Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ

Т.Ням-Очир: Сурагчид Бямба гаригуудад нөхөн хичээллэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоогоод байгаа. Ингэхдээ ЕБС-ийн сургуулийн сурагчид, цэцэрлэгийн багачуудад зориулсан хичээлийг 13 телевизээр гаргахаас гадна өөр ямар зохицуулалт хийсэн бэ?

-Нэгдүгээр сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл нийт таван долоо хоног сурагчдын хичээл завсардаж байгаа. Таван долоо хоногийн нэг долоо хоног нь цагаан сарын албан ёсны амралт учраас цаана нь төлөвлөгдсөн дөрвөн долоо хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа тасарч байгаа юм.

Тиймээс нэг долоо хоногийг сурагчдын гуравдугаар улирлын амралтаас авч шийдсэн. Тухайлбал, нийслэлийн сурагчид хоёр долоо хоног, хөдөө орон нутгийн сурагчид гурван долоо хоног амрах ёстой байснаас нэг долоо хоног хасагдаж байгаа гэсэн үг.

Үлдсэн гурван долоо хоногийг гуравдугаар сарын Бямба гаригуудад хичээллэх байдлаар шийдсэн бол үлдсэн хоёр долоо хоногийн хичээлүүдийг телевизийн хичээл байдлаар агуулгын зохицуулалт хийсэн. ЕБС-ын сургуулийн бага, дунд, ахлах анги болон цэцэрлэгийн насныханд зориулсан теле хичээл хоёрдугаар сарын 3-наас улс орон даяар эхэлсэн. Өөрөөр хэлбэл хоёр долоо хоногийн хугацаанд телевизийн хичээл орно. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид гуравдугаар улиралд ямар хичээл, агуулга судлах ёстой тэр агуулгуудыг боловсролын хүрээлэнгээс баталж, телевизийн хичээл байдлаар сурагчдад зааж байгаа. 

-Бага ангийн сурагчид телевизийн хичээл үзээд ойлгохгүй, багшийн яриаг гүйцэхгүй байх зэргээс үүдэн хичээлийн хоцрогдол үүсчих вий гэх санаа зовнил байна л даа.

-БСШУСЯ-аас багш нарыг сурагчдын эцэг эхтэй эргэх холбоотой ажиллах зөвлөмж зааврыг өгч ажиллаж байна. Тийм ч учраас телевизээр заах хичээлүүдийн агуулгыг боловсролын хүрээлэнгээс долоо хоногийн өмнө батлаад улс орон даяар телевизийн хичээл заахаас өмнө багш нарын гар дээр хүргүүлсэн. Багш нар ямар агуулгатай хичээл орох зэргийг урьдчилаад мэдсэн учраас сурагчдын эцэг эхэд бэлтгэл хангуулах, хичээлийн агуулга зэргийг танилцуулсан.

Улмаар гуравдугаар сард хичээл эхлэхэд хоцрогдол үүсгэхгүйн тулд ЕБС-ийн багш нар өөр, өөрсдийнхөө боломжоор хүүхдүүдтэйгээ ажиллаж байна. Сургуулиуд дотроо зохион байгуулалт хийх, аймаг бүрийн Онцгой комисс хүртэл уг асуудалд анхаарч байгаа. Телевизийн хичээл үзэх боломжгүй хөдөө мал дээр байдаг хүүхдүүдэд хүртэл анхаарч ажиллаж байна.

-Тухайлбал, яаж? 

-Гуравдугаар улирлын  хичээлүүдийг цаасан хэлбэрээр буулгаад хүүхдүүдэд бататгах дасгал өгөх, эсхүл гэр лүү нь хүргэхээр  аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын ажилчид малчдын гэрээр явж байгаа. Мөн радиогоор телевизийн хичээлийг явуулахаар бэлтгэл ажлууд хангагдаад байна.

-БСШУСЯ-наас өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарийг баталж нийт 13 телевизээр дамжуулах, нөхөж үзэх боломжтой байхаар зохицуулсан шүү дээ. Эдгээр 13 телевизээр хичээл гаргахад  мөнгө төсөвлөсөн үү?

-Монголын телевизүүдийн холбоо өөрийнхөө гишүүн бүх телевизээр хичээлийн бичлэгүүдийг хийлгэж, эфирт бэлэн болгосон. Хичээл гаргаж байгаа телевизүүд үнэ төлбөргүй ажиллаж байгаа. Нийт 170 багш 402 удаагийн 6357 минутын хичээл заана. Энэ долоо хоногийн 204 удаагийн хичээлийн монтаж бүгд бүрэн хийгдсэн. Өчигдрөөс бага ангиас эхлээд дараагийн долоо хоногийн хичээлийн бичлэг монтажнууд эхэлсэн.

Хэцүү цаг үед бүгд нэгдэж ажиллаж байгаа нь сайшаалтай. Мэдээж хичээл зааж байгаа багш нарт нэмэгдэл олгоно. Үүнээс гадна эцэг эхчүүд телевизээр хичээл зааж байгаа багшийн 20 минутад даатгаад хүүхдээ үлдээж болохгүй.

Телевизийн хичээлийн үр дүн нь эцэг эх, багш, хүүхэд гурав хэр эргэх холбоотой ажилласан, эцэг эхчүүд хүүхдэдээ хэр дэмжиж, цаг гаргасан бэ гэдгээс шууд харагдана. Тиймээс зөвхөн багшаас хараат бус багш,хүүхэд, сургууль, эцэг эх зэрэг бүх талын эргэх холбоотой ажиллахыг анхааруулж байгаа.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж