Засгийн газар, Улсын онцгой комиссоос короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоогоод буй. Энэ хүрээнд цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс Гандантэгчэнлин хийдэд цагаан сарын буяны номын хурлууд болох эсэх нь тодорхойгүй байна. Энэ талаар тус хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьдаас тодрууллаа.
-Засгийн газар, Улсын онцгой комиссоос олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Энэ жилийн цагаан сараар ном хурах уу?
-Төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглон хөл хорио тогтоосон. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд энэ жил XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн цагаан сараар уламжлал ёсоор буяны ном хурна.
-Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө уламжлал ёсоор Балданлхамыг залах, Мандал өргөх ёслол болдог. Энэ үеэр төрийн түшээд болон иргэд олноор цугладаг шүү дээ. Тэгэхээр олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа юм биш үү?
–Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд уламжлал ёсоор Балданлхамыг залах, Мандал өргөх ёслол болно. Энэхүү ёслолын үеэр төрийн түшээд ирэх байх. Харин сүсэгтэн олон уг ёслолд оролцох үгүй нь хувь хүний сонголт. Заавал Гандантэгчэнлин хийд оролгүй гэртээ ч сүсэглэж болно шүү дээ.
-Гандантэгчэнлин хийдэд өдөр бүр ном хурж байгаа юу?
–Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд өдөр бүр ном хурдгаараа хурж байна. Гэхдээ сүсэгтэн олны хөл хөдөлгөөн багассан.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ