"Ай Си Ти групп", ШУТИС технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.07-нд нийтлэгдсэн

"Ай Си Ти групп", ШУТИС технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

"Ай Си Ти групп", ШУТИС технологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Монголын технологийн салбарын тэргүүлэх компаниудын  нэг  “Ай Си Ти” групп ХХК болон уг салбарт шаардлагатай  боловсон хүчнийг бэлтгэн гаргахад голлох үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харъяа Мэдээлэл холбооны технологийн сургуультай  /МХТС/  хамтран ажиллах санамж бичигт өчигдөр /2020.02.05/ гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь эрх бүхий төлөөлөгчид өөрчлөгдсөн эсэхээс үл хамааран гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.

Уг санамж бичгийн хүрээнд мэдээллийн холбооны технологийн ололтыг үйлдвэрлэлийн салбаруудад нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажил хамтран хэрэгжүүлэхээр болжээ. “Ай Си Ти” групп ХХК-ийн зүгээс тус сургуулийн оюутнуудын дадлага хийх орчин нөхцөл, ажлын байраар хангах  чиглэлээр хамтран ажиллахаас гадна МХТС-д өөрийн охин компани болох Фибо глобал ХХК-ийн бүтээгдэхүүн болох клауд үйлчилгээний дэд бүтэц бүхий системийг суурилуулан өгч, сургуулийн үйл ажиллагаандаа ашиглахад мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

АЙТИ САЛБАР 100 ХУВЬ ХҮНИЙ НӨӨЦ ДЭЭР ТУЛГУУРЛАН АЖИЛЛАДАГ

Энэ үеэр “Ай Си Ти” групп ХХК-ийн технологи хариуцсан захирал А.Баттамир “Айти салбар 100 хувь хүний нөөц дээр тулгуурлан ажилладаг. Хүний нөөцийн асуудал яахын аргагүй тулгамдсан асуудал болоод байна. Бидний хувьд гадна, дотны гэлтгүй  сургуулиа төгсөөд ирсэн залуусыг туршлагжуулж бэлтгэхэд 1-2 жилийг зарцуулдаг ч тэдгээр залуус ажлаасаа гараад явчихдаг сул талтай. Тиймээс энэ хүндрэлийг шийдэхийн тулд  “Ай Си Ти” группийн зүгээс МХТС-ийн оюутнуудтай хамтран өөрсдийн боловсруулж байгаа технологид хамтран ажилласнаар оюутнууд дадлагажиж, улмаар ажилд орох томоохон боломж гарч ирж байгаа юм. Компанийн зүгээс 2020 онд  бакалаврт суралцаж  байгаа  30-40 оюутныг ажиллуулах боломжтой.  Тухайлбал, зарим оюутнууд  системийн аналист чиглэлээр үлдсэн оюутнууд программ хангамж сүлжээний чиглэлээр дадлагажих юм. Хэрэв ахисан түвшин буюу эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамтран ажиллах юм бол компанийн зүгээс тухайн оюутныг цалинтай ажиллуулах  бүрэн боломжтой” гэлээ.

“Ай Си Ти” групп нь 2011 оноос хойш мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд одоогоор дата центр, программ хөгжүүлэлт, интернэтийн үйлчилгээ хиймэл оюун ухаан, вэб хөгжүүлэлт, блокчейн платформ, дата анализ, контент маркетинг, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн худалдаа клауд систем  хөгжүүлэлт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 15 охин болон салбар компанийн бүтэцтэйгээр ажиллаж буй.

ТӨГСӨГЧИД БАГА УЧРААС АЖИЛД АВНА ГЭСЭН ОЛОН КОМПАНИЙН ЭРЭЛТИЙГ ХАНГАЖ ЧАДДАГГҮЙ

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн  дэд захирал Н.Эрдэнэхүү “Манай сургууль Айти  чиглэлээр оюутан бэлддэг улсын сургууль гэдгээрээ ихээхэн онцлог. Сургууль анх 1967 онд байгуулагдаж байв. 2014 оноос хойш компьютер техник менежментийн сургууль, хуучин мэдээлэл холбооны технологийн сургууль нэгдэн нэг сургууль болсон түүхтэй. Одоогоор 2000 орчим оюутан суралцаж байна. Жилд 400 гаруй хүүхэд шинээр элсч ихэвчлэн бакалаврын зэргээр  голлож төгсдөг. Төгсөгчдөөс зарим нь дотооддоо айти   чиглэлээр болон бусад  төрлийн салбарт ажиллаж байгаа.  Мөн гадаад руу дараагийн шатны сургалтад явах, тэндээ ажиллах хүмүүсийн  урсгал сүүлийн жилүүдэд ихэсч байна.

Өнөөдөр хоёр тал  хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  “Ай Си Ти” групп цаашид Монголд айти  чиглэл хэрхэн хөгжих вэ гэдгийг тодорхойлдог гол  компани гэж харж байгаа. Мэдээж Айти чиглэлийн төгсөгчдийн эрэлт хэрэгцээ дотоод гадаадад их байгаа  учраас бид чадварлаг  хүмүүсээ гадаад руу л ихэвчлэн алдчих гээд байна. Суралцаж  байгаа оюутнууд 2-3 курсдээ  дадлага хийж байгаад ажлын байртай болчихоор төгсөх үед нь ажилд авна гэсэн олон компанийн эрэлтийг төгсөгчид бага учраас хангаж чаддаггүй.

 Тиймээс  “Ай Си Ти” групп ХХК-тай хамтарч ажиллана гэдэг нь оюутнуудыг 1-2 курсээс нь эхлээд тус компани дадлагажуулах, улмаар тус компанид ажилд орох боломжийг нээж өгч  байгаа юм. Хамтран ажиллах санамж бичгийн  гол ач холбогдлыг товчхон дүгнэх юм бол оюутнуудын хувьд онолын мэдлэгээ баталгаажуулах, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Нөгөө талаас шинэ залуу багш нарын хувьд “Ай Си Ти” групп ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт оролцож мэдлэгээ дээшлүүлэх боломж ч  гарч ирж байгаа” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж