Сангийн мөнгө шамшигдаад өнгөрөх үү?

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

Сангийн мөнгө шамшигдаад өнгөрөх үү?

Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар нэгэнтэй бичсэн байдаг. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг Төрийн сангууд өдгөө  албан тушаалтнуудын “авлига”-ын үүр уурхай болсон. ЖДҮХС-гийн мөнгийг УИХ-ын МАН-ын гишүүд жигд хувааж идсэн нь баримт нотолгоотойгоо дэлгэгдсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сантай холбоотой дуулиан ч тасардаггүй.

Тусгай сангуудыг сааж, хөлждөг дарга нарын хэрэг үргэлжилсээр, Шинжлэх ухаан технологийн сангийн захирлаар ажиллаж байсан Дамдингийн Энхжаргалтай холбоотой асуудал сөхөгдөөд байна. Түүний өөрийгөө ёс зүйтэй сайн ажилласан гэх гомдлын дагуу шүүх хурал ирэх Даваа гаригт болох аж.  Гэтэл “ёс зүйтэй” гэх Д.Энхжаргал дарга  2016 оны арваннэгдүгээр сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл тус сангийн захирлаар ажиллахдаа бүтцийн өөрчлөлт хийж,  орон тооны бус зөвлөлийг байгуулан, урамшуулал нэрээр 7.5 сая төгрөгийг зувчуулсан байж болзошгүй гэх асуудалд нэр холбогдсоноор энэ бүхэн эхлэжээ. Тэрчлэн Шинжлэх ухааны технологийн санд огт ажилладаггүй хүнийг техникчийн орон тоонд томилж, 3.8 сая төгрөг олгосон, уг хүнийг сангийн ажилчид огт харж байгаагүй аж. Харж байгаагүй гэдгээ ажилчид нь батлаж гарын үсэг хүртэл зурж шалгалтынханд өгсөнийг та доорх баримтан дээрээс харж болно.

Үүгээр ч зогсохгүй өөрийн төрсөн дүү  Дамдингийн Амгалан-Энхийг 2016 оны арванхоёрдугаар сард сангийн мэргэжилтнээр ажил авахдаа Дамирангийн болгож овгийг нь өөрчилсөн байдаг. Цалингийн цэс дээрээ Дамирангийн Амгалан-Энх гэж бичээд сар бүр 536 мөнгөн төгрөгийн цалин олгодог байж. Гэвч, цалинг нь шилжүүлэхэд хэд, хэдэн удаа буцаагдсанаар Дамдин овогтой болохыг нь хамт ажиллагсад нь мэдсэн байна.  Эцгийнхээ нэрнээс татгалзан байж дүүгээ сангийн мөнгөөр тэжээсэн баримт нь энд байна.

Түүний сангийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан явдал үүгээр дуусахгүй аж.  Сангийн нэрээр захиалгат төсөл хэрэгжүүлэхээр 89 сая төгрөгийн гэрээнд санхүүжүүлэгчийг төлөөсөн атлаа өөрөө гүйцэтгэгчээр орж өөрөө өөртэйгээ гэрээ байгуулж мөнгө авсан ашиг сонирхлын зөрчил гаргажээ.  Энэ мэт 130 сая төгрөгийн хохирол улсад учруулсан ч ямар ч хариуцлага хүлээгээгүй ажлаасаа гарсан аж. Тиймээс боловсролын яамны зүгээс шинжлэх ухаан технологийн санг хохиролгүй болгох үүднээс түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг хуулийнханд гаргасан байна.

Д.Энхжаргал нь 2012-2015 оны хооронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Худалдан авах ажиллагааны даргаар ажиллаж байхдаа АТГ-д шалгагдаж байсан.  Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан, З.Баянсэлэнгэ нарт хууль бусаар тендер авч өгсөн гэх асуудлаар түүнийг АТГ шалгаж байсан юм.

Д.Энхжаргалыг Ч.Улааны хүн гэсэн яриа байдаг. Яам бүрийн дэргэд сан байгуулдаг. Түүгээр дамжуулан мөнгө шамшигдуулдаг энэ мэт байдлыг халж сангийн хуулийг шинэчлэх саналыг сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухас дурдаад өнгөрсөн. Эрх баригчид энэ мэт чухал ажлаа л сонгуулийн өмнө хийх цаг болсон байна даа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж