ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

ЭМЯ: Австрали улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, өчигдөр (2020.02.05)-ийн байдлаар коронавирусийн халдварын 24000 тохиолдол бүртгэгдэж, 492 хүн амь насаа алджээ.

Өнөөдөр (2020.02.06) 08:00 цагийн байдлаар нийт халдвар авагсдын тоо 28262 болж, нийт 565 хүн нас барсан байна. Вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, нас баралт хоёр хувьтай байгаа ажээ.

Өнөөдрийн хуралд ХӨСҮТ,  Зам тээврийн хөгжлийн яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл оролцов.

ДЭМБ-ын тусламжтайгаар Монгол Улс эм, эмнэлгийн ажилчдын хамгаалах хэрэгслийн хувцас, амны хаалтын нөөцийг ирэх долоо хоногоос авчрахаар болжээ. Одоогоор эмнэлгүүд бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эм эмнэлгийн ажилтнуудын  хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөц буй юм байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, коронавирусээс урьдчилан сэргийлэх, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой эмч нарын хүчин чадлыг ч бас нэмэгдүүлэх, өрхийн эмнэлгүүдийн эмч нарыг сургах мэдээлэл өгөх тал дээр анхаарч ажиллаж байгаа аж.


АВСТРАЛИ УЛСЫН ИРГЭНИЙГ ХӨСҮТ-Д ТУСГААРЛАЛАА

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутнаас гадна долоон иргэнийг тусгаарлаж, нарийвчилсан шинжилгээ авчээ. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Тухайлбал, хоёрдугаар сарын 5-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нисэх онгоцоор ирсэн Австрали улсын иргэн, Токио-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор зорчсон Монгол Улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ. Тус эмнэлэг өчигдөр гурван иргэнийг тусгаарлаж, нарийвчилсан шинжилгээ авсан байна.

Мөн коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй зарим иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.  Тухайлбал, хоёрдугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан буюу коронавирусийн шинж тэмдэг илрээгүй байна. Мөн өдөр хоёр иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдаж, шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тус эмнэлэгт өчигдөр /2020.02.05/ гурван иргэнийг тусгаарласан байна. ХӨСҮТ-өөс Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.


УХАНИАС ИРСЭН 30 ОЮУТНЫ БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН

ХӨСҮТ-ийн захирал Б.Нямхүү:

-Орхон аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн гэх асуудал олон нийтийн дунд яригдсан. Сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй иргэний шинжилгээний сорьц өчигдөр орой ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн учраас өнөөдөр хариу нь гарна.  Өчигдрийн байдлаар долоон сэжигтэй тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа, эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ хийж байна. Ухань хотоос ирсэн 30 оюутны биеийн байдал сайн, хэвийн байгаа. Оюутнуудыг 14 хоног тусгаарлахаар тохирсон. Энэ дагуу эмчийн хяналтад байлгаж, заасан хугацаа дуусахад эмнэлгээс гаргана. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд тайвширч амны хаалт зүүхгүй байж болохгүй. Одоогоор эмч нар бэлтгэгдэж, бэлэн байдлаа хангах ажил сайжирч байна. Бид сүүлийн 10 жилийн турш эмнэлгийн аюулгүй байдлыг хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж ирсэн. Үүний үр дүн нь гарна.


 АШУИС-ИЙН ОЮУТНУУД, РЕЗИДЕНТ, ТЭТГЭВЭРТ ГАРСАН ЭМЧ НАРЫГ ДАЙЧИЛНА

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Коронавирусийн өвчний үүсгэгч батлагдахаас өмнө ЭМЯ, ХӨСҮТ болон бусад салбарын мэргэжилтнүүдтэй хамтран эрсдэлийн үнэлгээ хийж эхэлсэн. Эрсдэлийн үнэлгээгээр цаг тухай бүрт шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтыг таслан зогсоох урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Халдвар бүртгэгдсэн тохиолдолд аль болох нас баралтыг таслан зогсоох, тархалтыг багасгах талаас нь анхаарч байна. Нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлыг хангахын зэрэгцээ 1000 ортой эмнэлэг байгуулах, тэнд ажиллах шаардлагатай эмч мэргэжилтнүүдийн хүний нөөц болон эм тариа хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.

ДЭМБ-аас одоогоор 250 мянган оношлуурыг 70 лабораторид тараагаад байна. Энэхүү оношлуурыг ирэх долоо хоногоос нэмэлтээр авах юм. Хувийн хамгаалах хэрэгслийг ч бас авна. Шинэ коронавирусийн эсрэг 100 гаруй төрлийн эмийг дэлхийн улс орнууд хэрэглэж байна. Монгол Улсад ДОХ-ын эсрэг эм болон Тамифлю зэрэг эм улсын нөөцөд тодорхой хэмжээгээр байгаа. Хэрэв Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд эхний ээлжинд бид улсын нөөцөд буй вирусийн эсрэг эм бэлдмэлүүдээ хэрэглэнэ.

Эрүүл мэндийн байгууллагууд хүчин чадал, нөөц боломждоо тулгуурлан ор гаргаж бэлтгэсэн. Эмнэлгүүд өвчтөнүүдийг тусгаарлах тасаг байгуулж эхэлсэн. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бид одоо ажиллаж буй эмч нарынхаа нөөц дээр нэмж АШУИС-ийн оюутан, резидент эмч, тэтгэвэрт гарсан өндөр нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулна. Тэдэнд тохирсон хамгаалах хувцас хэрэгслийг бэлдсэн.

Мөн өрхийн эмнэлгийн эмч нарыг одоогоор сургаж, эхний ээлжинд амны хаалт, хамгаалах хэрэгсэл өгч байна. Учир нь өрхийн эмнэлэгт ч коронавирусийн халдвартай өвчтөн үйлчлүүлэх магадлалтай. Тиймээс өрхийн эмч нарт эхний ээлжинд коронавирусийг зөв оношлох тал дээр нь анхааруулж, зөвлөж байна. Мөн Эрүүл мэндийн яаманд эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөл, эмнэлзүйн багийг ажиллаж байна. Тархвар судлалын баг болон Монгол Улсад уушги судлалаар мэргэшсэн докторуудтай хамтран ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж