18 настай супер од Билли Айлиш

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

18 настай супер од Билли Айлиш

18 настай супер од Билли Айлиш

Нэр: Билли Айлиш Пайрат О’Коннелл

Нас: 18

Төрсөн огноо: 2001 оны арванхоёрдугаар сарын 18

Орд: Нум

Өндөр: 161 см

Төрсөн газар: АНУ, Лос Анжелес

Tүүний жинхэнэ нэрийг Билли Айлиш Пайрат О’Коннелл гэдэг. Дөрөвхөн жилийн өмнө 14 настайдаа ахынхаа зохиосон "Ocean Eyes" нэртэй дууг дуулж, “SoundCloud”-д байршуулснаар тэр анх хүмүүст танигдаж эхэлжээ.

Цээлхэн хоолой, өвөрмөц хувцаслалт, онцгой зан ааштай өсвөр насны охин ердөө дөрвөн жилийн дотор дэлхийн хэмжээний од болон гялалзаж, саяхан болсон “Грэмми 2020” наадмаас таван шагнал хүртсэн юм. Хөгжмийн ертөнцийн туршлагатай уран бүтээлчид түүнд үүнээс цааш маш том ирээдүй байгаа гэж харж байна.

Урлагийн гэр бүлээс гаралтай Билли 2001 оны арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Лос Анжелес хотноо айлын бага охин болон мэндэлжээ. Аав Патрик О’Коннелл, ээж Магги Байирд нар нь хөгжимчин хүмүүс бөгөөд ах нь “The Slightlys” хамтлагийн дуучин, алдарт “Glee” цувралын жүжигчин Финниас О’Коннелл юм. Ах нь түүний хувьд хамгийн сайн хамтрагч. Тэр ихэнх дуунуудаа ахтайгаа хамт бичдэг, ах нь продюсерийг нь хийж, тоглолтууд дээр хөгжмийг нь тоглож харагддаг.

Найман настайдаа найрал хөгжмийн хамтлагт нэгдэж, 11 настайгаасаа өөрийн дуунуудыг бичиж эхэлсэн Билли Айлишийн бас нэгэн сонирхол бүжиглэх бөгөөд "The Beatles", Аврил Лавин зэрэг уран бүтээлчдийг сонсож, үлгэр жишээ авдаг байжээ. Анх 14 настайдаа “SoundCloud” дээр дуугаа байршуулсны дараагаар "Don’t Smile At Me" нэртэй мини цомог гаргаж, дэлхийн хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий “Interscope” дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж чадсан байна.

Инди поп, электро поп урсгалаар уран бүтээлээ туурвидаг залуу дуучны дуунаас та гэнэн цагаан хайр сэтгэл, зүрх сэтгэл уярам түүхүүдийг барагтай л олж сонсохгүй байх. Харин эсрэгээрээ ганцаардал, айдас түгшүүр, түнэр харанхуй гэх мэт бидний тэр бүр анзаараад байдаггүй өнцгийг олж харах болно.

Тиймдээ ч тэр урлагийн, тэр тусмаа дуу хөгжмийн ертөнцөд улиг болсон дүр төрхийг бүтээхийг зорьсонгүй. Өөрийнхөөрөө, эрх дураараа, эршүүд, хааш яаш байдал нь түүнд дэндүү зохидог.

Инстаграмд түүнийг 50 гаруй сая хүн дагадаг.  Уран бүтээлүүд нь “Spotify” стриминг дээр нэг тэрбум гаруй хандалт авсан Билли Айлиш өнгөрсөн оны гуравдугаар сард "When We Fall Asleep Where Do We Go?" нэртэй анхны цомгоо гаргасан нь “Apple Music”-ийн бүх цаг үеийн рекордыг тогтоосон байна. Мөн BBC Music түүнийг хамгийн ирээдүйтэй залуу уран бүтээлчээр нэрлэж байв.

Тэрбээр "American Music Awards 2019"-өөс шинэ залуу уран бүтээлч, Шилдэг альтернатив рок дуучин гэх хоёр шагнал хүртсэн. Харин шинэ ондоо дэлхийн дуу хөгжмийн хамгийн том наадмуудын нэг Грэммийн шагнал гардуулах ёслолоос оны шилдэг дуу, шилдэг шинэ залуу уран бүтээлч, шилдэг цомог, шилдэг бичлэг, шилдэг поп цомгийн шагнал хүртсэн нь хамгийн өрсөлдөөнтэй дөрвөн төрөлд шагнал хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болж түүхэнд бичигдсэн. Тэр ийнхүү дуучин Тэйлор Свифтийн амжилтыг эвдсэн юм. Үүнээс ердөө долоо хоногийн дараа түүнийг алдарт “Vogue” сэтгүүл онцолж, түүний зургаар нүүр хуудсаа чимсэн билээ. 2019 оны шилдэг дуугаар шалгарсан Билли Айлишийн "Bad Guy" дууг өдгөө "Youtube" суваг дээр 753 сая хүн сонсчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж