Монгол Улсад хэрэгжиж буй Олон улсын валютын сан /ОУВС/-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр энэ 2020 онд дуусна. Тус хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк, санхүүгийн байгууллага болон донор орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх тохиролцоотой. Үүнийг задалж харвал, ОУВС Монголд дангаараа 434.3 сая ам.доллар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Япон, Солонгосын Засгийн газар нийтдээ гурван тэрбум ам.долларын санхүүжилтийг олгохоор болсон.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш:
- ОУВС-гаас 217.33 сая ам.доллар
- Дэлхийн банк, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны хоёр удаагийн санхүүжилтээр 220 сая ам.доллар
- Азийн хөгжлийн банк 500 сая ам.доллар
- Японы Засгийн газар 283 сая ам.долларын санхүүжилт олгосон байна.
Нийтдээ Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нэг тэрбум 220 гаруй сая ам.доллар санхүүжилтыг авч чаджээ. Харин үлдсэн санхүүжилт нь хэзээ олгогдох нь Монгол Улс санхүүгийн хэр сахилга баттай байхаас шалтгаална. ОУВС-гийн тухайд Монгол Улс ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэрийг гаргасантай холбоотойгоор Ройтерс агентлагаар дамжуулан шүүмжилсэн удаатай. Тодруулбал, Монгол Улсыг хариуцсан ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлиб Ройтерс агентлагт илгээсэн мэдэгдэлдээ “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна. Эрх баригчдын популист амлалт Монголын ДНБ-д эзлэх өрийг 2 хувиар нэмж, инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна" гэж анхааруулсан.
Харин энэхүү анхааруулгад хариу болгон Монгол Улс чухам яагаад тэтгэврийн зээлийг тэглэх болсон шалтгаан, тайлбар, тодруулгаа Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдтай уулзах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлажээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёрдугаар сарын 5-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкитой уулзах үеэрээ тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрээ тайлбарлахын сацуу Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг хүссэн.
"Нийт тэтгэврийн зээлийн 86 хувь нь иргэдийн хэрэглээнд, үлдсэн нь сургалтын төлбөр, автомашины лизинг болон бизнесийн санхүүжилтийн зорилгоор зарцуулагдсан байна. Жилийн 15 орчим хувийн хүүтэй энэ төрлийн зээлийг амьдралын баталгаатай, хангалуун амьдарч буй ахмадууд авдаггүй. Зөвхөн бага орлоготой, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадууд авч байгааг судалгааны дүн харуулдаг. Нөгөө талд, бүх ард түмний өмч болох байгалийн баялгийн үр ашгийг хүн амын цөөн хэсэг нь хүртэж, хэт тансаг амьдарч буй шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Мөн тэтгэврийн реформыг хийхийн тулд тэтгэврийн санг чөлөөлөх шаардлагатай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэлтэй, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, нийгмийн эмзэг бүлгийн ахмадуудаа халамжлах үүднээс сайтар судалж, боловсруулж, авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр" хэмээн Г.Занданшатар тайлбарлаж, Монгол улсын томоохон хандивлагч Япон улс энэхүү шийдвэрийг ойлгож, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх дараагийн санхүүжилтийг шийдвэрлэхэд дэмжлэг болохыг хүсчээ.
Энэ нь Монгол Улсад ОУВС-гаас орж ирэх дараагийн санхүүжилт ямар их хэрэгтэй байгаа нь харагдана. Өнгөрсөн хугацаанд гадаад хөрөнгө оруулалт саарсан ч валютын ханш огцом өсөөгүй нь ОУВС-гаас орж ирж байсан санхүүжилтийн үр дүн юм. Харин тус сангийн хөтөлбөрийн санхжүүжилт гацвал төгрөгийн ханш улам унах эрсдэл хүлээж буй.
Холбоотой мэдээ