Бусдаас онц их хэмжээний авлига авсан хэргээр шалгагдаж байсан мэргэжлийн хяналтын байцаагч Б.Баярсайхан, Э.Аззаяа нарын 25 хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаанаар өчигдөр /2020.02.05/ хянан хэлэлцлээ.
Оймсондоо 10 000 ам.доллар нуусан бичлэг нь олны анхаарал татсан, дээрх хэргийн холбогдогчдод хэт хөнгөн ял оноож, заримыг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр анхан шатны шүүх ялаас чөлөөлсөн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан юм. Давж заалдах шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тус шүүх рүү буцаасан билээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Баярсайхан тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайханыг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан юм. Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Ш.Тэгванданг хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулалгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн юм.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ