Цагаан сар айсуй. Монголчууд эртнээс сар шинээ хир буртаггүй, элбэг дэлбэг угтвал ирэх оны өнгө нь сайхан байх болно хэмээн бэлгэшээдэг ард түмэн. Гэвч энэ уламжлал сүүл, сүүлдээ утгаа алдаж тавгийн идээ, шүүсээс эхлээд өмсч зүүх гоёл, бэлэг сэлт, унаа машин гээд өөр хоорондоо уралдаж, баярхсаар цагаан сарыг дэндүү нүсэр тэмдэглэдэг болсон. Үүндээ ч олонх нь түүртэж, эдийн засгийн хямралд орох нь бий.
Цагаан сар, наадмаар аль болох гоёлын дээл, гэрийн тавилга, төмөр хүлгээ жил бүр шинэчлэхэд ач холбогдол өгдөг хүмүүс олон. Тиймээс хүмүүсийн энэхүү эрэлтийг дагаад автомашины үнэ баярын өмнө эрс өсдөг байв. Харин энэ жил коронавирусын аюулаас урьдчилсан сэргийлж цагаан сарыг цомхон тэмдэглэхээр болсон нь автомашины борлуулалт, үнэ ханшид хэрхэн нөлөөлж байгааг “Да хүрээ”-гээс сурвалжиллаа.
Хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагддаж, ченжүүдийн халаас ид зузаардаг цаг. Гэтэл "Да хүрээ" захад энэ жил худалдан авалт буурсан нь илт. Өчигдрийн /2020.02.05/ байдлаар тус зах нам гүм, ченжүүд зүгээр суухаар гэгчээр машинаа зүлгэж зогсох.
Хаа нэг хүн ирж машиныг нь сонирхвол энд тэндээс “наашаа наашаа” хэмээн булаацалдах нь сонсогдоно. Ченжүүдийн хэлснээр долоо хоногт 2-3 машин зарагдах нь ёндоо болж хувирчээ. Өмнөх жилүүдэд 4-5 машин борлуулдаг байсан аж. Автомашины томоохон худалдааны төвөөс өнөөдөр албан бус тоогоор таван мянга гаруй иргэн амьжиргаагаа залгуулж байгаа юм.
ЦАГААН САРЫН ӨМНӨ МАШИНЫ ЭРЭЛТ НЭМЭГДДЭГ Ч ЭНЭ ЖИЛ ХУДАЛДАН АВАЛТ МУУ БАЙНА
Ченж Б.УРАНЦОГТ:
-Энэ жил худалдан авалт маш муу байна. Хамгийн борлуулалтай, эрэлттэй нь Toyota prius, Toyata Acua маркийн автомашинууд. Дунджаар 13-14 сая төгрөгийн үнэтэй. Иргэдийн дийлэнх нь лизингээр машин худалдан авч байна. Урьдчилгаа 20-30 хувь буюу машиныхаа төрөл, үнээс хамаарч 2-5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Бэлэн мөнгөөр худалдаа хийх нь ховор. Одоогоос дөрвөн жилийн өмнө лизинг гэсэн ойлголт байхгүй, иргэд бэлэн мөнгөөр машин худалдан авдаг байлаа. Машины борлуулалт сайн байсан. Долоо хоногт зургаан машин борлогддог байсан. Иргэдийн худалдан авалт жилээс жилд муудаж байна. Долоо хоногт хоёрхон машин зарж байна. Заримдаа үед сар болоход машин зарагдахгүй байх тохиолдол байна. Цагаан сар дөхөхөөр худалдан авалт сайн байсан бол энэ жил муудсан.
Ченж Б.АЗЖАРГАЛ:
-Иргэдийн худалдан авах чадвар буурсан. Энэ жил машин борлуулалт тааруу байгаа. Гэхдээ баярын өмнө эрэлт нь нэмэгдэж, борлуулалт ч сайжрах байх. Миний хувьд Toyota маркийн машинууд зарж байна. Хамгийн хямд нь Toyota corolla 10.5 сая. Toyota prius 30 маркийн автомашин 16.5 сая үнэтэй. Ер нь ам.долларын ханш чангарвал машины үнэ дагаад өснө. Гэхдээ машин худалдан авч буй иргэд урьдчилгаа төлбөрөө өгөөд банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан лизингээр авдаг болсон. Заримдаа урьдчилгаа хоёр сая төгрөгтэй, машин лизингдэх боломжгүй, цалингийн зээлтэй хүмүүс ч байна. Машинтай болох гээд чадахгүй тохиолдол ч гардаг. Тийм болохоор ихэвчлэн банк бус санхүүгийн байгууллагаар өндөр хүүтэй машины зээл авах нь бий. Одоо бэлэн мөнгөөр худалдан авдаг тохиолдол байхгүй.
Ченж С.ОДГЭРЭЛ:
-Цагаан сар дөхөхөөр машины эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Энэ жил машины борлуулалт буурсан, эрэлт алга. Баяр дөхсөн ч худалдан авалт сайжрах шинжгүй байна. Арилжааны банкууд хэрэглээний зээлийг хязгаарласан нь иргэдийн худалдан авалт буурахад нөлөөлсөн. Долоо хоногт 4-5 автомашин борлуулчихдаг байсан ч нэг, хоёрыг зарж байна. Хүмүүс ихэвчлэн 10-15 сая төгрөгийн үнэд багтсан, бензин бага иддэг, туулах чадвар сайн, эвдрэл бага машин сонирхдог. Иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан Toyota маркийн автомашинууд борлуулж байна гэлээ.
TOYOTA МАРКИЙН АВТОМАШИН 14-22 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ
Ам.долларын ханш чангарахын хэрээр гаалийн татвар нэмэгдэж, автомашины үнэ өссөн ч “Да хүрээ”-д худалдан авалт буурчээ. Тус газарт эзнээ хүлээсэн автомашинуудын дийлэнх нь монголчуудын хамгийн их сонирхон, худалдан авдаг “Toyota” маркийн машин эзэлдэг байна. Иргэдийн дунд хамгийн эрэлттэй байгаа "Тоyota" маркийн автомашины үнэ ханшийг сонирхуулъя.
АВТОМАШИНЫ ҮНЭ ӨСЧ, ХУДАЛДАН АВАЛТ БУУРСАН
“Да хүрээ” захын маркетингийн менежер Ч.ГАНЗОРИГ:
-Автомашины үнийн өсөлт валютын ханшаас хамаарна. Ам.доллар, юань чангарвал дагаад үнэ нь өснө. Автомашины үнэ үйлдвэрлэсэн он, төрлөөсөө хамаарч үнэ нь харилцан адилгүй байна. Сүүлийн үед иргэд шатахуун зарцуулалт бага эко автомашин их сонирхож худалдан авах болсон. Хамгийн их борлуулалттай нь Toyota prius маркийн автомашинууд. Хүмүүс худалдан авах чадвараасаа хамаарч аль болох хямд, бензин бага иддэг автомашин сонгож байна. Нийт борлуулагдаж буй автомашины дийлэнх хувийг лизингээр худалдан авах нь их. Цагаан сар, шинэ жил, улсын баяр наадам зэрэг аливаа баяр ёслолыг угтаж автомашины үнэ өсч, эрэлт нэмэгддэг. Энэ жилийн хувьд худалдан авагчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан. Урд хөршид дэгдсэн коронавирустэй холбогдуулан иргэд гадуур иргэдийн хөл хөдөлгөөн татарсан. Мөн онлайнаар автомашинаа худалдан авдаг болсон байна. Дээр нь автомашины үнийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Ерөнхийдөө иргэдийн худалдан авах чадвар муудсан гэж харж байгаа гэлээ.
“Да хүрээ” зах дээр автомашин худалдан авахаар сонирхож буй хүмүүс цөөхөн. Гэхдээ машины үнэ ханш судалж яваа зарим иргэдийн хувьд цагаан сараас өмнө хөл дүүжлэх унаатай болохоор зэхжээ.
МАШИНЫ ҮНЭ ӨСЧ, ТООЦООЛСНООС ИЛҮҮ ӨНДӨР ҮНЭТЭЙ БАЙНА
Иргэн Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Цагаан сараас өмнө хүүдээ машин авч өгөхөөр үнэ ханшийг сонирхож явна. Машин үнэтэй байна. Уг нь 14-15 сая төгрөгт багтааж Toyota Prius 30 маркийн автомашин авах бодол байна. Зарим нь тооцоолсноос илүү үнэтэй юм. Дээр нь аль болох хүчтэй мотортой, эдэлгээ сайтай машин байвал хөдөө орон нутагт ч эвдрэл гарах нь бага.
Иргэн Д.УЛАМБАЯР:
-Одоогоор машин боломжийн үнэтэй байна. Цагаан сараас өмнө найз маань машин авах гэж байгаа юм. Хамтдаа машины үнэ сонирхож явна. Мэдээж шатахуун зарцуулалт багатай, туулах чадвар сайтай машин л сонирхож байна. Таалагдсан машинаа лизингээр л авна гэлээ.
Өнөөдөр манай улсын автомашины зах зээл дээр "Приус 20", "Приус 30" загварууд хамгийн эрэлттэй байгаа нь “Да хүрээ” захаас харагдаж байна. Үнэ ханшийн тухайд гааль дээр буусан, иргэдийн гар дээр, зар дээр, "Дахүрээ" зах, автомашины ченжүүдийн гар дээрээс гээд харилцан адилгүй. Тухайлбал, "Приус20" маркийн автомашин үйлдвэрлэсэн он, өнгө, тоноглолоосоо шалтгаалан гааль дээр 13-16 сая төгрөг бол "Дахүрээ" зах дээр 14-20 сая төгрөгийн үнэтэй байна. Харин "Приус 30" маркийн автомашины гааль дээр буусан үнэ 15,5-18 сая төгрөг бол "Дахүрээ"-д 16.5-22 сая төгрөгийн үнэтэй. "Приус-40, 41" загварын тухайд "Да хүрээ" зах дээр 19-22 сая төгрөгөөр борлуулж байна.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БАТМӨНХ
Холбоотой мэдээ