг нь бичиж, найруулж буй дараагийн жүжиг тун удахгүй ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛОХ БИЗ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж