ЭМЯ коронавирустэй шуурхай "тэмцэж" байна

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

ЭМЯ коронавирустэй шуурхай "тэмцэж" байна

ЭМЯ коронавирустэй шуурхай "тэмцэж" байна

News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад шинэ коронавирусийн халдвар дэлхий даяар тархаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамыг онцолж байна. Коронавирусийн үед улс орны хэмжээнд бэлэн байдалд шилжиж, хяналт шинжилгээг нэмэгдүүлэх, хилийн хорио тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээ авч байгаа ч хамгийн их үүрэгтэй оролцох нь Эрүүл мэндийн яам. Ялангуяа өвчнөөс сэргийлэхийн тулд эмч эмнэлгийн ажилчдын бэлэн байдал, эмнэлгийн орны хүрэлцээ, оношлогооны хэрэгсэл гээд бэлэн байдлыг хангаж ажиллаж байна.


ХӨСҮТ-Д 80086829 ДУГААРЫГ АЖИЛЛУУЛЖ ЭХЛЭВ

БНХАУ-д нэгдүгээр сарын эхээр шинэ төрлийн коронавирус илэрсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны зүгээс ч цаг тухайд нь иргэдэд мэдээлэл хүргэх, шуурхай ажиллаж эхэлсэн билээ. Хэдийгээр Монгол Улсад энэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах нь Эрүүл мэндийн яамны үүрэг. Тус яам ч үүргээ сайн биелүүлж, өвчний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэж, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй нөхцөл тухайн иргэнийг шууд тусгаарлах, сорил шинжилгээ авах ажлыг хийсэн. Үүнтэй зэрэгцэн иргэдийг халдвараас сэргийлэх зөвлөгөө, зөвлөмжийг хүргүүлэх, амны хаалт хэрэглэх, гараа тогтмол угаах зэрэг сэрэмжлүүлгийг явуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ ХӨСҮТ-д 80086829, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 70284393 дугааруудыг тус тус ажиллуулж эхлэв.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР БЭЛЭН ҮҮ?

2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг Зөвлөх поликлиникийн хэсэгт “Шинэ коронавирусийн халдварын үед амбулаторийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх нь” халдварын сэргийлэлтийн иж бүрэн үзүүлэх сургалтыг бүх шатны эмнэлгүүд дээр хийж байна. Сургалтаар ЭМЯ, ДЭМБ-ийн Коронавирусийн (nCoV)-ийн халдварын цаг үеийн мэдээлэл, “Шинэ коронавирусийн (nCoV)-ийн халдварын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд баримтлах халдварын сэргийлэлт, хяналтын түр удирдамж”-ийн танилцуулга мэдээлэл болон шинэ коронавирусийн (nCoV)-ийн халдварын тохиолдолд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тусгаарлах өрөө тасалгаа, хамгаалах хувцас хэрэгсэл, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах багаж хэрэгсэлэлийн бэлэн байдал, хэрхэн ашиглах зааварчилгааг эмч, сувилагч нар гардан гүйцэтгэн дадлага сургуулалтыг явууллаа. Энэхүү үзүүлэх дадлага, сургалтанд тус эмнэлгийн нийт 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцон мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, бэлэн байдалд ажиллаж байна. Мөн анагаах ухааны их сургуулийн багш нар, оюутнуудыг шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч болгон ажиллуулахаар бэлэн байдалд байлгаж байгаа юм байна. Ямар ч гэсэн эрсдэлүүдээ тооцож, бэлэн байдалд байгаа гэдгийг албаныхан хэлж буй.

ТУСГААРЛАХ ЭМНЭЛЭГ ГАРГАНА

Хэдийгээр коронавирусийн тохиолдол илрээгүй ч сэжигтэй байж болзошгүй тохиолдол бүрийг тусгаарлаж, яаралтай арга хэмжээ авч, шинжилгээ хийх ажлыг Эрүүл мэндийн яам шуурхай хийж буй. Мөн хэрэв вирусийн тохиолдол илэрвэл нэг эмнэлгийг тусгаарлан, бэлдэх шаардлага тулгарч байгаа учраас энэ асуудлыг яаралтай шийдэхийг Улсын онцгой комисс Эрүүл мэндийн яаманд үүрэг болгосон.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хэрвээ коронавирусийн халдвар гарвал Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирсэн болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирсэн өвчтөнүүдийг хэрхэн авчирч, ачааллыг яаж хуваалцах вэ, бусад үйлчлүүлэгчдэдээ халдварыг тараахгүй байлгах үүднээс ямар зохион байгуулалт хийсэн байгааг танилцлаа. Манай эмнэлгийнхэн байгаа нөөц боломжиндоо тааруулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Яамнаас донор орнуудад эмнэлгийн эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангах хувцас, хэрэглэгдэхүүнийг авахаар саналаа явуулсан байгаа” гэсэн.

ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ДААТГАЛААРАА ЭМЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр, хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг үе шаттайгаар арилгаж, ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийсэн. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 400 мянган төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдэнэ.

Тухайлбал даатгуулагчийн өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно. Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400.000 төгрөг болж, улсын эмнэлэгийнхтэй ижил болсон. Ингэснээр даатгуулагчид зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэнэ.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ,сувиллын тусламж үйлчилгээ,сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо. Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг 02-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсч байгаа эрүүл мэндийн салбарынхан энэ удаад туршлагатай, шуурхай мэргэжлийн үүргээ сайн биелүүлж байна. Харин иргэдийн хувьд өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд маскаа тогтмол зүүж хэвших, гараа тогтмол угааж, хувийн ариу цэврээ сахих нь чухал байна гэдгийг албаныхан хэлж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж