АН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
МАН, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг Капитал банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж тус банкыг дампууруулсан. Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С Чинзориг нарын зөвшөөрлөөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг. Мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын зөвшөөрлөөр, одоогийн сайд С Чинзоригийн зөвшөөрлөөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-нд 2.4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус, тус Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.
Гэтэл Капитал банкны дампуурлаас болж Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.
Сайд асан Н Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна.
2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд хадгалуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.
Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хурэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна гэлээ.
АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа
Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. АН-ын өндөр албан тушаал хашч байгаа хоёр хүнийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан. Энэ бол эрх баригчдын сонгууль угтсан АН руу дайрч байгаа улс төрийн акц хэмээн үзэж байна. Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх үүднээс хэвлэл, мэдээллийнхэнд хандаж байгаа юм. Сонгууль болох гэж байгаа энэ үед улстөржсөн үйлдэл хийж болохгүй.
АН-ын дэд дарга Х.Тэмүүжин:
НД-тай холбоотой хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2008-2012 онд Нийгмийн даатгалын сангийн мөнгө банкуудад байршихад олсон орлогыг нь аваад үзэхэд нийтдээ 47 тэрбум төгрөг олсон байдаг. Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа Ц.Уртнасангийн хувьд тухайн үеийн нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа 2013-2016 онд өмнө байсан гэрээг шинэчлээд банкинд нийгмийн даатгалын сангийн мөнгө байршуулж 268 тэрбум төгрөгийн ашиг олсон байдаг. Өөрөөр хэлбэл өмнө нь буюу 2008-2012 онд олж байсан 47 тэрбум төгрөгийн орлогыг 268 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулсан байдаг. 2017-2019 онд ажиллаж байсан НДГ-ын дарга болон тухайн үеийн албан тушаалтнууд мөн НДС-гийн мөнгийг банкинд байршуулж ажиллах явцдаа дээрх 268 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг банкны дампууралд алдсан байдаг. Эндээс харахад хэн нь хариуцсан ажлаа үр дүнтэй ажиллаж, НДС-гийн мөнгийг арвижуулав, хэн нь хариуцлага алдав гэдгийг харах боломжтой.
Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Ардчилсан нам ямар нэгэн саад учруулахгүй. Харин эрх баригчид чиглэсэн зорилготойгоор улс төрийн захиас даалгавартайгаар хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө харлуулах гэж оролдож байгаа бол Ардчилсан нам үүний эсрэг хатуу зогсоно. 2013-2016 онуудад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасангийн байгуулсан гэрээгээр ашигтай ажилласан гэдгийг аудитын байгууллагаар дүгнэгдэж УИХ-д 2017 онд буюу одоогийн эрх баригч нам хэлэлцээд тухайн аудитын тайланг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин 2017-2019 оны хооронд Засгийн газрын гишүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нарын “Зөвшөөрөл”-өөр Нийгмийн даатгалын ерөнхий газар тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон. Ингэхдээ өмнөх бүх гэрээг шинэчилж байгуулсан байдаг. Ингэснээр НДС маш том эрсдэл хүлээж авсан. Уг эрсдэлээ одоо ажиллаж байгаа болон шинээр гэрээний дагуу ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудлыг ярихгүй эсрэгээрээ өмнө нь НДС-г ашигтай ажиллуулж ажил үүргээ хүлээлгэж өгсөн мөн аудитын дүгнэлт нь гарсан атал тэр хүмүүсийг онилж Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь шударга бус. Энэ чиглэсэн зорилготой үйл ажиллагаагаа улс төрийн нөхцөл байдалд тааруулж хийж байгаа нь зохисгүй гэж АН үзэж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг энэ сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Шүүхээс тэднийг яллагдагчаар татсан шалтгаан нь маш ойлгомжгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр хорьсон нь 2016 онд албан тушаалаа өгсөн хүмүүсийг дөрвөн жилийн дараа дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж шалгаж байгаа нь хууль зүйн хэрэглээний хувьд маш том алдаатай. Эсрэгээрээ ХНХ-ын сайд С.Чинзориг болон Эрүүл мэндийн нийгмийн даатгалын газрын Д.Зоригт гэсэн одоо албан тушаал хашиж байгаа хүмүүсийг дээрх гэмт хэргийг дахин үйлдэх магадлалтай гэж шалгаж, цагдан хорих тохиолдолд хууль зүйн хувьд үндэслэлтэй асуудал.Илт хуулийн хэрэглээний алдаа гаргаж байгаа нь цаанаа хуулиас давсан улс төрийн захиалга явагдаж байна гэдэг хардлага төрүүлж байна.
2013-2016 онуудад НДС 268 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг хууль бус гэж үзвэл энэ орлого мөн хууль бус гэж буцаагдах болно. Аль банк руу 268 тэрбум төгрөгийг буцаах сонирхол улс төрийн аль хүчинд байгааг сэтгүүлчид олж мэдэх байх. Нэр бүхий улстөрчийн банк руу дээрх хэмжээний алдагдалтай болсон. Тиймээс ашгийг хууль бус гэж үзээд буцаагаад дампуурсан банкныхаа өр авлагыг хаах улс төрийн сонирхол байхыг үгүйсгэхгүй.
Монгол Улсын ерөнхий аудитор асан А.Зангад:
НДС-гийн хөрөнгө Засгийн газрын хөрөнгө эсвэл төсвийн мөнгө биш. Энэ бол даатгуулагчдын хөрөнгө. Энэ хөрөнгийг хуульд заасны дагуу чөлөөт үлдэгдлийн мөнгийг байршуулах замаар өсгөж арвижуулах үүргийг тухайн албан тушаалтнууд нь хүлээж ирсэн. 1995 оноос хойших энэ бүх үйл явц бүгд ил тод. Гэтэл энэ хөрөнгө банкинд байршиж байхдаа хаашаа алга болов гэдэг нь бүрхэг байсныг анзаарах хэрэгтэй. Улсын төсвийн нэгэн адил Нийгмийн даатгалын санд Үндэсний аудитын газар хөндлөнгийн хяналт хийдэг. Жил бүр санхүүгийн тайлангийн аудит гардаг. Намайг ажиллаж байх үед Нийгмийн даатгалын санд хоёр удаа тухайлсан сэдвээр хоёр удаа аудит хийсэн. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хөрөнгө хаана байршиж байсан хэдэн төгрөгийн ашиг орлоготой байсан, аль банкууд дээр хэчнээн төгрөг байршиж байгаа, аль нь эрсдэлтэй байна гэдэг нь аудитын тайлангууд дээр байгаа. Аудитын тайланг УИХ-аар хэлэлцээд албажсан байгаа. 2018 оны аудитаар эрсдэл үүссэн гэсэн мэдээлэл гарсан.
Хуульч Ч.Өнөрбаяр:
НДС-гийн хөрөнгийг заавал банкинд байршуулахгүйгээр тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж болдоггүй юм бэ гэдэг асуудал хөндөгддөг. Үндсэндээ тэтгэврийн даатгалын сангийн бүтэц өнөөдрийг хүртэл зөв болоогүй.
1999 онд УИХ-ын тогтоолоор Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай гэсэн ийм тогтоол. Энэ тогтоолын дагуу Монгол Улс тэтгэврийн даатгалын шимтгэлийн тогтолцоог бүрдүүлж чадаагүй.2015 онд баталсан УИХ-ын тогтоолоор Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах үндсэн бодлогыг баталсан. Энэ тогтоолын дагуу 2030 оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хэсэгчилсэн, хагас хуримтлалын тогтолцоонд цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх тухай заасан байдаг. Гэвч бодит байдалд хэрэгжүүлэх боломж бүрдээгүй. Капитал банкны үйл ажиллагаа 2012-2016 онуудад хэвийн байсан. Дампуурлын асуудал 2018 оноос эхэлсэн. Энэ хугацаанд эрх баригчид шийдвэр, албан бичиг, гэрээгээ хийгээд үүнийг зөвшөөрсөн нь хачирхалтай. Нөгөө талдаа Банкны тухай хуульд харилцагч, хадгаламж эзэмшигч банканд байршуулсан мөнгөө хүсэлтээрээ татаж авах эрхтэй. Банк энэ хүсэлтийн дагуу мөнгийг нь гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч татаж авах бололцоогүй байсан гэдэг тайлбарыг өгч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Холбоотой мэдээ