“Орон сууц худалдан авсан, хөнгөлөлтөд хамрагдах гэсэн чинь и-баримт заавал шаардлагатай” гээд байх юм хэмээн иргэн О /нэрээ хэлэхийг хүссэнгүй/ Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст хандав.
Тэрбээр “Манай гэр бүл 2018 оны гуравдугаар сарын 5-нд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд орон сууц худалдан авсан юм. Анх энэ орон сууцыг барьсан компаниас лифтний компанийн захирал гэх хувь хүн бартераар авсан байдаг. Тэр хүн энэ компанитай орон сууц худалдан авах гэрээ байгуулж, лифтийг нь угсарч өгсөн юм билээ. Манай гэр бүл тэр хувь хүнээс орон сууц худалдан авсан юм.
Тэгээд дүүргийнхээ татварын хэлтэс болон Татварын ерөнхий газарт татварын хөнгөлөлтөд хамрагдахаар хандахад “Та байр зарсан компани юм уу, хувь хүнээсээ и-баримт авах шаардлагатай” гэдэг хариултыг өгч байна. Би өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдийг хүртэл анх удаа байр худалдан авсны буцаан олголтоо авахаар хөөцөлдөөд явж байна. Надад байр зарсан хувь хүн “Би и-баримт өгч чадахгүй. Би хариуцахгүй” гэж байгаа бол тус компанийн зүгээс “Манайх и-баримт өгөхгүй” гээд байх юм. Бид өнөөдөр хуулийн мэдлэг муутайгаас ийм байдалд хүрч, хохироод байна. Насны тэтгэвэртээ гарч, байр худалдан аваад хөнгөлөлт эдлэх гэсэн биш бүтэхгүй болж байх шиг байна” хэмээн учирлав.
Энэ мэт иргэд татварын буцаан олголт авахын тулд хоёрдугаар сарын 15-ны дотор материалаа бүрдүүлэхээр дүүргийнхээ татварын хэлтэст хандаж байлаа. Тэдэнд дунд оюутны сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй хүмүүстэй ч тааралдсан юм.
Иргэн О.Нарангийн хувьд хүүгийнхээ их сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн тул хөнгөлөлтөд хамрагдахаар материалаа бүрдүүлэн өгч байв. Тэрбээр “Манай хүү ШУТИС-ийн хоёрдугаар курсийн оюутан юм. Бид хоёр сая сургалтын төлбөр төлсөн и-баримт, сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн гэрлэлтийн лавлагаа гэх мэт материал бүрдүүлж, дүүргийнхээ Татварын хэлтэст өглөө. Сургалтын төлбөрийн 10 хувийн буцаан олголт авдаг” гэж ярилаа.
ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭД ХОЁРДУГААР САРЫН 15-НЫ ДОТОР ТАЙЛАНГАА ГАРГАНА
Энэ жилийн тухайд өмнөх жилүүдтэйгээ адил татвар төлөгчид тайлангаа гаргаж өгөөд байгааг албаныхан хэллээ. Одоогийн байдлаар 20 мянган татвар төлөгч тайлангаа гаргаж өгсөн гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
“Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч иргэд тайлангаа хоёрдугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх үүрэгтэй. Тайлан зайлшгүй гаргаж өгөх үүрэгтэй иргэдээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх гэж байгаа иргэд мөн энэ хугацаанд нэмэлт материал бүрдүүлж, тайлангаа гарган хөнгөлөлтдөө хамрагдана. Бүрдүүлэх баримт материалын жагсаалтыг Татварын ерөнхий газрын вэб сайт болон цахим сүлжээгээр дамжуулан мэдээлсэн байгаа. Жилээс жилд татварын албанаас татвар төлөгчөөс авах нотлох баримтуудыг цөөлж, цахимжуулахаар ажиллаж байна” гэдгийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг хэлж байв.
Тэрбээр энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхтэй адил нийтлэг бүрдүүлэх баримтууд байхын дээр дараах таван тохиолдлоор арай ялгаатай баримт бүрдүүлнэ гэсэн юм. Тухайлбал,
- Шинэ баригдсан орон сууц худалдан авч, татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж буй татвар төлөгчид худалдан авсан төлбөрийн и-баримт зайлшгүй авч ирсэн байх ёстой.
- Ашиглалтад байгаа орон сууц худалдан авч буй иргэд тэр орон сууцыг борлуулж буй этгээдийн хоёр хувийн албан татвар төлсөн баримтыг авчирна.
- Орон сууц /хашаа байшин/ барьсан иргэд орон сууц барихад зарцуулсан барилгын материалыг худалдан авсан и-баримтаа авчрах, эсвэл барьсан орон сууцны үнэлгээг эрх бүхий газраар үнэлүүлж, тайландаа хавсаргах ёстой. Энэ нь тухайн татвар төлөгчийн барилгын үнэлгээ нь и-баримтаар нотлогдохгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэж байгаа гэсэн үг.
- Орон сууцны чөлөөлөлтийг үргэлжлүүлэн эдэлж буй татвар төлөгчид Хур системээс хурууны хээгээ уншуулаад, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, үл хөдлөх хөрөнгийн лавлагааг гаргаж, тайлангаа бөглөөд өгөхөд л болно.
- Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлж буй татвар төлөгчдийн хувьд сургалтын төлбөр төлсөн и-баримт, сургуулийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар, эцэг, эхийн гэрлэлтийн лавлагаа байна.
Дээрх баримтууд дээр нэмээд худалдах, худалдах авах гэрээ, орлого нотлох баримтууд, банк, санхүүгийн байгууллагаас зээлийн баримтууд, төлбөрийн баримтуудаа бүрдүүлдэг гэлээ.
ЭНЭ ОНД ОРОН СУУЦНЫ ГЭРЧИЛГЭЭ НЬ ГАРСАН ИРГЭД 2021 ОНД БУЦААН ОЛГОЛТ АВНА
“Татвар төлөгчдийн анхаарах хэд хэдэн асуулт бий. Энэ жил өмнөх хуулиараа татвар төлөгчдийн 2019 оны тайланг хүлээн авч байгаа. Тэгэхээр 2019 онд орон сууц худалдан авсан татвар төлөгчид гурван сая хүртэлх төгрөгийн буцаан олголтыг авна. Шинэчилж батлагдсан хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулиар орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд зургаа хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авах бөгөөд 2020 онд орон сууцны гэрчилгээ нь гарсан иргэд 2021 онд хөнгөлөлт чөлөөлөлтийнхөө тайланг өгч, буцаан олголтыг авах юм.
Гэтэл татвар төлөгчид одоо 2020 оны нэгдүгээр сард гарсан орон сууцны гэрчилгээгээ бариад зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтөө эдэлье гэж ханддаг. Эдгээр иргэд 2021 ондоо зургаан сая төгрөг хүртэлх буцаан олголтоо авах юм. Тэрнээс гадна өмнөх онуудад орон сууц худалдан авч байрны гэрчилгээ нь гарсан 2020 онд тайлан өгч амжаагүй татвар төлөгчид хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй бол 2021 ондоо тайлангаа өгч, хуучин хуулиараа гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголтоо авч болно” гэдгийг мэргэжилтэн яриандаа онцоллоо.
Татвар төлөгч орлогоо нотолж чадахгүй байна гэдэг, хуулийн дагуу татвараа төлөөд явдаг бол орлого нотлох нь тийм хүндрэлтэй асуудал биш. Татвар төлөгч орон сууцыг 100 сая төгрөгөөр худалдаж авлаа гэхэд ямар орлогоор худалдаж авснаа л нотолно гэсэн үг.
Жишээбэл, 30 сая төгрөгийн байрны урьдчилгаагаа төлчихөөд, 70 сая төгрөгийг нь банкны зээлээр төлсөн бол тэр урьдчилгаа 30 сая төгрөгөө цалингаас уу, хадгаламжаас уу, эсвэл хөрөнгөө зарж олсон орлого уу гэх мэтчилэн нотолно гэсэн үг. Ийм байдлаар орлогоо заавал нотлох ёстой ажээ.
Энэ талаар И.Мөнхцэцэг байцаагч тайлбарлахдаа “Татвар төлөгч үүргээ биелүүлдэг, эрхээ эдэлдэг байх ёстой. Жишээлбэл, Нарантуул дээр бизнес эрхэлдэг хүн нэг ч төгрөгийн татвар төлөөгүй, орон сууц худалдаж авахдаа Нарантуул захад бизнес эрхэлсэн мөнгөө хуримтлуулаад орон сууц худалдаж авсан бол орон сууц худалдан авсан орлого нь татвар төлсний дараах орлого болох нь нотлогдохгүй. Энэ тохиолдолд татвар төлөгч татвар ногдох орлого хасагдах зардлаа, хөнгөлөлт эдлэх дүнгээ мэдүүлж, тайлангаа гаргаж өгөх ёстой.
Татвар төлөгч орлогоо нотолж чадахгүй бол хөнгөлөлт эдлэх боломжгүй нөхцөл үүснэ. Зарим залуу гэр бүл орон сууц худалдан авсан тохиолдолд эцэг, эх нь тусалж дэмжсэн бол үүнийгээ нотолж, хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Гэхдээ дараагийн шатанд тэр мөнгийг бэлэглэж буй татвар төлөгч ямар орлоготой, татвар төлдөг үү гэдгийг хянаж шалгах ажил мөн хийдэг. Мөн хөнгөлөлт эдлэхгүй ч бизнес эрхэлдэг бол тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй” гэв.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Холбоотой мэдээ