“Хичээлийг монтажлах явцад дутуу бичигдсэнээс реклам цацсан”

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

“Хичээлийг монтажлах явцад дутуу бичигдсэнээс реклам цацсан”

“Хичээлийг монтажлах явцад дутуу бичигдсэнээс реклам цацсан”

Коронавирсийн халдвараас сэргийлж, бүх шатны сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ерөнхий боловсролын сурагчдад телевизээр хичээл зааж эхэлсэн билээ. Энэ ажлыг Боловсрол, соёл, шинжлэх, ухаан спортын яам /БСШУСЯ/ хариуцан, өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталж нийт 13 телевизээр дамжуулах, нөхөж үзэх боломжтой байхаар зохицуулсан. Гэтэл зарим теле хичээлийн дундуур реклам цацагдах, нөхөж үзэх боломжгүй байгаа талаар эцэг, эхчүүд гомдоллож байна. Энэ талаар БСШУСЯ-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулсан юм.


Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн багачуудад зориулсан хичээлийг 13 телевизээр дамжуулан зааж байгаа. Зарим телевиз теле хичээлийн дундуур реклам явуулж байна гэдэг гомдлыг эцэг, эхчүүд хэлж байна. Салбар яамны зүгээс үүнд хяналт тавьж байгаа юу?

-Нийт 13 телевизээр эхний долоо хоногийн теле хичээлүүд цацагдаж эхэлсэн. Зарим хичээлүүдийг монтажлах явцад нэг, хоёр минут дутуу бичигдсэн тохиолдол гарсан. Тиймээс Монголын телевизүүдийн холбооноос тэр хугацаандаа богино хэмжээний реклам явуулсан юм билээ. Тус холбооноос энэ асуудлыг анхаарч, дахин реклам цацахгүй байхаар ажлаа засч, залруулаад явна.

-Теле хичээл зааж буй багш нарыг сонгон шалгаруулсан уу?

-Телевизээр хичээл зааж буй багш нарыг сонгон шалгаруулаагүй. Монголын эгэл жирийн багш нарын л төлөөлөл. Тухайн үед бидэнд багш сонгон шалгаруулах цаг хугацаа байгаагүй. Бид маш богино хугацаанд бэлтгэл ажилд орсон. Тэр үед Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахад бэлэн байсан, тусалж дэмжих, хамтран ажиллах хүсэлтэй багш нарыг сонгосон. Теле хичээл зааж буй багш нар өдөр тутмын хичээлээ хэрхэн бэлтгэдгээрээ л хичээлээ зааж байгаа.

-“Монгол HD” телевизээр гарч буй 12 дугаар ангийн теле хичээлийг нөхөж үзэх боломжгүй байгаа гэдэг гомдлыг эцэг, эхчүүд хэлж байна?

-Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас “Юнивишн”, “Скаймедиа” зэрэг компанитай хамтран теле хичээлийг л нөхөж үзэх зохицуулалтыг хийж өгсөн. Бусад контентуудын хувьд төлбөртэйгөөр нөхөж үзэх нь хэвээрээ. Миний бие өөрөө теле хичээл нөхөж үзэж болж байгаа эсэхийг шалгаж үзээгүй байна. Нэгдсэн хурал дээр Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын хэлтсийн дарга А.Золзаяа дарга болон “Монгол HD” телевизийн уран бүтээлчдийн төлөөлөл ирж ярилцсан.

-Телевизүүдээс гадна ямар вэб сайтуудад теле хичээлийг байршуулаад байна вэ?

Нийт дөрвөн төрлийн вэб сайтад ерөнхий боловсролын сургуулийн теле хичээлийг байршуулаад байна. Салбар яамны https://econtent.edu.mn/ цахим сайтаас гадна hicheel .mn болон iplus.mn, www.bagshiintuslah800.mn сайтад байршуулж байгаа. Энэ сайтууд зөвхөн боловсролын чиглэлийн мэдээлэл бэлтгэдэг. Телевизүүдээс гадна маш олон мэдээллийн сайтууд хамтран ажиллах санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Учир нь хүүхдийн нас сэтгэхүйд тохироогүй олон мэдээлэл нийтэлдэг учраас хүүхдүүдийг аль болох тийм мэдээллээс хол байлгах хүрээнд эдгээр сайтыг сонгосон.

-Хувийн сургуулиудын хувьд теле хичээлд хамрагдаж байгаа юу?

-Хувийн сургуулиуд ч ялгаагүй сургалтын хөтөлбөрийнхөө хүрээнд теле хичээлд хамрагдаж байгаа. Мөн багш нар өөрийн арга барилтай уялдуулан даалгавар өгч болно. Хичээлийн танхимд 40 минут үргэлжлэх хичээлийг зайнаас 20 минутын хугацаанд зааж байгаа. Тиймээс телевизээр хичээл зааж буй багш үлдсэн 20 минутын хичээлийн агуулгаа бүрэн гаргахыг хичээж байна. Хүүхдүүдэд хичээлээ аль болох сонирхолтой, идэвхтэй заахыг зорьж байгаа. Тэгэхээр ангийн багш нар нь үлдсэн орон зайг өөр өөрсдийнхөө арга барилын хүрээнд яаж бататгах вэ гэдэг дээр ажиллаж байна.

-Теле хичээлийг 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталсан. Хичээлийн хөтөлбөрийг хэрхэн баталсан бэ?

-Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулгыг тодорхойлдог. Өнгөрөгч 2019-2020 оны хичээлийн жилийн гуравдугаар улиралд ерөнхий боловсролын сургуулиуд ийм агуулгаар явж байгаа гэдгээ баримжаалж, судалсан. Хичээлийн агуулгын тохирцыг 90 гаруй хувьтай байна гэдгийг мэдээлсэн. Энэ хоёр долоо хоногийн теле хичээлийн агуулга, хөтөлбөрийг тус хүрээлэнгээс боловсруулж, хичээлийн хуваарийг гаргаж, долоо хоногийн өмнө орон нутгийн багш нарт хүргэсэн. Орон нутгийн багш нар хичээл сургалт ийм агуулга, хөтөлбөрөөр явна гэдэг бэлтгэлтэй байсан.

-Телевизээр хичээл зааж буй багш нарыг давхар цалинжуулж байгаа юу?

-Монголын телевизүүдийн холбоо болон хичээл зааж буй багш нарт ямар нэгэн байдлаар цалин хөлс өгнө гэж гэрээ байгуулаагүй. Монголын телевизүүдийн холбооны зүгээс 350 гаруй инженер, техникийн ажилчид 18 телевизийн уран бүтээлчид ямар ч үнэ төлбөргүй ажиллаж байгаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж