Дархан хотын цахилгаан, дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай хангах зорилгоор Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Эрчим хүчний үр ашиг-1” хөтөлбөрийн хүрээнд “Дарханы дулааны цахилгаан станц”ТӨХК-д 35МВт-ын шинэ турбингенераторыг суурилуулах турбогенераторын шинэчлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж дуусаад байна.
Эрчим хүчний салбарын ууган үйлдвэрүүдийн нэг болох “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн суурийг 1963 онд тавьж, 1965 оны 10 дугаар сарын 02-ны өдөр анхны үндсэн тоноглолуудыг ашиглалтад оруулж байжээ. Өнгөрсөн 54 жилийн хугацаанд түүхэндээ гурав дахь удаагийн томоохон шинэчлэл хийж хүлээлгэн өгч байгаа юм. Хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа 2019.10.05-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, “Дарханы Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс болон гадны зочид төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд 60-80МВт-аар өсч байгаа. Өнөөдөр Дарханы дулааны цахилгаан станцын 35МВт-ын генератор ашиглалтад орсноор тэрхүү өсөлтийн 50 хувийг хангах боломжийг бүрдүүлж буйгаараа ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Дархан хотын иргэдийн цахилгаан, дулааны хангамжийг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний системд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төсөл амжилттай хэрэгжиж байна” гэлээ.
Төслийн хүрээнд дараах барилга угсралтын ажлууд хийгдсэн
- Гол корпусын өргөтгөлийн барилга
- Эргэлтийн усны насос станц
- Цахилгааны хуваарилах байгууламжийн өргөтгөлийн барилга
- Эргэлтийн усны шугам хоолойн тулгуурууд, шугам хоолойн угсралт
- Холбооны 2 ширхэг трансформатор угсарч, суурилуулах
- Цахилгаан дамжуулах агаарын шугам
- ПТ-35/39-3,4/1,0 маркийн уурын турбин, Т-35-2У3 маркийн турбогенераторыг цахилгаан, дулааны туслах тоноглолын хамт угсарч суурилуулах.
- Уур, ус, тосны бүх төрлийн шугам хоолойн угсралт
- Цахилгааны тоног төхөөрөмжийн угсралт
- Хөргөгч цамхаг сэргээн засварлах ажил тус тус хийгджээ.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр 54 дэх жилдээ ажиллаж буй Дарханы дулааны цахилгаан станцын тасралтгүй найдвартай ажиллагаа хангагдаж, цорын ганц дулааны эрчим хүчний эх үүсвэртэй Дархан хотыг ирэх 10-15 жилийн хугацаанд дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах нөхцөл бүрдэж байна. Мөн станцын суурилагдсан хүчин чадал 11МВт-аар нэмэгдэж буй нь төдий хэмжээгээр ОХУ-аас импортоор авч байгаа цахилгааны эрчим хүчний хэрэглээг бууруулах сайн талтай.
Эх сурвалж: ЭХЯ
Холбоотой мэдээ