Шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Хуучирсан мэдээ: 2020.02.06-нд нийтлэгдсэн

Шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Шүүхээр дэнслэгдсэн зарим хэргүүд

Оймсондоо 10 мянган ам.доллар нууж байгаад Авлигатай тэмцэх газрынханд “гардуулсан” Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Хил хорио цээрийн хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа, нарт холбогдох шүүх хурал өчигдөр /2020.02.05/ боллоо. Хуралдаанд шүүгдэгч нар өөрсдийн биеэр оролцсонгүй тэдний өмгөөлөгчид оролцсон юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн, ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээжээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-аас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэрэг хөөн хэлэлцэх хугацаа буурч, авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 2019 оны тавдугаар сард шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэсэн байдаг. Тэгсэн хэдий ч  Улсын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин авч үзсэн нь энэ юм.

Улмаар 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр дээрх хүмүүст холбогдох шүүх хурал Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 19 хүний хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, зургаан хүнд холбогдох хэргийг прокурорын хяналтад буцаан, дахин зүйлчлүүлэхээр болсон.

Үндэслэл нь шүүгдэгч Б.Баярсайханд оноосон ял шийтгэл хөнгөдсөн. Авлига авсан мөнгөн дүн өндөр, энэ үйлдэлд нь анхан шатны шүүхээс оноосон шийтгэл тохироогүй. Анхан шатны шүүх шүүгдэгчдийн үйлдэл, оролцоо, хахуульд авсан мөнгөний хэмжээ зэргийг харгалзан үзэлгүйгээр адил хэмжээгээр буюу 2.7 сая төгрөгөөр торгосон нь шийтгэлийг ялгамжтай оногдуулах зарчмыг алдагдуулсан гэх прокурорын эсэргүүцлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн байна. 

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Б.Баярсайхан, Э.Аззаяа, Бүрэнтөгс, Элдэв-Очир нарын 25 хүнд холбогдох хэргээс Бат-Оргил, Онон, Цагаанбаатар, Хандсүрэн, Даваасүрэн, Нарангэрэл нарт холбогдох хэргийг тусгаарлаж, Б.Баярсайхан, Э.Аззаяа, Бүрэнтөгс, Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж байв. 

Г.ЭНЭРЭЛД 300 ЦАГ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙХ ЯЛ ОНОГДУУЛЛАА

Монголын хип хоп урлагийн төлөөлөл “Опозит” хамтлагийн дуучин, реппер Г.Энэрэлд холбогдох шүүх хурал мөн өчигдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Энэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Улмаар шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан байна.

Мөн 2018 оны есдүгээр сард  реппер Г.Энэрэлийг Б гэх сурагч охиныг удаа дараа хүчирхийлж, хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд оруулсан, хар тамхи хэрэглүүлсэн хэмээх мэдээлэл гарч байсан удаатай. Түүгээр ч зогсохгүй охиныг гэртээ есөн хоног хорьж, дарамталсан учраас охин ээжийнхээ хамтаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаад байгаа тухай мэдээлэл гарсан.  Реппер залуу уг мэдээллийг эрс үгүйсгэж, өөрийнхөө цахим хуудаснаа "Миний талаар худал мэдээлэл яваад байна" хэмээн нийтэлснээр дээрх асуудал намжсан юм.

ХАР ТАМХИНЫ НАЙМААЧИН С.БАЯРМААД  ЗУРГААН ЖИЛИЙН ЯЛ ОНООВ

С.Баярмаа, Х.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Тэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Баярмааг  зургаан жилийн хорих ял, Х.Мөнх-Эрдэнийг таван  жил хорих ялаар тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулахад, хар тамхи хэрэглэгч, худалдан авагчдын дунд  танил болсон гэгддэг иргэн С.Баярмааг хууль сахиулагчид арванхоёрдугаар  сарын эхээр хил дээрээс саатуулсан байдаг. Тэрбээр бусдаар хар тамхины төрлийн бодис хил давуулан авчруулж, удаа дараа худалдсан хэрэгт холбогдоод байсан нэгэн бөгөөд Баянгол дүүргийн шүүхээс 2016 онд арван  жилийн хорих ял сонссон юм. Гэвч давж заалдах, хэрэг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг өөрчлөх арга хэрэглэн хугацаа идэж явсаар хил давж зугтсан гэдэг нь тогтоогдсон бол түүний хамтрагч Х.Мөнх-Эрдэнийн хувьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан ч тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэгт холбогдсон тул хоёр жилийн хорих ял оноож байжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж