Дараалсан ялагдлууд “Эрчим”-д цом өргөх гүүрийг бий болгосон

Хуучирсан мэдээ: 2015.10.26-нд нийтлэгдсэн

Дараалсан ялагдлууд “Эрчим”-д цом өргөх гүүрийг бий болгосон

“СэлэнгэПресс” ба “ФС Улаанбаатар” багуудын амссан гурав дараалсан ялагдал “Эрчим”-д цом өргөх гүүрийг бий болгосон

“Хүрхрээ” үндэсний дээд лиг өнгөрөгч тавдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийж, улмаар өнгөрсөн жилийн аварга “Хоромхон”, “ФС Улаанбаатар” багууын хоорондын тоглолтоор эхэлж байлаа. Тус тоглолтод “ФС Улаанбаатар” 2:1-ээр өрсөлдөгчөө хожиж, хурсан олонд энэ жилийн лиг маш их өрсөлдөөн дунд явагдах болно гэдгийг нотлон харуулсан. Үнэндээ урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нээрээ л оролцож буй багийн тоо болон шагналын сан, үзэгчид гээд бүхий л зүйлээр илүү байлаа. Хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанийн брэнд бүтээгдэхүүн “Хүрхрээ”-ээр нэрлэгдсэн лигийн өрсөлдөөн  эхний тойргоос олон багийн дунд хүчтэй өрнөх нь тодорхой харагдаж байлаа. Гэхдээ энэ дундаас онцгой байж чадсан нь ”СэлэнгэПресс”.

Тэд эхний тойрогт “Эрчим” болон “Хангарьд” багуудтай тэнцэж  харин бусад өрсөлдөгч нараа ээлж дараалан ялж боломжит оноогоо авж байснаар лигийн эхний тойргийг тэргүүлэн өндөрлүүлсэн. Эрчээ алдалгүй явахад тэд дээд лигт түрүүлж анхны медаль нь өнгөний хувьд шар байж болох байлаа. Арга ч үгүй биз. “Сэлэнгэпресс” багийн гарааны бүрэлдэхүүнийг харахад хаалгандаа шигшээ багийн хаалгач Ю.Сайнхүү, хамгаалалтандаа үндэсний шигшээ багийн өмнөх болон одоо үеийн ахлагч нар болох хамгаалалтын ихэр цамхаг Лүмбэнгарав, Гарьдмагнай нар дээрээс нь хамгаалалт болон урд шугаманд лигийн шилдэг довтлогч Г.Төгсбаяр, Монголын хамгийн анхны мэргэжлийн хөлбөмбөгийн тамирчин А.Мөрөн гээд үнэхээр байрлал бүр дээр хүн бүрийн танил тамирчид зогсож байлаа. Гэхдээ тэд хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолтонд “Дэрэн” багт 2:1-ээр ялагдсанаас хойш “Эрчим”,  “Хоромхон” багуудад дараалан хожигдож лигийн тэргүүлэгчийн байрлалаа алдаад зогсохгүй олон байраар ухарсан.

Хүнд цаг үед уналтанд орсон ч тэд сэтгэлийн тэнхээтэй байж “Соёмбын Барсууд” ,“ФС Улаанбаатар”, “Улаанбаатарын Унаганууд”  багуудыг ялж гурав дараалсан хожлоор мөнгөн медаль хүртэх үнэ цэнэтэй болзолыг  хангаад байлаа. Сүүлийн тойрогт хэрвээ “Эрчим” ялагдвал алтан медаль ч цээжинд хадгалаастай байсан юм. Гэвч Эрдэнэт хотын Хангарьд баг тэднийг үндсэн цагт 2:1-ээр буулгаж авсанаар зөвхөн хүрэл медаль хүртэх шаансыг л үлдээлээ. Хэрвээ тэд “Дэрэн” клубд ялагдаагүй байсан бол, хэрвээ тэд Эрчимтэй нэгдүгээр тойрогт тэнцээгүй байсан бол, хэрвээ тэд хариуцлагатай хоёрдугаар тойрогт гурван тоглолтонд дараалан ялагдаагүй байсан бол тэд өдийд дээд лигийн анхны медалиа энгэртээ шаргалтуулж авах, мөнгөн дүнгээ ч нэг дахин өсгөх боломж байлаа.

Тэгвэл лигийг хожлоор эхэлсэн “ФС Улаанбаатар” хоёрдугаар тойргийн эхнээс мөн л ихэнх багуудыг айлгаж хүсэж байсан “Хүрхрээ” дээд лигийн цомоо албан бусаар атгачихаад байлаа. Харамсалтай нь 8 дугаар сарын 30 нд болсон дерби тоглолтонд ялагдсан нөхцөл байдал тэдний тоглолтыг унагаж үүний дараа тамирчид дахин хожигдвол яах бол гэсэн бодлоосоо салж чадалгүй байсаар “Эрчим”, “Сэлэнгэпресс” гээд гол өрсөлдөгч багуудад ялагдсанаар цомоо атгаад тавьсан гэж хэлж болох юм. Учир нь тэд 400 км замыг туулан Хангарьд багийг талбайд нь 2:0-ээр буулгаж аван “Эрчим” багаас 5 оноо тасраад байлаа.

Харин туршлага дутсан уу? залуу тамирчид энэхүү амжилтандаа хэт хөөрөн алдаа гаргаснаар хашир туршлагатай “Эрчим” багт лигийн түрүүгээ эцсийн мөчид алдлаа. Гэхдээ “ФС Улаанбаатар” гуравдугаар байранд ч орох нөхцөл үүсээд байсан үед тэд сүүлийн тойрогт өөрсдийн учраа “Улаанбаатарын Мазаалайнууд” багийн ялан харин “Сэлэнгэпресс” хожигдсоноор О.Баяржаргал тэргүүтэй “ФС Улаанбаатар” мөнгөн медалийг хүртсэн.

Үндэсний дээд лигийн 9 дэх түрүүгээ хүртсэн “Эрчим” багийн хувьд улирлын дундаас залуу дасгалжуулагч З.Баттулгаар удирдуулан шийдвэрлэх чухал онооны тоглолтуудыг хийж байсан ч энэ 2 багийн тус бүрийн гурав дараалсан ялагдал тэдний цом авах замыг зассан том шалтгаан байсан юм. Хэрвээ гэсэн зүйл спортод байдаггүй. Гэхдээ “Сэлэнгэпресс”, “ФС Улаанбаатар” болон бусад багууд энэ жилийн лигийг сонирхолтой болгож, лигийн чимэг нь болж чадсан билээ. Ирэх жилийн өрсөлдөөн ч мөн сонирхолтой гал гарсан тоглолтуудаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж