ГЕГ: Нярай хүүхдийн эд зүйлд "мөс" нууж оруулж ирээд баригдсан | News.MN

ГЕГ: Нярай хүүхдийн эд зүйлд "мөс" нууж оруулж ирээд баригдсан

ГЕГ: Нярай хүүхдийн эд зүйлд "мөс" нууж оруулж ирээд баригдсан

ГЕГ: Нярай хүүхдийн эд зүйлд "мөс" нууж оруулж ирээд баригдсан

Гаалийн ерөнхий газраас /ГЕГ/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хилийн боомтуудад ажиллаж байгаа гаалийн албан хаагчдад “Монголын пастер ахлагчдын холбоо” ТББ-аас сайн үйлсийн хүрээнд өнөөдөр 8000 мянган маск, 100 ширхэг гар ариутгагчтай хандивлалаа.

Өнөөдрийн байдлаар 670 орчим гаалийн ажилчид хилийн зурваст ажиллаж байгаа аж.

ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “2020 оны эхний нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ бага зэрэг буурсан. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг. Нэгдүгээр сар гарсаар хилээр оруулсан амны хаалт, ариутгалын бодисын хэмжээ нэлээн өссөн. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 68700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар нэг сая гаруй маск орж ирсэн. Ихэнх нь БНХАУ, Турк, БНСУ-аас импортоор орж ирсэн.

Импортын гол нэрийн бүтээгдэхүүний тодорхой хувь БНХАУ-аас орж ирдэг. Тухайлбал нарийн ногоо бага хэмжээгээр орж ирдэг. Үүнийг дотооддоо үйлдвэрлэж  байгаа учраас эрсдэл бага гэж тооцсон. БНХАУ-аас ихэвчлэн авто машины сэлбэг, түлш, химийн бодис, төмөр импортоор орж ирдэг.

ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар “2020 оны нэгдүгээр сард 79 удаагийн зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн. Хялбаршуулсан журмаар 60 зөрчил шийдсэн. Харьяаллын дагуу 10, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй таван зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчилд 75.8 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн.

Гаалийн байгууллага 2020 оныг хар тамхи, мансууруулах бодис, бэлэн мөнгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс сэргийлж, тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хилийн томоохон боомтууд, өмнөд хөрштэй хил залгаа боомтуудад мансууруулах бодис илрүүлэх чадвартай 16 багаж төхөөрөмжийг суурилуулсан.

2018 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 15 удаагийн үйлдлийг таслан зогсоосон. 2019 оны байдлаар нийтдээ 11 холбогдогчтой есөн удаагийн үйлдлийг таслан зогсоож, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар хар тамхи мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Жишээ дурдахад дөнгөж төрсөн нярай хүүхдийн эд зүйлд “мөс”  гэх бодисыг нуугаад хүүхэдтэйгээ оруулж ирсэн тохиолдол гарсан. Мөн бусдын хаяг шуудан  илгээмжид хаяглан илрүүлсэн. Тиймээс хувийн эд зүйлдээ хяналт тавихыг анхааруулж байна. Сүүлийн гурван жилд улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 47 хэргийг шүүхэд хүргүүлсэн. Цаашдаа илрүүлэлтээ нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлууд хийгдэж байгаа” гэлээ.

ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван “Хилийн хөдөлгөөний мэдээний хувьд 2019 онд хилээр нэвтэрсэн зорчигч 181.897 байсан бол 2020 оны нэг сарын байдлаар 161.816 зорчигч орсон.

Гарсан зорчигчийн хувьд 2020 оны нэг сарын байдлаар 158 мянга гаруй зорчигч гарсан. Дотоодын зорчигчийн хөдөлгөөн буурч, гадаадын зорчигчийн хөдлөгөөн нэг сарын хувьд ихэссэн.

Хилийн хөдөлгөөнд зарим хязгаарлалтуудыг хийсэн. БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байдаг.

Монгол, Хятадын хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт хийхээр 39 дүгээр тогтоол гарсан. Монгол, Хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр шийдвэрлэсэн.

Монгол Улсын иргэд:

1.Хятадын талаас ирэх Монгол Улсын иргэдийг зөвхөн агаарын замын Буянт-Ухаа /Чингис хаан олон улсын нисэх буудал/ боомт болон Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

2.Монгол, хятадын хилийн авто замын боомтуудаар хятадын талаас ирэх монгол иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд Булган-Такашикэн, Замын-Үүд-Эрээн, Баянхошуу-Өвдөг боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

3.Улс хоорондын ачаа тээврийн авто машин /нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тос, хүнс, бараа/-ы зөвхөн үндсэн жолооч нарыг Булган-Такашикэн, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг авто замын боомтоор улсын хилээр нэвтрүүлнэ.

4.Монгол, Хятадын хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат авто замын боомтуудыг түр хаана.

5.БНХАУ руу зорчих Монгол Улсын иргэдийг хилийн бүх боомтоор нэвтрүүлэхгүй. Тус улс руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлнэ.

Гадаадын иргэд:

1.Монгол, хятадын хилийн агаарын зам, төмөр зам, авто замын бүх боомтоор хятад болон тус улсаар дамжин Монгол Улсад ирэх гуравдагч улсын иргэдийг Монгол Улс руу нэвтрүүлэхгүй.

Ухань хотоос он гарсаар бараа импортлоогүй. Гаалийн 18 газар хороо байдаг. Хоёр цаг тутам мэдээллийг шуурхай авч, хяналтын шалгаж байна. Ухань хотоос гаралтай вирус, шувууны томууны вирус давхар дэгдсэн. Энэтэй холбоотой тахианы, мах тэжээлийг хязгаарлах зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хүргүүлсэн. Хоёрдугаар сард тахианы махны импорт байхгүй байна. Гаалийн бүрдүүлэлт хийхдээ эм эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг эм эмнэлгийн хэрэгслийг ашиглах журмын 15 дугаар зүйлийн 15.1 дагуу Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр, хувь хүний амны хаалтыг тусгай зөвшөөрөл лицензгүйгээр татвараас чөлөөлж, шуурхай нэвтрүүлэн дэмжлэг үзүүлэн ажиллах зөвлөмж өгсөн" гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unshigch 2020-02-07 192.82.67.205

hyatadiin buh mujid virus ilreed baihad yuun gantshan uhani ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж