Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход арав гаруйхан хоног үлдлээ. Идээний сайхныг дэлгэж, өнгөтний сайхныг өмсөн олон сар, жилээр уулзаагүй нэгнээ сайны ерөөлөөр угтан баярладаг Цагаан сарын чухал гангараа дээлний энэ жилийн онцлогийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
Үндэсний дээлний үндсэн хэв шинжийг тодотгосон хэрнээ энгийн үед ч өмсч болох дээл энэ жилийн тренд болж байгаа аж. Нэг хэсэг чамин ганган дээлийг чухалчилдаг байсан бол одоо энгийн дээлийг түлхүү сонирхох болсон гэдгийг үндэсний үйлдвэрлэгчид онцоллоо. Харин захиалагчид зориулсан цор ганц дээлийг урладаг, илүү чамин, гар ажиллагаа түлхүү шаарддаг, тансаг зэрэглэлийн салонуудын захиалга хэдийнэ дүүрчээ. Тансаг зэрэглэлийн салонууд нь он гараад л захиалгаа авч эхэлсэн бөгөөд 20 гаруй хоногийн дотор захиалга нь дүүрсэн гэж байлаа. Үнийн хувьд арьсан дотортой дээл нь 2.1 саяаас дээш үнэтэй байгаа бол энгийн дээл нь 300 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна. Харин захиалж цаг алдалгүйгээр шууд очоод өөрт таалагдсанаа сонгож авах боломжтой брэндүүдийн дээл нь 150 мянган төгрөгөөс дээш үнэтэй байна.
ШУЛУУН БОЛОН "Х" ХЭЛБЭРИЙН ДЭЭЛ ТРЭНД БОЛЖ БАЙНА
“O.couture” брэндийн захирал, дизайнер Д.Отгонжаргалаас энэ жил ямар төрлийн загвартай, өнгөтэй дээл трэнд болж байгааг тодрууллаа.
-Энэ жил дэлхийд ямар загварын, ямар өнгөтэй хувцас трэнд болох вэ?
-Дэлхий дахинд энэ жил цэнхэр болон улаан, ягаан төрлийн өнгө трэнд болж байна. Эдгээр өнгө нь дотроо олон төрөл болж уусдаг, маш олон өнгөтэй. Хэлбэрийн хувьд сул, шулуун хэлбэртэйгээс гадна бас “X” хэлбэрийн хувцас трэнд болж байгаа.
-Харин энэ жил ямар дээл трэнд болох вэ. Монголчууд ихэвчлэн бараан өнгө сонгодог шүү дээ?
-Орчин нөхцөл, уур амьсгал зэргээс шалтгаалаад Монголчууд ихэвчлэн бараан өнгө сонгож хэрэглэдэг. Энэ жилийн хувьд энгийн юм шиг хэрнээ донжийг нь олж чимэглэсэн дээл трэнд болно.
-Харин танай дээл юугаараа онцлог байх вэ?
-Манай салоны хувьд дэлхийн загварын хандлагыг дагуулаад улаан болон цэнхэр, ягааны төрлийн өнгөтэй, мөн шулуун, сул бас “X” хэлбэрийн дээлүүдийг урлаж байгаа. Мөн манайх цор ганц бүтээлийг урладаг. Манай бүтээл нэг бүрчлэн гараар шигтгэж гоёсон нэмэлт чимэглэлтэй, тансаг байдгаараа онцлог.
-Захиалга нь дуусчихсан гэсэн үү. Энэ жил трэнд болж байгаа дээлний загварыг уншигчид хаанаас харж болох вэ?
-Захиалга дууссан. Манайх маргааш /2020.2.7/ “Zaisan hill”-д Цагаан сарын коллекцын загвараа дэлгэнэ. Тэндээс харж болно. Харин энэ амралтын өдрүүдэд өөрийн пэйж хуудаснаа Цагаан сарын загварын дээлний зургуудаа оруулна.
АРЬСАН ДЭЭЛНИЙ ЗАХИАЛГА ЗОНХИЛСОН
“Ур ундрах” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дээлний захиалга нэгдүгээр сарын 22-нд дүүрсэн байна. Тус салонд энэ жил арьсан дотортой дээлний захиалга түлхүү ирсэн гэнэ. Энэ талаар компанийн захирал А.Алтантуяа “Хүмүүс элдэв загварын бус яг үндэсний дээлний хэв шинжийг хадгалсан дээл сонирхох болсон. Энэ жилийн хувьд арьсан дотортой дээлний захиалга зонхилж байна. Энэ нь дулаан, эрүүл байхыг илүүд үздэгтэй холбоотой байх. Манайх мандах төрийн малгай, дэвших төрийн дээл, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал зэргийг бүгдийг нь урладаг үндэсний үйлдвэр. Захиалга аваад өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд дүүрсэн. Одоогоор бид нэмж захиалга авалгүйгээр захиалагчдынхаа сэтгэлд бүрэн нийцсэн бүтээл урлахаар шаргуу ажиллаж байна” гэсэн юм.
ДЭЭЛИЙГ АРЬС, САВХИАР ТОНОГЛОЖ БАЙНА
Мөн “Eza Fashion” салон захиалагчийн сонирхсон загварыг цөөн тоогоор гаргадаг бөгөөд цэвэр торго, давуунаас гадна арьс, савхи, арьсан тоноглолыг дээлний аль нэг хэсэгт ашиглаж, илүү чамин өвөрмөц байдлаар дээлийг бүтээдэг гэдгээ тодотгосон юм. Мөн дээлэн дээр зүүх нарийн хийцтэй бүсийг ч урлаж байгаа ажээ. Тус салоны захиалга нэгдүгээр сарын 26-нд дүүрсэн байна.
МОНГОЛ ЦАМЦЫГ ЮБКАТАЙ ХОСЛУУЛАХ БОЛСОН
Харин урьдчилж захилга өгөхөөс гадна хүлээлт үүсгэлгүй, цагаа хэмнэн шууд очоод таалагдсан загвараа сонгоод, өмсч үзээд авах боломжтой буюу дээлийг бэлнээр зардаг Монгол брэндийн салонууд олон бий. Тухайлбал, “Lustre” салоноос энэ жил худалдаалж байгаа дээлний загварын онцлогийг лавлахад “Манайх санал асуулга дээр тулгуурлан загвараа урладаг. Сүүлийн үед хүмүүс Цагаан сар, Наадам зэрэг уламжлалт баяраар өмсөхөөс гадна дараа нь, бусад үед ч өмсч болох загварын дээлийг түлхүү сонирхож байна. Дээлний үндсэн чанарыг харуулсан захтай цамцыг юбкатай хослуулдаг ч юм уу, энгийн хэрнээ бага зэргийн чимэглэлтэй хоршуулаад бусад үед өмсч болох загварыг сонирхдог болсон” гэв.